“Оюу толгой” ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай сургалт, боловсролын чиглэлээр хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт 2010 оны 6 дугаар сард гарын үсэг зурсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд таван жилийн хугацаанд Монгол Улсын ажиллах хүчийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог шинэчлэн сайжруулахад чиглэгдсэн хөтөлбөрүүдийг “Оюу толгой” компаниас 126 сая ам.доллараар санхүүжүүлэхээр тусгажээ.
“Оюу толгой” ХХК нь мэргэжлийн боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийж, олон улсад өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийг чухалчилж байна. Үүний зэрэгцээ дээд боловсролын салбарт хэрэгжүүлж буй оюутны тэтгэлэгт хөтөлбөрүүдээрээ уул уурхай болон холбогдох салбаруудад ажиллах өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулдаг. Тодруулбал, 200 оюутныг дотоодын, 30 оюутныг гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр сургах хөтөлбөртэй. Тэгвэл энэ жилийн тэтгэлэгт хөтөлбөр ирэх есдүгээр сард зарлагдах аж.
Ингэхдээ бакалаврын ангийн 2-оос дээш курсын, голч дүн нь 3.2 буюу түүнээс дээш оноотой оюутнууд хамрагдах боломжтой юм. Тэтгэлэгт хамрагдсан оюутнуудад:
- Жилийн сургалтын төлбөр,
- Сар бүр 200.000 төгрөгийн тэтгэлэг,
- Хөдөө орон нутгийн оюутнуудын дотуур байрны төлбөр, “Оюу толгой” ХХК-с зохион байгуулах хөгжлийн сургалтуудад хамрагдах боломж,
- Cонгогдсон оюутнууд “Оюу толгой” ХХК-д дадлага хийх зэрэг боломжууд бий болдог байна.
Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий шалгуур:
- Монгол Улсын иргэн байх,
- Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангийн 2, 3, 4 дүгээр дамжааны оюутан байх,
- Уул уурхай, металлурги, баяжуулалт, механик, цахилгаан болон барилгын инженер, геологи, геодези, хими, орчин ба хөдөлмөрийн эрүүл мэнд, байгаль орчны чиглэлээр суралцаж байх ,
- Сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх (4.0 хүртэлх томъёоллоор),
- Бусад сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.