Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) тойрсон маргаан өрнөж байна. Ашиг хонжоо хайсан этгээдүүдийн хорон явуулгад зарим төгсөгч өртөж, харин зарим нь хожих шиг боллоо. Тестийн хариу задарч, түүнийг худалдан авсан төгсөгчид өндөр оноо авч, хичээн сурч, шалгалтдаа чин шударгаар бэлдсэн хүүхдүүд хохиров.
Хэдийгээр албаныхан “Шалгалтын хариу задраагүй, бид цагдаа, тагнуулын байгууллагын ажилтнуудаар шалгуулж байгаа” гэж хэлж буй ч нэг л итгэл төрүүлэхгүй байна. Уржигдар орой телевизийн нэг нэвтрүүлгээр энэ талаар ярьж буй албаны хүмүүсийн тайлбарыг сонсоод хардлага минь улам нэмэгдэв. Өмнөх жилүүдэд ч иймэрхүү яриа гардаг л байсан. Гэхдээ ингэтлээ газар авч, олны анхаарлыг таталгүй, тэгсхийгээд намждаг байсан юм.
Уржигдар энэ талаар Сурагчдын холбоо, төгсөгч болон тэдний эцэг, эхийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр хариу гарцаагүй задарчихлаа, түүнийг худалдан авсан хүүхэд олон гэж тэд баталж байсан. 113 дугаар сургуулийн сурагч Г.Мандах гэдэг хүү “Бид хичээлдээ шамдаж, шударга байсныхаа төлөө хохирч байна. Буруутныг нь олж, түүнд хариуцлага хүлээлгэж өгөөч” гээд хоолой нь зангирахыг харахад өрөвдмөөр л байлаа. Аргагүй шүү дээ. Сайн сургуульд орж, хүссэн мэргэжлээ эзэмшинэ гэсэн бодол тээн сүүлийн гурван хариуцлагагүй хүмүүсийн хөлд дэвсүүлчихээр амгалан сууж яаж чадах билээ. Улсын, нэр хүндтэй сургуулийн эрэлттэй мэргэжлийн ангиуд хамгийн түрүүнд хүүхдээ бүртгэж дуусна.
Ийм сургуульд сурлага муу ч бэлтэй айлын хүүхдүүд жагсаалтаараа “сүнгэнээд” л орчихно биз дээ. Харин суурь боловсролоо сайн эзэмшсэн, хийж, хичээж чаддаг, цаашдаа ч мэргэжилдээ эзэн болох хүүхдүүд улаан шугамын доор орох нь. Угаас ЭЕШ-ыг 100 хувь гүйцэтгэх хүүхэд өнөөг болтол гараагүйг хэлэх багш олон. Шалгалтын даалгаврыг хамгийн сайн хийсэн хүүхэд “үсрээд” л 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байдаг гэсэн. Тийм хүүхдэд 800 оноо өгдөг. Харин түүнээс доош гүйцэтгэлтэй хүүхдийнхийг хамгийн сайн хийсэн элсэгчийнхтэй харьцуулан, хувилж дүгнэдэг аж.
Тэгэхээр задарсан байж магадгүй гээд байгаа хариуг худалдаж авсан хүүхэд 800 оноог бүтнээр нь авна. Харин сурлага сайтай, “гавал” толгойтнууд нь жагсаалтаас хасагдана. Энэ л хамгийн том аюул. Хэрэв хариу задарсан нь үнэн аваас улс орны ирээдүйд ямар их уршиг дагуулахыг уншигч та гадарлах буй за. Ингэж элссэн хүүхдүүд “дипломны гол” болж, гудамжаар лааз өшиглөгчийн тоог л нэмэх болов уу.
Эцсийн эцэст энэ бол Монгол Улсын хөгжил, ирээдүйн боловсон хүчний асуудал. Энэ асуудлыг хэд хоног ярьсан болоод, эсвэл ЭЕШ-ыг дахин авснаар мартах ёсгүй. Тест задруулсан хүмүүст хариуцлага тооцож, багаар нь солихгүй л бол үр дүн гарахгүй. Хэдэн сайн хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг, улсынхаа ирээдүйг битгий үл тоогооч, бүү харлуулаач, гуйя.