1921 оны наймдугаар сарын 8-ны өдөр Д.Сүхбаатар тэргүүтэй таван залуу Монголд залуучуудын холбоо байгуулахаар зөвлөлджээ. Гадаадын улс орнуудад залуучуудын ямар ямар байгууллага байдаг, хэрхэн үйл ажиллагаа явуулдаг гээд чамгүй судалсны эцэст 16 өдрийн дараа уулзахаар болжээ. Ингэхдээ хүн бүр 2-3 гишүүн элсүүлсэн байх даалгавар аваад салав.
Залуус наймдугаар сарын 24-нд товлосон газраа, тогтсон цагтаа цугласан ч хүчтэй аадар борооноос болоод тарцгаажээ. Ингээд маргааш нь буюу 25-нд Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Х.Чойбалсан, Д.Сүхбаатар нарын 20 гаруй залуус хуралдаж, Бошгыг халах залуучуудын эвлэл байгуулсан нь Монголд залуучуудын байгууллага үүсэж, хөгжих эхлэл байлаа.
95 жилийн өмнөх эл түүхэн явдлыг өгүүлэх гэрэл зурагтай УДЭТ-ын үзвэрийн танхимд танилцав. Учир нь энэ өдөр (өчигдөр) Монголын залуучуудын байгууллагын 95, МЗХ “мэндэлсний” 25 жилийн ойн баяр тохиосон юм. Ойн хүрээнд олон арга хэмжээ болсны нэг нь баярын хурал, гэрэл зургийн үзэсгэлэн байлаа. Одон медалиа энгэртээ гялалзуулсан ахмадуудаас эхлээд залуучуудын байгууллагатай амьдралаа холбосон үе үеийн төлөөлөгч, олон хүндтэй зочин хуралд иржээ.
Баярын хуралд илтгэл тавьж, мэндчилгээ дэвшүүлсэн хүмүүс үе үеийн залуучуудын байгууллага нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын салбарт хүрч ажиллаж, улс орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. Хурлын үеэр МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбаттай сэтгэгдлийг нь хуваалцахад “Монголд залуучуудын байгууллагыг анх Бошгыг халах залуучуудын эвлэл нэртэйгээр байгуулсан бол бид энэ мөчөөс Бошгыг босгох залуучуудын холбоо нэртэй болж байна.
Бидний үндсэн зорилго бол залуучуудыг зөв бодолтой хүн болгож хүмүүжүүлэн, мэдлэг, чадвараараа дэлхийд өрсөлдөх хэмжээнд хүргэж, тэдний дуу хоолойг нэгтгэх. Үүнийгээ үеийн үед гүйцэтгэсэн. Бүх цаг үеийн хүнд ачааг залуус нуруундаа үүрч ирсэн гэхэд хилсдэхгүй. Бид ч үүрэхэд бэлэн” гэсэн бол МХЗЭ-ийн Ахмад ажилтнуудын холбооны тэргүүн, академич Д.Дашжамц “Манай залуучуудын үе үеийн байгууллага 95 жилийн хугацаанд залуучуудыг өвөг дээдсийн эх оронч, хөдөлмөрч уламжлалаар хүмүүжүүлж, өндөр боловсрол, соёлтой орчин үеийн иргэд болгоход анхаарч ирснийг онцолъё” хэмээсэн юм.
МХЗЭ-ийн залгамж халаа болсон МЗХ-г 1991 онд байгуулахад 200 гаруй салбар, 100 мянга гаруй гишүүнтэй байсан бол өдгөө 21 аймаг, есөн дүүрэгт 1200 гаруй салбар нэгжтэй болон өргөжжээ.
НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн залуучуудын ассемблей, Ази-Европын сан зэрэг олон улсын томоохон байгууллагын төлөөлөгчид ч ойн баярт хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлсэн юм. НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара “Манай байгууллага дэлхийн 150 орны залуустай хамтран ажилладгийн нэг нь МЗХ. Залууст тулгамдаж буй асуудал бэрхшээлийг шийдэж, шинэлэг санаа хэрэгжүүлэн, залуучуудын оролцоо, манлайллыг дэмжих байдлаар бид тууштай хамтран ажилладаг. Эдгээр зорилтыг биелүүлэхэд залуучуудын оролцоо чухал” гэсэн юм.