Их, дээд сургуулиудад элсэн суралцах 2015-2016 оны элсэлтийн ерөнхий шалгалтын математик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг, биологи, хими зэрэг хичээлийн хариу задарч, зарим нэр бүхий сургуулийн төгсөгчид уг материалыг худалдаж авсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн дуулиан байв. Уг гомдол, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгаж хариутай баар код худалдсан, түүнийг боловсруулж өгсөн хүнийг олсноо цагдаагийнхан мэдээллээ. Тодруулбал, энэ жил 12 дугаар ангиа төгсөж буй З гэгчээс сурагчид нийгмийн тухай мэдлэг болон матетатикийн шалгалтын баар код бүхий хариу тус бүрийг 200 мянган төгрөгөөр авсан болох нь тогтоогджээ. Харин З хариуг нэгэн хувийн их сургуульд багшилдаг Д гэгчээс авсан хэмээн мэдүүлсэн байна.
Д өдгөө 52 настай, эдийн засгийн онолын багш ажилтай нэгэн бөгөөд математик болон нийгмийн хичээлээр сурагчдад давтлага өгдөг байсан аж. Улмаар элсэлтийн ерөнхий шалгалтад ирэх магадлал бүхий тест гэж боловсруулж өгснийг нь З авч, нэг хүүхдэд зарсан нь цааш даамжирч, нөгөөх нь ашиг хонжоо олох зорилгоор “Элсэлтийн ерөнхий шалгалтын тестийн хариу задарсан” гэж хэлээд сурагчдад зарсан нь тогтоогджээ.
Худал мэдээлэл түгээж, шалгалтын хариу бүхий хуурамч баар код зарсан уг хэрэгт эрүү үүсгэн шалгахаар болжээ. Мөн Д-ийн боловсруулсан тестийн баар кодтой хариулт элсэлтийн ерөнхий шалгалтын хариутай таарч байсан гэх асуудлыг цагдаагийн байгууллагаас нарийвчлан шалгах гэнэ.