... Миний тооцоогоор ам.долларын ханш энэ оны эцэс гэхэд 2400 орчим төгрөгт хэлбэлзэх болов уу. Ханш нэг жилд 25 хувиас илүү чангарвал нийгмийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй. Тиймээс Засгийн газар, Монголбанкч ам.долларын ханшийг 2500 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхад анхаарах байх. Мөн Монголбанкны валютын нөөц багассан ...
Хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа.
-Та саяхан ханшийн төсөөлөл гаргасан гэсэн. Энэ ондам.доллар хэд орчим төгрөгт хэлбэлзэх бол?
-Ханш бол урьдчилан таамаглахад маш хэцүү санхүүгийн актив юм. Валютын ханш өсөж байгааг Төвбанк зохиомол эрэлтээс үүдэлтэй гэж тайлбарлаж байна. Би 2008 оноос өнөөг хүртэлх ханшийн хөдөлгөөнийг судалж, дүгнэлт хийсэн. Өнгөрсөн нийгмийн үед ам.долларын ханшийг монгол төгрөгтэй уяж, тогтоодог байсан. Тиймээс зах зээл тодорхойлдог үзүүлэлт байгаагүй юм. Ингээд 1990 оноос чөлөөт ханшийн дэглэмд шилжсэн. Гэхдээ манай улс 2008 оноос олон улсын зах зээлд жинхэнэ утгаараа оролцож эхэлсэн гэж би боддог. Тэр үеэс хойш өдийг хүртэлх ханшийн хөдөлгөөнийг харахад төгрөг 2010 онд л чангарч, 2012 онд тогтвортой байсан. Үүнээс бусад үед суларч иржээ.
Ам.долларын ханш эдийн засгийн өсөлт, түүхий эдийн үнэ, гадаадын шууд хөрөнгө оруулалт, төлбөрийн тэнцэл, гадаад валютын нөөц, олон нийтийн өр, төсвийн алдагдал гэх мэт олон үзүүлэлтээс хамаардаг. 2010 онд төгрөгийн ханш чангарсан шалтгаан нь эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайн байсантай холбоотой. Одоо бол дийлэнх үзүүлэлт сөрөг утга илэрхийлж байгаа. Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газар өмнө нь олон нийтэд ил байгаагүй эдийн засгийн олон тоон үзүүлэлтийг ил болголоо. Үүнээс болж зах зээлд тодорхой бус байдал бий болсон. Гэхдээ нөгөө талаас далд байсан олон тоо ил болж, эдийн засгийн бүх үзүүлэлт таагүй байгаа нь харагдлаа. Тиймээс ам.долларын ханш цаашид чангарах нь тодорхой. Гэхдээ хэрхэн өсөх вэ гэдэг нь л сонин байна.
-Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалахын тулд бодлогын хүүг 4.5 нэгжээр огцом өсгөх шийдвэр гаргалаа. Энэ нь эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
-Энэ бол зөв алхам. Олон хүн үүнийг бизнесийг хумьж байна гэж шүүмжилж байгаа. Бодлогын хүүг өсгөснөөр нэг талаас эдийн засаг дахь мөнгөний хэмжээ хумигдана. Нөгөө талаас, эдийн засаг хямарч байхад мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Учир нь хямралын үед зээлийг хумих нь чухал. Миний тооцоогоор ам.долларын ханш энэ оны эцэс гэхэд 2400 орчим төгрөгт хэлбэлзэх болов уу.
Ханш нэг жилд 25 хувиас илүү чангарвал нийгмийн тогтвортой байдалд сөрөг нөлөөтэй. Тиймээс Засгийн газар, Монголбанкч ам.долларын ханшийг 2500 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхад анхаарах байх. Мөн Монголбанкны валютын нөөц багассан. Одоогоор Хятадын Төвбанктай хийсэн юань төгрөгийн своп хэлцэл л аминд орж байна. Миний тооцоогоор уг хэлцлийн дүнгээс 600 орчим сая ам.доллар үлдэж байгаа болов уу. Цаашид ам.долларын ханшийг тогтворжуулах гээд үлдсэн нөөцөө барчихаж болохгүй.
Үүнээс гадна Засгийн газрын боловсруулсан төсвийн төсөлд энэ оны ам.долларын дундаж ханшийг 2105 төгрөгтэй тэнцэнэ гэж тусгасан байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар ханш суларна гэж төсөөлж буй юм байна. Энэ нь эдийн засгийн ямар үндэслэлтэй вэ гэдгийг мэдэхгүй. Зах зээлд хүлээлт маш чухал нөлөөтэй. Гэхдээ энэ жилийн хувьд эерэг зүйл бараг л харагдахгүй байна. Иймд би эдийн засаг энэ онд агшина гэсэн төсөөлөлтэй байгаа. Азийн хөгжлийн банк энэ онд манай эдийн засгийг 0.1 хувиар өснө гэж төсөөлж байсан. Мөн эдийн засгийн өсөлт дээрх төсөөллөөс нэг хувиар доогуур байх эрсдэлтэйг ч дурдаж байв. Үүнээс гадна тооцоолоогүй олон эрсдэл бий.
Тухайлбал, төсвийн алдагдал өсчихлөө. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт одоо хүртэл эхлээгүй л байна. Оны эхний хагас жилийн байдлаар эдийн засаг хоёр орчим хувиар өссөн. Гэхдээ УИХ-ын сонгуулийг угтан хэрэгжүүлсэн сайн хөтөлбөрүүдийн нөлөөгөөр эерэг утгатай гарсан юм. Хэрвээ энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээгүй байсан бол эдийн засаг өсөхгүй байх байлаа. Одоо сайн хөтөлбөрийн нөлөө арилсан тул эдийн засаг гуравдугаар улиралд агшина гэж төсөөлж байгаа.
-Төвбанк бодлогын хүүг өсгөснөөр валютын ханш тогтворжих хандлагатай боллоо. Энэ нь цаашид удаан хугацаанд үргэлжлэх болов уу?
-Ханш тогтворжиж байна. Бодлогын хүүг өсгөсөн нь зах зээлд том дохио өглөө. Ингэснээр төгрөгийн бодит өгөөж өсөж буй юм. 2012 онд инфляц 13 хувьтай байсан. Ийм өндөр инфляцтай үед хадгаламжийн өгөөж 2-3 хувь л байна. Одоо бол 0.9 хувь болж буурсан. Бодлогын хүү 15 хувь болно гэдэг нь арилжааны банкны хадгаламжийн хүү жилийн 17-18 хувьд хүрнэ гэсэн үг. Зарим жижиг банк зээлийн хүүгээ бүр ч өндөр тогтоох байх. Үүнийг дагаад зах зээлд төгрөгөөр өгөөж амлаж буй хөрөнгө оруулалтын төслүүд улам өндөр хүүтэй болно. Энэ нь мөнгөтэй хүмүүст ашиг олон боломж гарч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хуримтлалтай хүмүүст хөрөнгө оруулалт хийхэд таатай нөхцөл бүрдэж буй юм.
-Зарим эдийн засагч валютын ханшид хэт их ач холбогдол өгөөд эдийн засгийн өсөлтөө хайхрахгүй байна гэх юм. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Манай иргэд, Засгийн газар, Төвбанк валютын ханшид их ач холбогдол өгч байна. Уг нь гадаадын орнуудад тогтмол зорчдоггүй хүмүүст ам.долларын ханшийн өөрчлөлт нэг их чухал биш. Гэхдээ ам.доллар чангарахаар юань дагаад өсдөг нь алдагдал хүлээхэд хүргэж байна. Манай улс хэрэглээнийхээ дийлэнхийг БНХАУ-аас импортолдог. Импортын бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхээр инфляц өснө. Энэ нь иргэдийн амьжиргааг доройтуулна. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг хангаж байх нь маш чухал юм.
-Одоо “Стэнд бай” хөтөлбөр л цор ганц гарц болж байна уу?
-Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж маш их хугацаа алдаж байна. Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн зарласан. Ингэж цаг алдах шаардлага алга. Манайд төсвийн хямрал үргэлжилж байна. Энэ жилийн төсөв дөрвөн их наяд төгрөгийн алдагдалтай болсон. Энэ том цоорхойг яаж нөхөх юм бэ. Алдагдал бол өр л гэсэн үг шүү дээ. Манай улс 25 тэрбум ам.долларын өртэй. Үүн дээр дөрвөн их наяд төгрөгийн өр нэмэгдсэн. Тиймээс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь гарцаагүй болсон. Өөр гарц алга. Олон улсын валютын сантай нэг тэрбум ам.долларын хэлцэл хийлээ гэхэд зөвхөн төсвийн цоорхойг нөхөхөд дахиад тэрбум ам.доллар хэрэгтэй болно. Энэ мөнгийг хаанаас олох юм бэ. Ямар үнээр зээлэх вэ. Тэгэхээр энэ хөтөлбөрт ойрын хугацаанд хамрагдах хэрэгтэй.
Олон улсын валютын сан 200 гаруй гишүүн оронтой. Эдийн засаг нь хүндэрсэн гишүүн улс оронд дэмжлэг үзүүлдэг. Ингэхдээ хийх бүх ажлыг нь зааж, чиглүүлнэ гэсэн үг биш. Тухайн улс “Стэнд бай” хөтөлбөрийг ийм нөхцөлөөр хэрэгжүүлье, ийм хэмжээний мөнгө шаардлагатай гэдгээ тодорхойлж, хүсэлт гаргадаг юм. Манай улс өмнө нь “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгийн хүндрэлээс гарч байсан. Тухайн үед манай ДНБ-ий хэмжээ одоогийнхоос 2.5 дахин бага байсан. Өр зээлийн хэмжээ ч бага байлаа. Олон улсын валютын сангаас 230 сая ам.доллар зээлээд, асуудлаа шийдвэрлэсэн. Одоо бол манай ДНБ, улсын төсөв, өрийн хэмжээг тухайн үеийнхтэй харьцуулах аргагүй болсон.
-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсан ч эдийн засгийн хүндрэлээс гарахад шаардлагатай хөрөнгө босгож чадахгүй юм бол өөр ямар боломж байна вэ?
-Эхний ээлжинд Олон улсын валютын сантай хэлцэл хий. Мөн “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг яаралтай эхлэх хэрэгтэй. Ер нь татвар бий болгож, төсвийн ачааг хөнгөлөх ямар арга байна бүгдийг нь хэрэгжүүлмээр байна. Татварын орлогын дийлэнхийг уул уурхайн компаниуд бүрдүүлдэг. Тиймээс уул уурхайн төслүүдээ хөдөлгө. Мөн Монгол Улсыг нэг өрх гэж үзвэл бид гэрийн бүх эд хогшлоо ломбарданд барьцаалчихсан. Энэ оны эхээр 11 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бонд босгосон нь маш хариуцлагагүй зүйл болсон.
Монголд 500 сая ам.долларын хөрөнгөтэй ломбард байсан бол Засгийн газар аль хэдийнэ нэг ордоо барьцаалчихсан. Ингэж болохгүй. Сахилга баттай байх ёстой. УИХ, Засгийн газрын хэрэгжүүлсэн буруу бодлогын үр дүнд гадаадын хөрөнгө оруулалт бараг тэгтэй тэнцүү болчихлоо. Гадаад валютын орох урсгал татарсан учир эрх баригчид өрөө нэмэх, төсвийн зарлагаа тэлэх, мөнгө хэвлэх арга хэмжээ авсан. Үүний үр дүнд эдийн засаг хүндэрлээ. Одоо цаашид төсөв, мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлэх боломжгүй. Цаашид төсвөө хэрхэн эрүүлжүүлэх вэ, өрөө яаж дарах вэ гэдгээ л шийдвэрлэх хэрэгтэй.