БСШУЯ ISO 9001:2015 чанарын баталгаагаа гардан авлаа. Тодруулбал, БСШУЯ төрийн байгууллагуудаас анх удаа "Чанарын удирдлагын олон улсын стандарт ISO 9001" болзолыг ханган, "Чанарын удирдлагын олон улсын стандарт ISO 9001: 2015-ын батламж"-аа гардан авлаа.
Тус санаачлагыг анх 2014 онд БСШУ-ны сайд Л.Гантөмөр санаачлан гаргасан бөгөөд Монгол Улс 2000 оноос хойш төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ зорилгоор Засгийн газар 2008 оны 265 дугаар тогтоолоор "Төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9000 стандартыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г баталсан байна.
"Яаманд чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандартыг нэвтрүүлсэнээр Төрийн албаны зарчим, ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх мөн чанар, төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, төрийн суурь үйлчилгээг иргэнд адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон яамны хэвийн үйл ажиллагааг хангахад албан хаагчид хоёргүй сэтгэлээр зүтгэх нөхцөлийг бүрэн бүрдүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн төрийн албан хаагчдын улс төрийн нөлөөллөөс ангид байх нь илүү баталгаажих, тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал нь хамгаалагдах, тасралтгүй суралцах, ажилдаа чин сэтгэлээсээ хандах, ирээдүйдээ итгэлтэй ажиллах нөхцөл бүрдэж өгнө.
Удирдлагын энэхүү арга манай улсын төрийн байгууллага ялангуяа төрийн захиргааны төв байгууллагад шинэ нийгмийн шинэ зорилтуудыг хэрэгжүүлэхэд нийцсэн, Үндсэн хууль Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан нэн чухал ач холбогдолтой шинэ арга гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүнчлэн Боловсрол, соел, шинжлэх ухааны яам чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлснээрээ шинэчлэл, өөрчлөлтийн манлайлагч, ухаалаг, зарчимч, шударга төрийг илэрхийлэгч болж чадлаа хэмээн мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүд үнэлж байна.
Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг яамны харьяа боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагадаа үе шаттай нэвтрүүлэх арга хэмжээ авна, санаачлан хэрэгжүүлэх байгууллагуудаа яамны зүгээс бүх талаар дэмжин ажиллана" гэдгээ сайд Л.Гантөмөр мэдэгдлээ.