Гишүүн Ж.Батзандан цэцэрлэгийн бүртгэлийн асуудлаар нийслэлийн Боловсролын газар болон зарим дүүргийн боловсролын асуудал хариуцсан албан тушаалтан, цэцэрлэг, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй өчигдөр уулзлаа. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 210 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж буй. Энэ жилийн хувьд эдгээрээс “хүндрэлтэй” гэсэн тодотголтой 79 цэцэрлэгт “элсэлтийн тасалбар” үйл ажиллагаа хэрэгжүүлж, эцэг эхчүүдээр сугалаа татуулна.
Уг нь түрүү жил 45 цэцэрлэгт л эцэг, эхчүүдээр нь сугалаа татуулсан юм билээ. Харин 2016-2017 оны хичээлийн жилд цэцэрлэгийн насныхны тоо даруй 20 мянга орчмоор нэмэгдсэн тул ийнхүү сургах хүүхдээ сугалж сонгох цэцэрлэгийн тоог нэмэгдүүлжээ. Гэсэн ч нийслэлийн хэмжээнд буй цэцэрлэгийн насныхны 30 хувь нь сургуулийн өмнөх боловсрол хүртэж чадахгүй гэдгийг албан тушаалтнууд хэлж байна.
Хүүхдээ бүртгүүлэх гэж эцэг, эхчүүд цэцэрлэгийн гадаа хонох ёсгүй гэсэн шаардлагыг Нийслэлийн Засаг даргын зүгээс тавьж байгаа учраас элсэлтийн тасалбар тараах арга хэмжээ авч буйгаа ч учирлав. Гэхдээ түрүү жил сугалуулсантай холбоотойгоор иргэдээс гаргах гомдол, шүүмжлэл харьцангуй багассан гэнэ. Тиймээс нөөц, бололцоондоо нийцүүлэн хэрэгжүүлэх гэж буй уг арга хэмжээ тийм ч муу хувилбар биш гэж ажил хариуцсан хүмүүс нь үзэж буй бололтой. Тухайлбал, элсэлтийн дараа зөвхөн цэцэрлэгийн асуудлаар тогтмол 800 гаруй гомдол ирдэг байсан бол өнгөрсөн жил 100 орчим л ирсэн гэнэ. Сугалаагаар бүртгүүлэх хүүхдүүдийн 20 хувь нь зорилтот бүлгийнхэн байх аж.
Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд 20 сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орж буй аж. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлт тавиад буй нь ч цөөнгүй гэнэ. Тус дүүргийн болон нийслэлийн Боловсролын газрынхан “Стандарт, шаардлагаа л хангаж байвал бид аль болох зөвшөөрөл олгохыг зорьж байгаа. Уг нь зөвшөөрлийг жилд нэг удаа л олгодог. Энэ жилийнхийг зургадугаар сард аваад дууссан ч есдүгээр сарын 15 хүртэл сунгасан. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд 34 сургууль, цэцэрлэг ашиглалтад оруулах хүсэлт ирээд байна” гэж байлаа.
Төрийн албан хаагчдын хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэгүй хамруулна гэх мэдээллийг энэ үеэр албаныхан тодруулсан. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүд зуун хувь хүчин чадлаараа ажилладаггүй учраас өнгөрсөн жил цэцэрлэгийн багш нарын дамжуулан хүүхдүүдийг төрийн бус байгууллагаар хувийн хэвшлийн цэцэрлэгт хамруулсан аж. Энэ жилийн хувьд уг асуудлыг хичээлийн шинэ жил эхэлсний дараа, боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрмэгц шийдэх юм байна. Ингэхдээ зөвхөн төрийн албан хаагч гэлтгүй зорилтот бүлгийнхний хүүхдийг хамруулах бодлого баримталж байгаа гэв.