Энэ хичээлийн жилд ахлах ангийн сурагчид шинэ хөтөлбөрөөр хичээллэнэ. Тодруулбал, сурагчид монгол хэл, бичиг, математик, Монголын түүх, газар зүй, биологи, физик, химийн хичээлээс гадна англи, орос хэлний аль нэгийг заавал судална. Мөн спорт, эрүүл мэнд гэх мэт зургаан хичээлээс заавал сонгон судлах юм. Түүнчлэн цаашид суралцах мэргэжлийнхээ дагуу гурван хичээл сонгон, гүнзгийрүүлж сурна. Энэ талаар БСШУСЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (хуучнаар)-ын дарга Б.Насанбаяраас тодрууллаа.
-Шинэ хөтөлбөрийг өнгөрсөн жил 40 лаборатори сургуульд туршсан. Үр дүн яаж гарсан бэ?
-Туршсан сургуулийн удирдлага, багш нар, эцэг эхчүүд нааштай хүлээж авсан. Заавал судлах хичээл 2-4, заавал сонгон судлах нь 4-6 кредиттэй. Сонгон гүнзгийрүүлэх хичээл Х ангид нэг, XI ангид гурав, XII ангид таван кредиттэй байна.
-Ахлах ангийн шинэ хөтөлбөр хуучнаасаа ямар ялгаатай вэ?
-Ахлах ангид нийгмийн хөгжлийн зүй тогтол, мэргэжлийн мөн чанар, ажил, амьдралын суурь ойлголт олж авдаг боллоо. Үүнээс гадна шинжлэх ухааны ойлголтуудыг гүнзгийрүүлэн зааж, хүүхдүүд лабораторид ажиллаж, сурснаа туршиж үзэх юм.
Энэ жил Х ангид 20 мянган хүүхэд элсэнэ. Тэд мэргэжлийн чиглэлээ тодорхой болгож, хичээлээ сонгосон. Ингэснээр хүүхэд зөвхөн шалгалтад зориулж сурдаг биш, ирээдүйд хэн болох, ямар мэргэжил эзэмшихээ эртнээс судалдаг боллоо. Х ангийнхан шинэ, ХI-ХII ангийнхан хуучин хөтөлбөрөөр хичээллэнэ. Гэхдээ ХI-ХII ангийнхны гүнзгийрүүлэн судлах хичээлийн цаг нэмэгдсэн.
Одоогийн Х ангийнхан гурван жилийн дараа төгсөхөд элсэлтийн ерөнхий шалгалтын систем ч өөрчлөгдөнө. Манайх элсэлтийн шалгалтыг 10 хичээлээр гурван өдөр тест бөглөх төдийгөөр авдаг. Одоо дангаараа хөгждөг шинжлэх ухаан гэж байхгүй болсон. Иймээс байгалийн ухаан, нийгмийн ухааны нэгдмэл ойлголтыг шалгахаас гадна хувь хүний чадварыг үнэлж, жилд хоёр удаа шалгалт авна.
Зааснаа багш өөрөө бус, хөндлөнгөөс үнэлнэ. Заавал судлах болон гүнзгийрүүлэн сурах хичээлийн шалгалтыг нэгдсэн байдлаар авна. Заавал сонгох хичээлийн шалгалтыг аймаг, нийслэлийн Боловсролын газар авах юм. Мөн сургуулийн мэдлийн цаг гэж байгаа. Энэ нь амьдрах чадварт суурилна. Тухайлбал, хүүхдүүдийг мал төллөх үеэр ажиллуулах боломжтой.
Улсын шалгалтыг XI ангид байгалийн ухаан, нийгмийн ухаан, XII ангид монгол хэл, англи хэл, математикаар авах юм. Сурагч гүнзгийрүүлэн судалсан хичээлийнхээ кредитийг их, дээд сургуульд элсэхдээ дүйцүүлэх боломжтой. Ингэхээр их сургуулиуд ахлах ангийн хичээлийн хөтөлбөрт анхаарал хандуулдаг болно.
-Хүүхдүүдээс элсэлтийн ерөнхий шалгалт авахгүй, төгсөлтийн шалгалтын оноогоор их, дээд сургуульд элсүүлнэ гэж ойлгож болох уу?
-Гүнзгийрүүлж сурахаар сонгосон гурван хичээлээр хүүхэд I, II түвшний шалгалт өгнө. Эхлээд дөрвөн кредитээ судалчихаад шалгалт өгч, тэнцвэл дараагийн таван кредитээ судалж, II түвшний шалгалтаа өгөх юм. Эхний түвшнээ давж байж, дараагийн түвшинг судална. Хэдэн оноотой хүүхэд авахаа их, дээд сургуулиуд зарлана.
-Шинэ хөтөлбөрийн хүрээнд ахлах ангийн сурагчид 80 минутаар хичээллэнэ гэсэн. Гэтэл өнөөдөр манайд ахлах сургууль хуруу дарам цөөн байна. Дунд, ахлах ангийнхан нэг сургуульд хичээллэдэг. Тэгэхээр хичээлийн цагийг хэрхэн зохицуулах вэ. Ахлах сургуулиуд байгуулах уу?
-Заавал ахлах сургууль байгуулна гэхгүй. I-ХII ангитай сургуулиудын сурагчид хичээлээ сонгоод, хөтөлбөрөөрөө хичээллэнэ. Эхний ээлжинд бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрөө сайн хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Цаашид хүссэн, хүсээгүй цөөхөн хүүхэдтэй сумын сургуулиуд I-IХ ангид элсэлт авч, тухайн орон нутгийн удирдлага аль сургуулиа ахлах болгохоо шийднэ.
-Хүүхдүүд хичээлээ сонгодог болохоор зарим хичээлийн багш нар ажилгүй болох уу?
-Огт сонгогдохгүй хичээл гэж байхгүй.
-Ахлах ангид орох хичээлийн тоо цөөрсөн үү?
-Өмнө нь ахлах ангид 19-20 хичээл ордог байсан бол одоо Х-XI ангид 14, XII ангид есөн хичээл үзнэ.
-Сурах бичгийг хэрхэн, яаж шинэчилж байна вэ?
-Эхний ээлжинд хуучин хэрэглэж байсан сурах бичгээ ашиглана. Нэгдүгээр улиралд сурах бичгээ бичиж, хоёрдугаар улирлаас гүнзгийрүүлэн судлах хичээлийн сурах бичиг гарна. Математикийн хичээлд л гэхэд 20-30 хувийн агуулга нэмэгдэж байгаа. Х ангид хүүхэд нийт хичээлийн 60 хувийг заавал, үлдсэнийг сонголттой судална.
XI ангид хичээлийн 55, XII ангид 70 хувийг сонгож үзнэ. Манай ахлах ангийн сургалтын төлөвлөгөө боловсролоороо тэргүүлдэг Финлянд, Сингапур, Америкийн кредиттэй, математик, байгалийн ухааны хөтөлбөр олон улсынхтай эн зэрэгцсэн.