Олон улсын үнэлгээний “Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B2-оос B3 болгон бууруулснаа өнгөрсөн баасан гаригт мэдээллээ. Уг зэрэглэл нь хөрөнгө оруулалтын бус, эрсдэлтэй гэсэн ангилалд багтаж буйг илтгэж байгаа юм. Дээрх шийдвэрийг гаргахад манай улсын санхүүгийн нөхцөл хүндэрч, гадаад валютын нөөц багассан, төсвийн алдагдал өндөр, Засгийн газарт эрсдэл үүсээд буй зэрэг нь нөлөөлсөн аж. Тус агентлаг мэдэгдэлдээ бодлогын хүү өндөр байгаа нь дахин санхүүжилтийн өртгийг нэмэгдүүлэхийг бичжээ.
“Moody’s”-ийн тооцоолж буйгаар манай улсын Засгийн газрын өр ирэх онд ДНБ-ий 71 хувьтай тэнцэхүйц болж нэмэгдэхээр байгаа гэнэ. Өнгөрсөн онд дээрх тоо 63 хувь байжээ. Тус агентлагийнхан Монгол Улсын эдийн засгийг энэ онд 1.5 хувиар өснө гэж тооцсон нь дээрх тоог 2.8 хувь байна хэмээн өмнө нь таамагласнаас буурсан үзүүлэлт болж буй.
Тэгвэл 2017-2018 онд “Оюутолгой” төсөл эдийн засагт дэм болж, өсөлт 3.5-5 хувьд хүрнэ хэмээн тооцсон байна. Дашрамд дурдахад, өнгөрсөн 19-нд олон улсын үнэлгээний “Standard & Poor’s”, “Fitch” агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B-болгон бууруулсан билээ.