Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлж, хүүхдүүд минь албандаа мордох нь. Олонх эцэг эхэд энэ нь баяр байж хараахан чадахгүй. Яагаад гэвэл, багачуудыг албанд нь зөөх амаргүй “тулаан” биднийг хүлээж байна. Цэцэрлэгээс эхэлье. Тэр тэнгэрийн газарт нь хүүхдээ “шургуулна” гэдэг үнэндээ амаргүй “дайн”. Хонон, өнжин дугаарлаж байж албатай болголоо гэж бодъё. Дараа нь бүүр хэцүү тулаан эхэлнэ. Өглөөд хоцроолгүй хүлээлгэн өгөөд, багшийнх нь оройн амралтын цагаас хумслахгүйгээр эрт авах шаардлагатай бид тулна.
Улсын цэцэрлэгүүд 08.00- 08.30 цаг хүртэл “дайсны цэргүүдийг” хүлээж авдаг. Цагаасаа ганц хором хоцорвол хамрын тань үзүүрийг хавчих шахан хаалгаа цоожилчихно. Ингээд албанаасаа хоцорсон цэргээ харуулахаар хамаг ах дүү, танил руугаа утас цохино. Хоцорч очсон хүний буруу л даа, уг нь. Гэхдээ манай хотын замын түгжрэл дээд цэгтээ хүрдэг цагт яалтай билээ. Түүнээс эрт очихоор цэцэрлэг онгойдоггүй.
За, тарах цаг бүр хэцүү. Ажил хамгийн эртдээ 17.00 цагт тарна. Хувийн байгууллагынхны хувьд цаг наргүй. Арай гэж ажлаасаа өндийгөөд түгжирч явсаар хүүхдээ авах эцсийн хугацаа буюу 17.30-д очно. Ихэнхдээ амжихгүй. Тэгээд торгууль төлөх болно. Хар гүйхээрээ яваад ороход хөөрхий муу хүүгийн минь хамаг хувцсыг өмсүүлээд, цүнхийг нь үүрүүлээд, хонгилд суулгачихсан байна шүү дээ.
Хөлс нь бурзайчихсан “Намайг ирж авахгүй юм байх даа” гэсэн түгшүүртэй харцаар хаалга ширтэн суугаа хүүхдээ хараад багш нарт уур ч хүрэх шиг. Тэртээ, тэргүй бидний амьдрал иймээс хойш оройтож тардаг эцэг эхтэй хүүхдүүдийг тарсных нь дараа нийлүүлээд, нэг ангид суулгаад, хэсэгхэн хугацаанд хараад өгчихдөг, хувийн цэцэрлэгээс арай бага төлбөртэй анги нээчихвэл цэцэрлэг ч овоо хөрөнгө босгочихмоор санагддаг юм.
Тэгвэл “Тоос сорогч аваад өг”, “Нэг ангийн шаланд хивс дэвсээд өг” гэх мэтээр авлига авдаг явдал ч багасах бус уу. Үгүй дээ л, хоол хүнс хангалттай бэлтгэх мөнгөтэй болно. Эсвэл илүү цагаар ажиллаад ахиухан цалин авах сонирхолтой багшид өгчихөж ч болно шүү дээ. Сургуулийн бага ангийн хүүхдүүдийн аав, ээжүүд ч үүнээс дутахгүй зовлонтой.
Өглөөд цэцэрлэгийн хүүхэд шиг хувцсыг нь сольж өгдөггүй, сургууль нь хаалгаа дотроосоо түгждэггүй тул хоцроогоод ч хамаагүй өгчихнө л дөө. Харин тарах цаг нь үдийн цайны завсарлагаас нэг цагийн өмнө байдаг нь бүр нэг хоржоонтой. Цайны цаг болтол бүтэн цаг сургуулийнх нь хонгилд хүүхдээ суулгах уу, ажлаа хаяад гарах уу гэдгээ шийдэх хэрэгтэй болно. Яах вэ, тэгээд амьд хүн юм байна, энэ хоёр сонголтыг ээлжилж хийгээд болгоод байна л даа.
Өөр нэг “зэвүүн” зүйл нь юү гээч. Өдрийн ээлжинд хичээллэдэг хүүхдийн эхний хичээлийн хонх үдийн цайны цагаас нэг цагийн дараа дуугарч байгаа юм. Ажлаа цалгардуулахгүй, хүүхдээ хүлээлгэж зовоохгүй, бас өрөнд орчих- гүйн төлөөх тулаан удахгүй эхэллээ. Цэцэрлэг, сургуулийн цуглах, тарах цагийг ажлынхтайгаа уялдуулаад өгчихвөл ч хоёргүй сэтгэлээр зүтгэмээр байх юм.