Сүүлийн үед залуучууд гадаад дотоодод их, дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдах, хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг чухалчлах болсон. Тэр дундаа эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэгч БНХАУ-д суралцаж, бизнесийн гарц хайх болсон нь өдгөө нууц биш болоод байна. Зуны амралтаараа хэлний сургалтад хамрагдаж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсэж буй залууст зориулан “Ханз” боловсролын төвийн захирал, доктор Б.Отгонжаргалтай ярилцлаа.
-Хүүхдээ хятад хэлтэй болгох сонирхолтой эцэг эхчүүд их болжээ. Тэр ч утгаараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хятад хэлний сургалтын төвүүд зуны амралтаар их эрэлттэй байдаг. Танай сургалтын төв бусдаас юугаараа онцлог вэ?
-Ханз боловсролын төв маань Хятад хэлийг монгол хүний сэтгэлгээнд тохируулан заадаг бөгөөд бичгийн хэлийг голлон үздэг богино хугацаанд үр дүнтэйгээр цогц мэдлэг олгож чаддагаараа давуу талтай юм. Хэл сурч буй хүн бичгийн хэлийг анхнаас нь сайтар сурах юм бол хэзээ ч мартдаггүй. Ер нь хятад хэл сурахад дүрэм, бичих арга зүйн суурийг их зөв тавьж өгөх нь зүйтэй санагддаг. Учир нь хүн бичиг мэдэхгүйгээр орчуулга хийнэ гэж байдаггүй. Манайхан хятад хэлийг төрөлх нутагт нь очиж байж сурна гээд л байдаг. Үнэндээ хятад хэл бол сурахад их төвөгтэй учраас юу ч мэдэхгүй харанхуйгаар тэнд очоод сурна гэж байдаггүй. Сурлаа ч бичгийн хэлэнд муу, хар яриагаараа дагначих гээд байдаг тал бий.
-Хүүхдээ хэдэн наснаас нь эхлэн сургавал илүү үр дүнтэй байх бол?
--Аливаа гадаад хэл сурахад суралцагчийн насны онцлог маш чухал. Хүүхдээ багаас Хятад хэлийг сургаснаар ой тогтоолт сайжирч, сууж сурдаг, тайван болдог. Ер нь хятад хэл сурснаар хүний сэтгэл зүйд нь эерэг өөрчлөлт гардаг. Хүн хичээвэл хэдэн ч настай байсан Хятад хэлийг сурчихна. Манайхны зарим нь “би хөгширчихсөн юм чинь одоо хятад хэл сурна гэж худлаа” гээд ярьдаг. Үнэндээ Хятад хэлний дүрэм, өгүүлбэрийн дараалал зарим нэг талаараа монгол хэлтэй төстэй болохоор ямар ч хүн хэдэн ч наснаасаа сурахад оройтохгүй. Хэцүү гэж бодвол бүх л хэл хэцүү. Өөрөө сонирхоод сурах юм бол ямар ч хэл амархан шүү дээ.
-БНХАУ бол дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч орон учраас бизнэсийн чиглэлээр суралцвал илүү үр дүнтэй гэж хүмүүс ярьдаг. Таны хувьд юу гэж зөвлөх вэ?
-Хятад улс дэлхийд эдийн засгаараа тэргүүлэх болсны гол шалтгаан нь тэд иргэдийнхээ боловсролд хамгийн их анхаарсны үр дүн. Тухайн орны хүмүүсийн мэдлэг боловсрол өндөр байх тусам улс орон хөгжих гол хөшүүрэг болдог. Тиймээс Хятад улсад ямар ч мэргэжлээр суралцсан дэлхийн хэмжээний боловсон хүчин болж чадна. Ер нь Хятад хэлийг сурснаар аль ч салбарт амжилттай ажиллаж чадах бөгөөд олон боломжууд нээгдэх нь ойлгомжтой. БНХАУ руу мэргэжил эзэмшихээр явах гэж буй бол эхлээд Монголдоо Монгол багшаар суурь мэдлэгээ тавиулах нь хамгийн зөв алхам гэж хэлмээр байна. Манай боловсролын төвд суралцаж буй ихэнх оюутнууд БНХАУ руу явахаар төлөвлөсөн оюутнууд байдаг. Энд сууриа Монгол багшаар тавиулчих юм бол очоод хэлний бэрхшээлээс болж зовохгүй шүү дээ.
-Танай боловсролын төв жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг үү?
-Одоогоор жуулчлалын үйлчилгээ явуулахгүй байгаа. Манайх Хятад хэлний бүх шатны сургалт явуулдаг. Суурьгүй анхан шатнаас эхлэн HSK-д бэлтгэх гээд бүх шатны сургалт бий. Ямар ч суурь мэдлэггүй хүн манай сургалтад гурван сар сураад HSK3 дэсийн оноонд хүрч чаддаг. Түүнчлэн Хятад улсын их дээд сургуулиас тэтгэлэг авахаар зорьж буй суралцагчиддаа манай багш нар зөвлөгөө, заавар харамгүй өгдөг.
-Хятад хэл сурах явцад ханз, хөг цээжлэхээс эхлээд хичээл зүтгэл их шаарддаг учраас амархан шантардаг гэж олон хүнээс сонссон. Багш хүний хувьд та шавь нартаа юу гэж зөвлөдөг вэ?
- Хэл сурах гэж байгаа хүн маш их хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Энэ хэл надад хэрэгтэй юу? Сурах шаардлагатай юу? гэдгээ мэдэх шаардлагатай. Амар зүйл гэж хаана ч байдаггүй шантрах зүйл гаралгүй яахав. Хятад хэлийг сурснаар, ханз үсгийг бичиж тогтоосноор ой тогтоолт сайжирч хэл сэтгэхүй хөгжүүлэх зэрэг давуу талууд зөндөө бий. Тиймээс хожим өөрөөрөө бахархах түүхийг бүтээхийн тулд өнөөдөр хичээ гэж сурагчдадаа байнга захидаг. Мөн сурагчдадаа сонирхолтой, тэдэнд төвөггүйгээр хэл сургах тал дээр манайх маш их анхаардаг.
-Танай сургалтын төвөөс саяхан Монголд анх удаа Хятад хэл дээр АХА тэмцээн зохион байгуулсан шүү дээ. Тэмцээнд оролцож буй хүүхдүүд анхан шатнаас эхлээд 40хөн цагийн сургалтад суусан гэхэд их мундаг байна лээ. Ер нь анхан шатанд суусан хүн хэдэн ханз мэддэг болох вэ?
- Тиймээ. Энэ жил БНХАУ-н 2016-2017 оны Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн оюутнууд маань “Ханз”-ыг сонгон ирж суралцаж байгаа. Хятад хэл дээр АХА тэмцээнийг явуулснаар суралцагчид маань сурсан зүйлээ улам бататгаж давтан илүү их зүйлийг мэддэг болсон. Ханз боловсролын төвд сурсан оюутнууд суурьгүй анхан шат буюу 40 цагийн хичээлээр 200-300 гаруй ханзыг өөрийн болгодог. Ингэснээр өөрийгөө бүрэн илэрхийлж сурах төдийгүй арилжаа наймаа хийх гээд л хэлний хэрэгцээгээ бүрэн эзэмшиж чаддаг. Мөн хятад хэлний суурь мэдлэгийг цогцоор нь сурч чаддаг юм. АХА тэмцээн үзсэн хүмүүс “40-хөн цаг сурчаад ингэж ярьж, ойлголцож чадаж байгаа юм уу” гээд л манай оюутнуудыг их гайхдаг. Тиймээс оюутнуудаараа их бахархдаг.
-Хятадын Засгийн газрын тэтгэлэгээр 1000 оюутныг тус улсад сургах гэрээг БСШУЯ 2014 онд байгуулсан. Энэ тал дэр таны бодол?
-Энэ бол маш том боломж. Монгол оюутнууд дэлхийн хэмжээний боловсрол эзэмшиж байж улс орон маань хөгжинө. БСШУЯ-наас сүүлийн жилүүдэд дэхийн олон орон, их дээд сургуультай гэрээ хийж монгол хүүхдүүдийг дэмжих болсонд маш их баярлаж байгаа. Тийм дээ ч Хятад хэл сурах, мэргэжил эзэмших хүмүүс Хятадын засгийн газрын энэ тэтгэлэгт хамрагдаасай гэж бодож байна. Хүн хичээвэл маш олон боломж нээгддэгийн баталгаа бол энэ шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Ханз боловсролын төвтэй холбоо барих утас: 99991573