Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) эхэлж буйтай холбогдуулан Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн улсын шалгалт хариуцсан мэргэжилтэн Д.Энхжаргалаас хэдэн зүйл тодрууллаа.
-Элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг хэн боловсруулдаг вэ?
-Шалгалтын материалыг ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн багш нар хамтран боловсруулдаг. Багшлах болон хариуцлага хүлээх чадвар, туршлага зэргийг нь харгалзан багш нарын комиссыг жил бүр сонгодог. Сэдэв, даалгаврыг блупринт буюу танин мэдэхүйн, сэргээн санах, сонгох, задгай, задлан шинжлэх ажил тус бүр хэд байхыг гаргасан хөтөлбөрийн аргачлалаар боловсруулдаг.
-Нэг хичээлийн шалгалтыг хэдэн багш хянадаг вэ?
-20 хүүхдэд хоёр, түүнээс дээш бол 3-5 багш хянадаг. Шалгалтын үеэр багш нар анги дундуур холхих ёсгүй. Яагаад гэвэл хүүхдүүдийн анхаарлыг сарниулах учраас багш нар зогсож хянах учиртай.
-Энэ жил хариултын хуудсыг яагаад шинэчилсэн юм бэ?
-Энэ жил ЭЕШ-ын хариултын хуудсыг шинэчилж олон улсын стандартыг дагасан. Хуудсыг балын харандаагаар бөглөх юм. Ингэснээр буруу бөглөсөн тохиолдолд шалгуулагчид засах боломж олгосон. Балын харандаа, үзүүрлэгчийг сурагчдад шалгалтын эхэнд БҮТ-өөс өгнө.
-Хуудас шалгах машин алдаагүй засдаг нь 100 хувь батлагдсан уу?
-Хариултын хуудсыг уншдаг автомат машин алдаатай шалгасан тохиолдолд тухайн сурагч өргөдөл гарган дахин хянуулах бүрэн боломжтой. Гэхдээ ийм тохиолдол ховор байдаг.
-Монгол хэл, бичгийн шалгалт өгөөгүй хүүхэд их, дээд сургуульд элсэх боломжтой юу?
-Монгол хэл бичгийн шалгалтыг өгч амжаагүй төгсөгчид их, дээд сургуульд энэ жил элсэх эрх үүсэхгүй. Уг хичээл нь их, дээд сургуульд элсэх босго шалгалт юм. Монгол хэл бичгийн шалгалтад 400 оноо авснаар бусад шалгалтыг өгөх эрх үүсэх журмын заалтад өнгөрсөн долоо хоногт өөрчлөлт оруулснаар энэ жил босго оноо тогтоохгүй.
-Өмнөх оны төгсөгчид шалгалтаа хаана өгөх вэ?
-Танхимын багтаамжаас хамааран “Сити” дээд сургууль, Үндэсний технологийн дээд сургууль, Монголын үндэсний их сургуулийн байранд өгнө. Өмнөх оны төгсөгчид бичиг баримтын дутуугаас Монгол хэл бичгийн шалгалт өгч чадахгүй тохиолдол олон гарч байна.
-Батламжаа гээгдүүлсэн тохиолдолд дахин авах боломжтой юу?
-ЭЕШ-ын батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд уг баримтыг хаяж, гээгдүүлсэн тохиолдолд БҮТ-өөс ЭЕШ-нд авсан онооны лавлагаа авах боломжтой. Уг лавлагаа батламжийг орлох юм.
-Орон нутгийн ЭЕШ-ын хариултын хуудсыг БҮТ-д ямар дамжлагаар авчирдаг вэ?
-Орон нутагт ЭЕШ өгч буй шалгуулагчийн материалыг ТЕГ-аар дамжуулан БҮТ-д хүргэж ирдэг. Шалгалт бүрийг дуусахад битүүмжлэн хариултын хуудсыг ТЕГ-д хүлээлгэн өгч, орон нутагт шалгалтууд дууссаны дараагаар зөөвөрлөдөг.