БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ жил их, дээд сургуулиудыг сургалтын төлбөрөө нэмэхгүй байхыг үүрэгдсэн. Сургуулиудын удирдлагууд ч төлбөрөө нэмэхгүй гэж олон нийтэд мэдээлж байв. ШӨХТГ-ын дарга саяхан хэвлэлийн хурал хийж, “Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх, эсэхийг өнгөрсөн хавар шийдэх ёстой байсан.
Нэг ч сургууль үнийн саналаа ирүүлж, урьдчилан мэдэгдээгүй тул төлбөр нэмсэнтэй нь хуулийн дагуу хариуцлага тооцно” гэсэн юм. Гэтэл зарим их сургууль нэгдүгээр дамжаанд элсэгчдэдээ “тусгай үйлчилгээ” үзүүлж, кредит цагийнхаа үнийг нэмжээ. МУИС 74.200 байсан нэг кредитийнхээ төлбөрийг 80.200 болгосон бол АШУҮИС 15.000-аар нэмсэн байна. Өөрөөр хэлбэл, 2015-2016 оны хичээлийн жилд 75.000 төгрөг байсан нэг кредитийнхээ үнийг өнөө жил 90.000 болгожээ.
Топ тавын тоонд зүй ёсоор ордог ШУТИС, МУБИС, ХААИС ч гэсэн нэгдүгээр курсийнхэндээ “бэлэг” бэлдсэн бололтой. Уг нь тухайн жилийн инфляцын түвшнээс хамаарч их, дээд сургуулиуд төлбөрөө нэмж, хасдаг. Тэгвэл энэ жил инфляц буурсан уу гэхээс өсөөгүй. БСШУСЯ-ныхан “Манайх их, дээд сургуулиудыг төлбөрөө нэмж, хас гэж тушаах эрхгүй. Сайд сургуулиудын ТУЗ-ийн гишүүдтэй уулзаж, “Сургалтын төлбөрөө ноднин жилийнхээсээ нэг их хэлбэлзүүлэхгүй байгаач ээ” гэж гуйсан. Тав, арван мянган төгрөгийн нэмэгдэл бол байлгүй яах вэ” гэв.
БСШУСЯ оюутнуудыг дөрвөн жилийн турш хэдэн кредит цаг үзэж дуусгах ёстойг мэддэггүй бололтой. 60 гаруй кредитээс нэгдүгээр курсэд дунджаар 16-г судлах ёстой. Тэгвэл түүнийг 90.000 төгрөгөөр үржүүлбэл 1.4 сая төгрөг болно. Хэрвээ нэмэгдээгүй байсан бол тухайн оюутан нэгдүгээр курсдээ ихээр бодоход 1.2 сая төгрөгөөр сурах байлаа. Сургалтын төлбөрөө бүхэл бүтэн 200 гаруй мянган төгрөгөөр нэмчихээд байхад салбарын яамныхан “Тав, арван мянган төгрөг юу юм бэ” гээд сууж байна. Даан ч дээ.