Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэг. 2016.08.05
Хонх дуугарч, хичээл эхлэхэд ердөө гуравхан долоо хоног үлдлээ. Гэтэл сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажил нийслэлийн хэмжээнд 30 хувьтай л явж байна. Нийслэлийн хэмжээнд ч гэж дээ, энэ жил улсын төсвийн хөрөнгөөр гурван цэцэрлэг (86, 88, 89), зургаан сургууль (21, 31, 45, 52, 60, “Шавь” цогцолбор, “Эрдмийн өргөө”)-ийг л бүрэн засаж, өнгө зүсийг нь сайжруулах юм.
Гэтэл цаана нь засвар хийх шаардлагатай, хана, туурга нь нурчихсан өчнөөн объект байхад “мөнгө байхгүй” гээд ам таглаж сууна. Ядаж байхад засаж байгаа хэдээ наймдугаар сарын 25 гэхэд ашиглалтад оруулах нь юу л бол гэж албаны хүмүүс шогширч байгаа сурагтай.
Есхөн тооны объектыг зуны гурван сард багтаан засчихаж чадахгүй байгаагийн учир нь тендер оройтож зарлагдсантай холбоотой гэх. Энэ зун сонгууль, наадам, АСЕМ гээд олон үйл явдал давхцсан ч жилийн жилд л ийм хөгийн тайлбар хэлж суухаа одоо болимоор юм. Зарим сургууль, цэцэрлэгийг долоон хоногийн өмнөөс засаж эхэлжээ.
Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын барилга, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнайгаас тодруулахад “Энэ жил төсвийн задаргаа оройтож ирсэнтэй холбоотойгоор зарим сургууль, цэцэрлэгт засвар хийх гэрээг саяхан үзэглэсэн. 80 сая төгрөгөөс бага үнийн дүнтэй засварын ажлууд долдугаар сарын 15-наас эхлээд жигдэрч байна. Харин 80 саяас дээш дүнтэй засварын томоохон ажил (нийт 13-14 сургууль, цэцэрлэг)-ыг наймдугаар сарын 1-нээс эхэлсэн” гэв.
Энэ жил засвар хийлгэх “ногоон карт”-тай гурван цэцэрлэгийн нэгээр бид орлоо. Баянгол дүүргийн XVIII хорооны нийт 15 байрны хүүхдүүдийг хүлээн авдаг 88 дугаар цэцэрлэгийн их засвар долоо хоногийн өмнө эхэлжээ. 580 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч энэ жил орны тоогоо 50-60-аар нэмэгдүүлэхээр ажиллаж буйгаа тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Бүрэнжаргал хэлэв.
Байгуулагдсанаас нь хойш 35 жил огт засвар, үйлчилгээ хийгээгүй учраас энэ жил улсын төсвөөс эднийд 131.6 сая төгрөг хуваарилж өгсөн аж. Д.Бүрэнжаргал “Наймдугаар сарын 25 гэхэд хүлээлгэж өгөх гэрээтэйгээр “Жи Жи Ай” ХХК ажиллаж байгаа. Цэцэрлэгийн хамт олон ч мөн өдөр, шөнөгүй ажиллаж байна. Тендер оройтож зарлагдсанаас болоод хэн хүнгүй л түргэн авч байна даа.
Энэ жил бид цахилгаан, сантехникийн холболтуудаа бүрэн сольж, 12 ангийн ариун цэврийн өрөөг хүүхдэд ээлтэйгээр тохижуулан, гал тогоо, угаалгын өрөөнүүдээ засна. Түүнээс гадна манай хамт олон гаднах орчин тойрноо сэргээн тохижууллаа. 3850 ам метр газарт хашаа хатгасан. Өмнө нь хашаагүй, хүүхдийн тоглоом ч үгүй байлаа шүү дээ. Манай суралцагч хүүхдүүдийн ар гэрийнхний дэмжлэг туслалцаа их байсныг энд дурдах нь зүйтэй.
2015 оны аравдугаар сард манай хашаанд 13-хан улиас байсан бол өдгөө 342 ширхэг мод, бут, сөөг ургаж байна. Мөн монос, чацаргана, үхрийн нүд гэсэн жимсний төгөлтэй боллоо. Монгол сакура ч суулгасан” гэж ярив. 88 дугаар цэцэрлэг 580 хүүхдийн багтаамжтай ч 2015-2016 оны хичээлийн жилд 649 “цэрэг” сурган хүмүүжүүлжээ. Өнөө жил ч гэсэн энэ тоогоо бууруулахгүй, нэмэх боломжийг судалж буй аж. Өнгөрсөн хавар 150 хүүхэд бэлтгэл бүлэг төгссөн ч тал орчим хувь нь сургуульд орох нас нь хүрээгүй, улиран суух багачууд аж.
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 20 гаруй хувь нь цоожтой хаалганы цаана хоцрохыг эх сурвалжууд хэлж буй ч ачир дээрээ энэ тоо өсөж ч мэдэх юм. Ямартай ч өдгөө хувийн 44 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгочихоод буй. Нэмж ийм үйлчилгээ эрхлэх хүсэлтэй байгууллага, хувь хүмүүсийг бүртгэж эхлээд байна. Дашрамд дурдахад, 2016-2017 оны хичээлийн жилд он дамжуулан барьж буй бага сургууль, цэцэрлэг нийт зургааг ашиглалтад оруулахаар төлөвлөсний нэг нь шинэ цогцолбор аж.