Ташкент хотод өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалтаар манай гурван улсын хооронд “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрт гарын үсэг зурсан билээ. Энэхүү хөтөлбөр бодитоор хэрэгжиж, гурван улсын тээврийн анхны цуваа энэ сарын 13-ны өдөр Алтанбулаг боомтоос тээвэрлэлтээ эхлүүлэн, БНХАУ-ын Тяньжин боомтоор дайрч энэ сарын 21-ны өдөр Улаанбаатар хотод ирлээ.
Тус тээвэрлэлтийн үйл ажиллагааны хүрээнд Монгол-Хятад-Орос гурван улсын зам, тээврийн удирдлагууд Тяньжин боомтод уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лью Шиаомин, ОХУ-ын Тээврийн яамны харьяа “РОС автотранс” УТҮГ-ын Ерөнхий захирал, Оросын талын ерөнхий зохицуулагч Двойных Алексей болон гурван улсын зам, тээврийн салбарын төлөөлөгчид оролцсон бөгөөд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн төлөөллүүд багтсан өргөн бүрэлдэхүүнтэй уулзалт болов.
Монголын “Талын зам”, Хятадын “Торгоны зам”, Оросын “Евроазийн эдийн засгийн коридор” байгуулах санаачлагын хүрээнд Монгол Улс-БНХАУ-ОХУ-ын төрийн тэргүүн нарын санаачилсан “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөр батлагдсан нь гурван улсын хамтын ажиллагаа, төрийн тэргүүнүүдийн нэгдсэн бодлогын хүрээнд шийдэгдсэн чухал ажлуудын нэг болж буйг талууд санал нэгтэйгээр онцоллоо.
“Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрт тусгагдсан 32 төсөл бүхий цогц арга хэмжээний гурван төсөл нь энэхүү олон улсын транзит тээврийн үйл ажиллагаатай уялдаж байгаа юм.
Энэхүү олон улсын транзит тээвэрлэлтийн үйл ажиллагаа нийтдээ 2152 км урт үргэлжлэх бөгөөд нийтдээ Монгол-Хятад-Орос гурван улсын 11 томоохон хот, боомтуудыг дайран өнгөрч, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой тээврийн замыг нээж буйгаараа онцлог юм. Ази, Европ хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр, хоёр дахин урт замыг 2-3 дахин их хугацаанд тээвэрлэдэг. Зүүн Ази, Европыг холбосон хуурай газрын тээврийн дөрвөн гол замнал байдгаас хамгийн дөт нь Монгол улсаар дайран өнгөрдөг тул эдийн засгийн хэмнэлт бүхий тээвэрлэлт бөгөөд өнөөдрийн байдлаар Ази, Европын хоорондын чингэлэг тээврийн 90 гаруй хувь нь далайн тээврээр 45 хоногийн хугацаанд тээвэрлэдгээс цаг хугацааны хувьд алдагдалтай байдаг аж. Харин Ази, Европ хооронд төмөр замаар ачаа тээвэрлэхэд 10 хоногийн хугацаа зарцуулах бөгөөд авто замаар тээвэрлэлт хийхэд эл хугацааг 7 өдрийн дотор туулах бүрэн боломжтой юм. Зүүн Ази-Европыг холбосон энэхүү ачаа тээврийг хөгжүүлснээр зөвхөн БНХАУ-д экспортлохоос гадна Солонгос, ОХУ, Казахстан улсад ч нийлүүлэх боломж бүрдэж байна.