Болдогсон бол төр, хувийн хэвшил гэлтгүй бүх байгууллагын дэргэд цэцэрлэг байгуулчих юмсан. Үлгэр шиг сонсогдож байгаа л даа. Гэхдээ ядаж 100- гаас дээш ажилтантай байгууллага бүр хажуудаа цэцэрлэгтэй болчихвол тухайн газрын санхүү сайжирч, лав амжилт гаргана аа. Хүүхдэдээ санаа зовохгүй, цэцэрлэгээс нь хэнээр авахуулах вэ гэж шаналахгүй байвал тухайн ажилтны бүтээмж нь ч эрс дээшлэх биш үү. Албан газруудыг цэцэрлэгтэй болтол ажлынх нь хаягаар хүүхдүүдийг цэцэрлэгт бүртгэдэг болчихвол бүүр ч гоё.
Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга уг нь ажилчдынх нь хүүхдүүдэд зориулж, төрийн байгууллагуудад цэцэрлэг байгуулах санаачилга гаргаад буй. Энэ дагуу эхний ээлжинд гурван яам өөр өөрсдийн байраа зайчилж, цэцэрлэг байгуулахаар болсон. Гэвч ганц нь л есдүгээр сарын 1-нд хүүхдээ хүлээн авахад бэлэн болжээ.
Өнгөрсөн мягмар гаригт Гадаад харилцааны яамаар орж, цэцэрлэгийг нь сурвалжиллаа. Биднийг очиход засвар, үйлчилгээ нь дууссан, цэвэрлэгээ хийж байв. Тус яамны цэцэрлэг цаашид Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн харьяа гэсэн статустайгаар үйл ажиллагаа явуулах юм байна. 75 хүүхдийн ортой энэ цэцэрлэгт ажиллах тогооч, багш, ажилчдыг ч гэсэн 16 дугаар цэцэрлэгээс хангах аж.
Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын зөвлөх Л.Базарсад “Манай цэцэрлэг гурван бүлэгтэй. Анги бүр 25 хүүхэдтэй байна. Бид АСЕМ-ын ажлын алба, Дипломат активын газар байрлаж байсан өрөө тасалгаануудаа цэцэрлэгийн зориулалтаар засаж, тохижуулаад дуусаж байна. Ширээ, сандал, тоглоом, ор, дэвсгэр гээд бүгдийг нь шинээр авсан. Ойролцоогоор 80 гаруй сая төгрөгийн зардал гарч байгаа. Засгийн газраас 70 сая төгрөг баталж өгсөн ч мөнгөө бүрэн өгөөгүй л байна. Гэхдээ ажилчдынхаа хандив, тусламжаар болж байгаа.
Сайд, дэд сайд сарын цалингаа, газрын дарга нар 200- 300 мянган төгрөг, гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнууд нэг өдрийнхөө цалинг хандивласан. Нийт 10 гаруй сая төгрөг цугласан шүү. Одоо анги танхимуудаа цэвэрлэх л үлдсэн. Үүнд яамныхаа бүх ажилчныг дайчилна. Манайх 16 дугаар цэцэрлэгийн харьяа болж буй учраас хүүхдүүдийн хоолны мөнгө, багш, ажилчдын цалин гээд урсгал зардлыг тэднийх хариуцах юм. Манайх зөвхөн байр объектыг нь л гаргаж өгч байгаа гэсэн үг. Мэдээж яамны ажилчдын хүүхдүүд, ач, зээ нар нь энэ цэцэрлэгт хүмүүжнэ. Сая хүүхдүүдээ бүртгэхэд орны тооноос давчихсан. Эцэг, эхтэйгээ хамт амьдардаг нь 60 орчим, эмээ, өвөөгийнхөө асрамжинд байдаг 20 гаруй хүүхэд байна. Болохгүй бол заримыг нь хасахаас өөр аргагүй” гэж ярив.
Уг нь эдний нэг анги дунджаар 50 ам метрээс дээш талбайтай, улсын цэцэрлэгийн өрөө тасалгааг бодвол хамаагүй сэлүүхэн юм билээ. Сургалтын танхимаас гадна сул анги хэд байгаа учир нэг бүлэг нэмчих бүрэн боломжтой аж. Гэвч 16 дугаар цэцэрлэгт гурван бүлэг нэмж ажиллуулах зөвшөөрөл, төсөв баталж өгсөн учраас одоохондоо 75 хүүхдээс хэтрүүлэхгүй байхаар болжээ.
Тавилга, хувцасны шүүгээ, тоглоомын тавиур зэргийг үндэсний компаниудаар хийлгэсэн бол ор, ширээ, сандлаа БНХАУ-ын Эрээн хот дахь Консулын газраараа дамжуулан, захиалж авчруулсан гэнэ. Ариун цэврийн өрөө нь тусдаа, угаалтуур, хувцасны шүүгээ гээд бүхий л зүйл нь сүүлийн үеийнх, стандартын шаардлага хангасан аж.
ЗГХЭГ-ын даргын шийдвэрээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гадаад харилцааны болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам дэргэдээ цэцэрлэг байгуулчихвал нийт 230 хүүхэд албатай болох байв. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд очтол “Цэцэрлэг байгуулахаар судалж байна” гэсэн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан “Манайх Газрын тосны газрынхаа лабораторийг цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар шийдсэн. Гэхдээ одоохондоо аман шийдвэр төдий л байна. Засвар, үйлчилгээ хийсэн юм байхгүй. Хэзээнээс ажлаа эхлүүлэх нь ч тодорхойгүй байна” гэлээ. Тэгэхээр Гадаад харилцааны яамнаас бусад нь цэцэрлэгтэй болох гэж төдийлөн яарахгүй байгаа бололтой.
Дашрамд өгүүлэхэд, Барилгын компаниудыг 2017 оны нэгдүгээр сараас ашиглалтад өгөх орон сууцны болон албан газрын зориулалттай объектуудынхаа 1-2 дугаар давхарт заавал хүүхдийн цэцэрлэг байгуулах талбай гаргахыг үүрэгдсэн. Энэ чухал санал, санаачилгыг мөрдөж ажиллах л үлдлээ.