БСШУС-ын сайд Ж.Батсуурь өчигдөр ажлын цаг дууссаны дараа зарим асуудлаар мэдээлэл өгөв. Өмнөх сайд Л.Гантөмөр “2016-2017 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэг хангалттай хүрэлцэнэ” хэмээж байсан. Тэгвэл өнөө жил сургууль, цэцэрлэгийн элсэлтийг наймдугаар сарын 22-28-нд зэрэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
Энэ хичээлийн жилийн урьдчилсан дүнгээр нийслэлд нэгдүгээр ангид суралцах зургаан настай 27.629 хүүхэд байгааг Ж.Батсуурь сайд хэлэв. Тодруулбал, 2010 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нд төрсөн бүх хүүхэд сургуульд элсэх юм. Харин сургуулийн өмнөх насны нийт хүүхдүүдийн 80 орчим хувь нь л цэцэрлэгт хамрагдах боломжтой аж. Тиймээс энэ жил төрийн өмчийн бус 44 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгосон байна.
2016-2017 оны хичээлийн шинэ жилийг угтаж, он дамжуулан барьж буй зургаан бага сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөсний нэг нь шинэ цогцолбор юм байна. Тэгвэл улсын төсвийн хөрөнгөөр энэ онд гурван сургууль шинээр, дөрвийг өргөтгөж, нэг спорт танхим барих гэнэ. Мөн дөрвөн цэцэрлэг шинээр, хоёрыг өргөтгөхөөр төлөвлөснөө хэвлэлийн хурлаар мэдэгдлээ. Мөн их, дээд сургуулиудын төлбөрийг өнгөрсөн жилийнхээс огт нэмэхгүй байхаар шийдвэрлэж, албан тоот хүргүүлнэ гэж мэдээлсэн юм.