Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 15-19-нд улс орон даяар зохион байгуулсан. Харин Элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн шалгалтын хариу задарсан хэмээн "Шинэ зуун" бүрэн дунд сургуулийн математикийн багш Х.Сайнбилэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Энэ дагуу ЦЕГ шалгалт хийж, олон нийтэд танилцууллаа.
ЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү хэлэхдээ “Энэ жил 12-р ангийг төгссөн Э гэгч нь 2016 оны 6-р сарын 16,17-ны өдөр ЭЕШ-ын Нийгэм, Математикын хариу гэх мэдээллийг фэйсбүүк хуудсаар дамжуулж төгсөгч Н, Б, Х, Б гэгч дөрвөн хүүхдэд худалдаалсан нь эхний ээлжинд тогтоогдсон.
Э гэгч нь энэхүү хариунуудыг энэ жил төгсөж буй З гэгчээс худалдаж авсан байна. Харин З гэгч нь уг материалыг хувийн их, дээд сургуулийн эдийн засгийн онолын багш ажилтай 52 настай Д гэгчээс худалдан авчээ. Уг Д нь 12-р анги төгсөж байгаа элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага өгдөг багш байсан. Харин материалыг худалдаалахдаа ЭЕШ-д ирж болзошгүй тест хэмээн худалджээ. Түүнчлэн Д гэгч нь ЭЕШ-ын тест боловсруулах комиссд ажилладаггүй” гэлээ.
Мөн БҮТ-ийн хэлтсийн дарга А.Ганбат хэлэхдээ “БҮТ-аас математикийн хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн үр дүнг Олон Улсад ашиглагддаг шалгалтын үр дүн бодитой гарсан эсэхийг тогтоодог нарийвчилсан шинжилгээг хийсэн. Өөрөөр хэлбэл, олон улсад ашигладаг нарийвчилсан аргачлалаар 2016 оны ЭЕШ-ийн шалгалтын дүнг өмнөх оны шалгалтуудтай харьцуулж үзсэн.
Үр дүнд нь 2016 оны ЭЕШ-ийн математикийн хичээлийн шалгалт нь хэвийн явагдсан. Тус шалгалтын үеэр тэр бар кодтой математикийн шалгалтын хариу иргэдийн дунд байгаагүй гэдгийг судалгааны үр дүнд батлагдсан. Тэгэхээр олон нийтэд шалгалтын өмнө биш, дараа нь тараасан гэсэн үг юм.
Мөн бар кодтой хариултуудын дагуу бөглөсөн улсын хэмжээнд 6 хүүхэд бар кодод байгаатай адилхан бөглөсөн байсан. Эдгээр 6 хүүхдийг шалгаж үзэхэд, Улаанбаатар хотын 4 өөр сургуулийн 4 хүүхэд, хөдөө орон нутгийн 2 хүүхэд байсан. Тус зургаан сургууль нь математикийн гүнзгийрүүлсэн сургуулиуд байсан. Тиймээс шалгалтын хариуг задарсан хэмээн олон нийтэд зориудаар болон зориуд бусаар тараасан иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгүүлнэ" гэсэн юм.