Сургууль, цэцэрлэгүүд элсэгчдээ өчигдрөөс бүртгэж эхэллээ.
“Алтан навч хийслээ дээ
Аяны шувуу буцлаа даа
Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа...” гэж дуулаад, шинэ хувцсаа халтарттал өмсөж үздэг байсан цаг ард өнгөрч. Багачууд дүрэмт хувцсаа харж баясах завгүй, аав, ээжтэйгээ сургууль, цэцэрлэгийн гадаа дугаарлаж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 147 дугаар цэцэрлэгийн гадна “Аав аа, намайг цэцэрлэг авахгүй гэсэн үү. Гэртээ харих уу” хэмээн асууж зогссон жаал хүү өнөө жил гурван настай. 2014 онд төрсөн хүүхдүүдийг энэ жил цэцэрлэгт элсүүлнэ гэж нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн хэлсэн. Гэтэл 2013 онд төрсөн бол сургуульд орох нас нь болоогүй гэх шалтгаанаар тус цэцэрлэгийн эрхлэгч түүнийг бүртгэхээс татгалзжээ.
Аав нь “Өнгөрсөн жил хүүхдийн чинь нас хүрэхгүй байна гээд бүртгээгүй. Харин энэ жил 2014 онд төрсөн хүүхдийг элсүүлнэ гэх юм. Хүү минь дахиад нэг жил гэртээ байх нь” хэмээн ярив. Түүнтэй ижил хүүхдээ элсүүлэх гэсэн олон аав, ээж тэнд цугларчээ. Энэ сарын 12-ноос дугаарлаж, түүнийг нь бичиж нэгтгэж байсан хүний хөдөлмөр талаар болсонд тэд тун дургүй байв.
Мөн 90 хүүхэд элсүүлнэ гэж байсан ч гэнэт 80 болгон цөөлснийг эсэргүүцэж байлаа. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэн Жавзаа “Энэ жил цэцэрлэгийн элсэлт үнэхээр шударга бус явагдаж байна. Бид өчнөөн хоног дугаарласан. Гэтэл нэг дарга зурагтаар “Дугаарлаж бүртгүүлэхгүй. Сугалаагаар элсүүлнэ” гээд л ийм бужигнаан үүсгэчихэж байна. Ингэлээ гээд цэцэрлэгийн эрхлэгч нарыг хандивын анги нээхийг зогсоож чадахгүй шүү дээ.
Намар нэг ангид 40 хүүхэд орсон бол хавар 60 гаруй хүүхэд төгсдөгийг хүн бүр л мэднэ” гэж ярилаа. Мөн тус хорооны нэгэн иргэн “Баянзүрх дүүргийн 25, 26 дугаар хороонд нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй. Тэр хорооны хүүхдүүдийг 147 дугаар цэцэрлэгт элсүүлэх болсон нь хэт ачаалал үүсгэж байна” гэв.
Таван нас хүрч буй хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх ёстой гэсэн зааварчилгааг холбогдох албанаас цэцэрлэгүүдэд өгсөн. Үүнтэй холбогдуулан цэцэрлэгүүд таван настай хүүхдүүдийг өдөр өнжүүлэх хэлбэрээр сургахаар болжээ. Тус цэцэрлэгийнхэн таван настай хүүхдийг бүртгээд, эцэг, эхэд нь “Арванхоёрдугаар сараас холбоо барьж, яаж хичээллэхийг хэлнэ” хэмээн буцааж байв.
Сугалаагаар хүүхэд элсүүлэхийг эсэргүүцсэн эцэг, эхчүүд уг дүүргийн 122 дугаар цэцэрлэгийн гадна цугласан байв. Тус цэцэрлэг дөрвөн хорооны жаалуудаас 80-ыг нь элсүүлэх аж. Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Зориг “Хүүхдийн ирээдүйг сугалаагаар шийднэ гэж юу байх вэ. Өглөө бүртгэлээ эхлүүлэхдээ яаж явуулахаа ч мэдэхгүй, хүмүүсийг удаан хүлээлгэсэн.
Сургууль, цэцэрлэг нэмж барихын оронд ийм юм зохион байгуулаад сууж байдаг нь сонин юм. Энэ хамран сургах тойрогт багтсан 120 эцэг, эх сугалаагаар элсүүлэхийг эсэргүүцэж гарын үсэг зурсан. Эрхлэгч нар “халаасны” хүүхдээ аравдугаар сараас авдгийг хүн бүр мэддэг болсон юм чинь элсүүлэх хүүхдийнхээ тоог анхнаас нь нэмчих хэрэгтэй” гэж ярив.
Хүн ихтэй тус дүүргийн сургуулийн бүртгэл ч ачаалал ихтэй байв. Тухайлбал, 84, 21 дүгээр сургуулийн гадна олон хүн дараалан зогсчээ. Багш нарын хэлж буйгаар нэг ангид сурдаг хүүхдийн тоо өнөө жил багасахгүй нь. 84 дүгээр сургуулийн хамран сургах тойрогт тус дүүргийн 25, 26 дугаар хороог оруулсан учир анги дүүргэлт хэвийнхээс хэтрэх нь дамжиггүй гэнэ. Тиймээс эцэг, эхчүүд хамран сургах тойргийг албан тасалгаандаа сууж бус, орчинтой нь танилцаж батлах шаардлагатайг хэлж байв.
Тэгвэл хүн цөөнтэй дүүргүүдэд бүртгэл хэвийн байлаа. Чингэлтэй дүүргийн 39 дүгээр цэцэрлэгийн бүртгэл өчигдөр 10.00 цагт эхэлжээ. Нийслэлийн Боловсролын газраас баталсан хамран сургах тойргоор бол тус цэцэрлэгт I хорооны 17 орон сууцны оршин суугчид хүүхдээ бүртгүүлэх учиртай. Гэтэл зарим дүүрэг “гээгдчихсэн” тухай иргэд гомдоллож байв.
Тус дүүргийн 45 дугаар байрны оршин суугч Э.Энхтуул “Энэ сарын 17-нд нийслэлийн Боловсролын газраас баталсан A/68 тоот тушаалтай танилцахад, манай байрныхан хамран сургах тойргийн дагуу энэ цэцэрлэгт харьяалагдсан байна лээ.
Гэтэл “Танай байр жагсаалтад алга, бүртгэхгүй” гээд чирэгдэл учрууллаа. Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга, бүртгэл хариуцсан мэргэжилтэн Р.Түвшинбат нартай холбогдоход “Алдаа гарсан байна” гээд нааштайгаар шийдүүлж өглөө” гэсэн юм.
39 дүгээр цэцэрлэгийн бага бүлэгт 60 гаруй хүүхэд бүртгүүлснээс 30-ийг нь л авчээ. Тус цэцэрлэг өнөөдөр хоёр настай хүүхдийг, маргааш, нөгөөдөр дунд бүлэг, баасан гаригт бэлтгэл бүлгийнхнийг бүртгэх аж.