Хүндэт эцэг, эхчүүд минь ээ
Таны хүүхдийн хичээл удахгүй эхэлж, мөн хэсэг хугацааны дараа шалгалт ч өгнө. Та хүүхдээ шалгалтаа сайн өгч, онц сурлагатнуудын нэг байгаасай гэж хүсэж байгааг тань бид мэдэж байна. Гэхдээ, шалгалт өгч буй сурагчдын дунд математик ойлгодоггүй, ирээдүйн алдартай уран бүтээлч сууж байгаа. Мөн түүх болон уран зохиолын хичээлийг төдийлөн тоодоггүй, ирээдүйн бизнесмэн тэнд байж л таарна. Бас химийн томъёог огтхон ч хамаагүй гэж боддог нэрт хөгжимчин ч бий. Физикийн хичээлээс илүү биеийн хөгжлийг чухалд тооцдог ирээдүйн нэрт тамирчин ч байхыг үгүйсгэхгүй.
Хэрэв таны хүүхдэд онцгойрох шинж тэмдэг байгаа бол сайн хэрэг. Харин байхгүй бол тэдний өөртөө итгэх итгэл, өөдрөг үзлийг нь бүү үгүй хийгээрэй. “Зүгээр дээ, энэ чинь энгийн л нэг шалгалт шүү дээ. Амьдралд үүнээс ч том сорилт гарч ирнэ гэж түүнд хэлээрэй. “Ямар ч дүн авсан бай, бид чамд хайртай. Тиймээс би чамайг хэзээ ч буруутгахгүй” гэж тэднийг тайтгаруулаарай. Ингэж чадвал хүүхдүүд та бүхний тусламжтайгаар бэрхшээлийг даван туулах болно. Энгийн нэг шалгалт, бага оноо, муу дүн түүний мөрөөдөл, авьяас чадварыг үгүй хийхгүйг ойлгоно. Эцэст нь сануулахад, дэлхий дээр зөвхөн эмч, инженерүүдийг л аз жаргалтай хүмүүс гэж бүү бодоорой.
Хүндэтгэсэн,
Сургуулийн захиргаа
Ийм урам хайрлаж, ухаарал бэлэглэсэн захидлыг Сингапурын нэгэн сургуулийн захиргаанаас эцэг, эхчүүдэд илгээжээ. Олон нийтийн сүлжээгээр хурдан тархаж байгаа энэ захидал эцэг эхчүүдэд ихийг ухааруулах биз ээ.
“Би, чи, та” энэ удаа таны хүүхдүүд болон та өөрөө сургуульд бэлэн эсэхийг тодруулж, бэрхшээл саадыг давах бяцхан зөвлөмж хүргэхийг зорилоо. Бидэнтэй “Сэтгэлийн толь” төвийн сэтгэлзүйч Х.Хандсүрэн хамтран ажиллалаа.
АЙДСЫГ НЬ ҮРГЭЭ
Өнөөдөр есдүгээр сарын 1-ний өдөр. Алдрай бяцхан үрсээ эрдмийн аянд мордуулж, дүрэмт хувцас, дэгжин цүнхээр гоёод алхаж яваа эцэг эх олон байгаа. Гэхдээ сургуулийн босгоор анх алхан орж буй үрсдээ сэтгэл зовниж, болдог бол багш руу нь утсаар залгамаар санагдаж байж ч мэдэх юм. Тэгвэл түр азнаарай. Хичээл нь тарсны дараа, оройн хоолны үеэр хүү эсвэл охинтойгоо өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухай нь чин сэтгэлээсээ, цаг гарган ярилцаарай. Тэр энэ өдрийг уйлж, гайхаж, айж өнгөрүүлсэн ч байж мэднэ.
Хичээлийн анхны өдөр нь таагүй дурсамж үлдээсэн бол үүнд бидний ч буруу бий. Хүүхдүүдээ сургуулийн орчинд дасан зохицоход бэлдэж чадаагүйгээс гадна, хаана аваачиж, хэдэн цагаар, ямар зорилготой үлдээж буйгаа бүрэн ойлгуулаагүй байна гэсэн үг. Гэхдээ хүү эсвэл охин тань маргааш дахиад л хичээлдээ явах ёстой. Түүнийг ятгаж, зөв чиглүүлэх нь таны үүрэг. Тиймээс зургаан нас хүрсэн хүүхдүүд юу хийх ёстой болдог, яагаад бүх хүүхэд суралцдаг, багш нар юуны тулд дэг журамтай байлгахыг хүсдэг болохыг хэлж, өөрийнхөө жишээгээр анги хамт олон, нөхөрлөл, эрдэм номын ач тусыг ойлгуулахыг хичээгээрэй.
Дашрамд нь, хэрэв танд дараа дараагийн жил сургуульд орох таваас доош насны хүүхэд байгаа бол тэднийг эртнээс эрдмийн аянд бэлдэж, сургууль гэж юу болохыг тайлбарлаж байх хэрэгтэй.
ТОХИРОХ НАСАНД НЬ СУРГУУЛЬД ОРУУЛААРАЙ
Таны хүүхэд үеийнхнээсээ илүү сэргэлэн цовоо, аливааг хүлээн авах чадвар сайтай байж болно. Тэглээ гээд түүнийг наснаас нь өмнө сургуульд оруулах гэж бүү яараарай. Бидний үеийнхэн дунд таван настайдаа сургуульд элссэн хүүхэд байдаг л байсан. Эхэндээ тэд онц сурдаг ч яваандаа хичээлээс залхах хандлага ажиглагддаг. Үүнийг сэтгэлзүйч Х.Хандсүрэн ч нотолсон юм. “Насаар бага хүүхдүүд сургуульд ороод эхний жилүүдэд сайн байлаа ч хичээл хүндэрч эхлэхэд сурлагаар хоцордог. Энэ нь хүүхдийг цаашид суралцахад саад учруулж, шантрахад хүргэдэг” хэмээн тайлбарлалаа. Тухайн хүүхэд оюун ухаанаараа сургуульд сурахад бэлэн болсон ч бие махбодь, нийгэмших чадвар нь боловсорч амжаагүй ч байж болох юм.
Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлог, давуу болон сул талтай байдаг. Түүнчлэн сургуульд орохоос нь өмнө хүүхдийнхээ төлөвшлийг мэргэжилтэнд шалгуулж, сурахад бэлэн байгаа эсэхээс хамаарч шийдвэрээ гаргаж болох юм. Хэл яриа, өөрийгөө илэрхийлэх чадвар, анхаарал, хурд, гарын эв дүй, булчингийн хөгжил зэрэг наад захын шалгууруудыг хангаж байж л сургуульд орох ёстой аж.
БИЕ ДААХ БОЛОМЖИЙГ НЬ БҮРДҮҮЛ
Хүүхдийн бие даах чадвар нь тэдний нас насны онцлогт тохирсон үүрэг хариуцлага хүлээх байдлаас эхэлнэ. Хоолоо идээд аягаа хураах, тоглоомоо цэгцтэй тавих, хувцсаа эвхэх, хувцаслах зэрэг ерөнхий үүрэг даалгавруудыг биелүүлж сурсан байх нь зөв. Хийх, биелүүлэх ёстой үүрэг даалгавар нь тэдний насанд тохирсон байх нь чухал. Хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлэх бүрт нь хүүхдээ урамшуулахаа мартуузай.
ЭХЛЭЭД ӨӨРИЙГӨӨ ХҮМҮҮЖҮҮЛ
3-7 насныхан сахилгагүй, үймүүлэх дуртай, эцэг эхийнхээ үгийг сонсохгүй, дураараа зантай бол энэ дутагдлын шалтгааныг хүүхдээсээ бус өөрөөсөө хайж үзээрэй. Хүүхдийн хүмүүжил эцэг, эхийн хүмүүжлээс л эхэлдэг. Та хүүхдийнхээ дэргэд бусдад худал хэлж, хэн нэгнийг үл ойшоохоос гадна хүүхдээ үл тоомсорлож сонсдоггүй бол хүүхэд тань аажим аажмаар буруу алхмууд хийх болно. Тиймээс таны тусгал нь болсон үрсээ хүмүүжүүлэхийг хүсэж байгаа бол энгийн алхмууд хийж, зөв зарчмуудыг хэвшүүлээрэй. Тэднийг сонсож, нээлттэй ярилцаж, сэтгэл санаа нь ямархуу байгааг асуугаарай.
Хүүхдийн нас насны онцлогийн талаар уншиж, судалж, өөрөө зөв үлгэрлээрэй. Хүүхдийнхээ дэргэд хүнтэй хэрэлдэхгүй, түүнийг алдаа гаргахад хүлээцтэй хандаж зөв, бурууг яаж тайлбарлах талаар аав, ээжүүд хоорондоо ярилцаж, хүүхдүүддээ итгэл үнэмшил төрүүлэх хүмүүжлийн аргыг олоорой. Ялангуяа бага насны хүүхэдтэй ээжүүдийн сэтгэлийн хямрал нь тэдэнд хүчтэй нөлөө үзүүлдгийг мартаж болохгүй. Ээж нь өөртөө итгэлгүй бол хүүхэд нь зориггүй, дүнсгэр байдаг. Хүүхдийн дэргэд аав, ээжийнх нь сул талыг дөвийлгөн, муу зуршлуудын талаар ярих нь хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлдэг.
Мөн хүмүүсийн нийтлэг гаргадаг нэг алдаа бол “Миний хүү аав шигээ түргэн ууртай”, “Манай охин ээжийгээ дуурайсан яриа” гэх мэтээр хүүхдийн гаргаж буй зан үйлийг заавал бусдад хамаатуулдаг. Гэтэл хүүхэд бүр давтагдашгүй хувь хүн шүү дээ. Буруу дадал зуршлууд генээр дамждаггүй харин харилцаанаас халдварладаг гэдгийг мартуузай.
Хэрэв та гэр бүлийн харилцаа, хайр дурлал болон хүүхдийн хүмүүжлийн талаар сониноор дамжуулан мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авахыг хүсвэл today@ mongolnews.mn хаягаар “Би, чи, та”-д хаяглан захидал бичээрэй.