Нэмүү ѳртѳг ѳндѳртэй, технологийн салбарыг түлхүү хѳгжүүлэх шаардлага Монголд тулгараад байгаа энэ үед инженерийн нарийн мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэж буй Герман Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиар (МГТИС) зочиллоо. Их, дээд сургуулиуд хэдийнэ амралтын горимд шилжиж эл хуль болсон энэ үед тус сургуулийн төв байрны хаалгыг татвал хөл гишгэх зайгүй шахам оюутнууд бужигналдаж байх юм.
ХБНГУ болон БНХАУ гээд гадаадын орнуудад ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зуны сургалтад явах, дадлагын ажилдаа гарах гээд л тус сургуулийн оюутнууд зуны гурван сарыг ч үр бүтээлтэй, сурч мэдэн, хөгжихийн тулд өөрсдийгөө бүрэн дайчилж, сургуулийн захиргаа ч тэр боломжоор нь хангаж өгдөг аж.
Н.Төрцэцэг: Төгсөгчдийнх нь диплом Европын холбоонд хүлээн зөвшөөрөгддөг
GMIT буюу Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын сургуулийн 1-р курсийн оюутан. Тэрбээр Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хамрагдаж байжээ.
-Ямар мэргэжлээр суралцаж байгаа вэ?
-Манай сургууль 3-р курсээсээ нарийн мэргэшиж, өөрсдийн сонирхсон чиглэлээр гүнзгийрүүлэн суралцдаг онцлогтой. Ингэснээр мэргэжлээ сайн судалж, ѳѳрийгѳѳ таньсны дараагаар зѳв сонголт хийх боломжтой болдог. Миний хувьд механик инженерийн чиглэлээр гүнзгийрүүлж судлах бодолтой байгаа.
-Механик инженерийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг цөөнгүй сургууль байдаг. Яагаад заавал МГТИС-ийг сонгох болов?
-Энэ чиглэлээр МУИС, ШУТИС, “Шинэ монгол” технологийн дээд сургууль элсэлт авдаг юм билээ. Миний хувьд төгсөгчдийнх нь диплом Европын холбоонд хүлээн зөвшөөрөгддөгөөс гадна машин, технологиороо гайхагддаг Германы шилдэг профессоруудаас суралцах боломжтой тул МГТИС-ийг сонгосон.
-Танай сургуулийн хувьд ижил төрлийн сургуулиудаас ямар онцлог давуу талтай вэ?
-Бүх хичээлийг англи хэлээр заадгаас гадна багш нарынх нь дийлэнх хувь нь Герман, Америк, Солонгос багш нар байдаг. Мөн сургуулийн маань номын сан надад маш их таалагддаг. Гадуур тэр бүр олддоггүй ховор сурах бичгүүд манай номын санд байдаг учраас бидэнд суралцаж, өөрийгөө хөгжүүлэхэд бэрхшээл тэр бүр гарахгүй. 1000 сонсохоор нэг үз гэдэг дээ, танилцах болон уртын дадлагын ажлаас эхлээд Герман болон Шанхай руу жил бүр 20 шахуу оюутан үнэгүй сургалтанд явах гээд л бидэнд сурснаа хэрэглэх, шинжлэх ухаан, технологийн орчин үеийн ололт амжилтыг үзэх, сурах боломж их ѳргѳн олддог л доо.
-Хотоос зайдуу байдаг болохоор хүндрэлтэй санагдах үе бий юү?
-Сургуулийн маань хотхон Налайхад байрладаг. Хичээлийн байр, дотуур байр, номын сан гээд суралцахад шаардлагатай бүхий л зүйл байгаа нь харин ч цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж, өөрийгөө бүрэн дайчлахад дөхөм болдог. Ажлын тав хоногт бүхий л анхаарлаа сурахад л зориулдаг гэсэн үг. Бас хотхондоо цагийн ажил хийж болдог болохоор давуу тал болчихдог юм. Ѳвѳлдѳѳ агаарын чанар бас дээр шүү (инээв).
-Сургалтын системийн хувьд Герман Монголын хамтарсан сургууль учир бусад сургуулиудаас өөр байдаг байх. Ямар давуу талтай вэ?
-Оюутнууд хүсвэл зөвхөн сургуулийн өгсөн программыг биш илүү гүнзгийрүүлсэн түвшинд суралцах боломжтой байдаг. Мөн багш бүр оюутнуудтайгаа ажиллах нэмэлт цаг гаргадаг тул хоцрогдож буй хүүхдүүд багшаасаа асууж лавлах, эсвэл гүнзгийрүүлж судлах хүсэлтэй оюутнуудад энэ цаг маш үр өгөөж, ач холбогдолтой байдаг юм. Нэг лекцийн ангид 50-иас илүүгүй, семинарын группэд 20 оюутан л байдаг болохоор багшаасаа илүүг сурах боломжтой болдог нь надад их таалагддаг.
Түүнчлэн, багш нартайгаа хамт судалгааны ажилд оролцоод явж байгаа оюутнууд ч зѳндѳѳ. Судалгаа хийхээр тухайн асуудлыг илүү сайн ойлгодог юм билээ.
Манай сургууль оюутны амжилтыг тэтгэлгийн хэлбэрээр шууд үнэлдэг. Тодруулбал, оюутнуудын дүн, суралцаж буй байдал, нийгмийн идэвхи, амьдралын шаардлагыг харгалзан 100 болон 50 хувийн тэтгэлгийг нийт оюутны 20%-д олгодог. Ингэхдээ нэг хүүхдэд дөрвөн жил тэтгэлэг олгох бус улирал, жил бүр жагсаалт гаргаж, бүх хүүхдэд боломж олгодог нь шударга үнэлгээ болдог шиг санагддаг.
А.Сүхбат: Ирээдүйд ажлын байр найдвартай олдоно
GMIT буюу Монгол-Германы хамтарсан Ашигт малтмалын сургуулийн 2-р курсийн оюутан.
-Яагаад инженер, технологийн салбарыг сонгон суралцсан юм бэ?
-Төгсөх ангийн, мэргэжлээ хараахан сонгож амжаагүй сурагчдад хандаж зөвлөхөдө манай улсад хуульч, эдийн засагч, нягтлан бодогчид олноор төгсөх болсноос болж, энэ чиглэлийн мэргэжилтний эрэлт үгүй болж, нийлүүлэлт нь түүнээсээ хэд дахин давжээ. Гэтэл манай улсын эдийн засгийн гол тулгуур салбар нь уул уурхай юм.
Харамсалтай нь уул уурхайн салбарт нарийн мэргэшсэн боловсон хүчин байхгүй байна. Тиймдээ ч “Оюутолгой” тэргүүтэй томоохон компаниуд Австрали, Канад, Америкаас боловсон хүчин авчирч ажиллуулдаг. Тиймээс ч би энэ салбарыг сонгосон.
-Ахлах сургуулийн тѳгсѳгчид гадаадад суралцах их хүсэлтэй болжээ. Харин та нар Монголд ч, гадаадад ч суралцах боломжтой байх нь ээ?
-Мэдээж хүн өөрөө л хичээвэл хаана ч суралцах боломж олдоно, сурч ч болно. Харин манай сургуулийн хувьд хаана ч очсон суралцах чадварыг олгодог гэж би боддог. Гадаад руу биднийг сургаад байдаг нь энэ чадварыг маань баталгаажуулах нэгэн хэлбэр. Үүний тод жишээ гэхэд миний хувьд 1-р курсийнхээ зуны амралтаар ХБНГУ-д үнэ төлбөргүй зуны хоёр сарын сургалтад хамрагдаад ирсэн. Мөн энэ зун Хятадын Шүжоуд болсон сургалтад хамрагдаж, олон орны оюутнуудтай хамт номын дуу сонсоод ирлээ. Дасан зохицох, хэл нэвтрэлцэх, соёлыг нь ойлгох гээд л номноос гадна сурах зүйл зѳндѳѳ л дѳѳ.
Түүнчлэн манай сургууль онолыг дадлагатай хослуулдаг давуу талтай. Угаасаа ч дадлагажаагүй инженерийг хэн ч ажилд авахгүй шүү дээ. Тиймээс, бид нар бүр 1-р курсээсээ дадлага хийж эхэлдэг бөгөөд төгсөх ангидаа 14 долоо хоногийн дадлага хийдэг тул амьдралд ойр, туршлагатай, дадлагажсан боловсон хүчин болж төгсѳнѳ гэдэгт итгэлтэй байгаа. Тэр хэмжээгээрээ ажлын байр ч элбэг олдох байх.
-Зуны амралт нь хэр удаан үргэлжилдэг вэ?
-Уг нь шалгалтууд зургадугаар сарын дундуур дуусдаг ч зуны амралтын үеэр гадаадын орнуудад сургалтад суух, дадлага хийдэг тул сар гаруй хугацаанд л амардаг. Гэхдээ энэ нь биднийг гадаадын мэргэжилтнүүдтэй өрсөлдөхүйц мэргэжилтэн болж төрөн гарахад, өөрсдийгөө илүү дайчилж, сурч буй зорилгоо ухамсарлан, цагийг үр дүнтэй өнгөрүүлэхэд илүү дөхөм болдог.
Орон нутгийн төгсөгчдѳѳс ирж байгаа хүсэлтийг харгалзан тус сургуулийн нэмэлт элсэлтийн шалгалтыг наймдугаар сарын 19-нд хийхээр болжээ.