Монголд байгаа шинжлэх ухааны лабораторитой сургуулийн тоог 18 хүртэлх насны хүүхдийн тоотой харьцуулбал 1х28000 гэсэн тооцоо гарсныг “Монгол ID” группийн ерөнхий захирал М.Халиунбат хэлэв. Өөрөөр хэлбэл, 28 мянган хүүхдэд ерөнхий боловсролын лаборатори сургууль ганц ногдож байна гэсэн үг. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам бага, дунд боловсролын шинэчлэлийн хүрээнд улсын сургуулиудад байгалийн ухааны дэлхийн жишигт нийцсэн лабораториудыг нийлүүлж эхлэхээс өмнө энэ харьцаа хэд байсныг бодохоос ч дургүй хүрч байна. Яагаад гэвэл гэрлийн хугарал, дууны долгион, хурд, хүчний тухай онолын ойлголтуудыг номноос л уншиж, төсөөлөн таамаглаж байснаас биш өөрсдийн гараар тэмтэрч, туршиж, түүнийгээ жинхэнэ мэдлэг болгон тархиндаа хуримтлуулах боломжгүй “харанхуй үе”-д өнгөрсөн бидний сурагч насыг дахиад хэдэн үе туулах бол гэхээс яс хавтайна. Гэхдээ одоо ямар ч байсан 21 аймаг, нийслэлийн найман дүүрэгт 50 орчим лаборатори сургууль үйл ажиллагаа явуулж буй тул чамлахаар чанга атга гээд сууж байхаас. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн хичээл хүүхдэд яагаад чухал байдаг гэхээр тэднийг аливаад илүү бодитой, нухацтай ханддаг болгохын зэрэгцээ юмыг олон талаас нь харж, дүгнэх чадвартай хүчирхэг нэгэн болж төлөвшихөд тустай гэдэг.
Бидний ирээдүй хойчийг залгах учиртай үр хүүхдүүд маань ямар ямар чадвартай байвал зохих тухай М.Халиунбат захирал тайлбарлахдаа “Эрдэм боловсролтой, хүчтэй, урлагт дуртай, чөлөөтэй сэтгэдэг, бас спортоор хичээллэдэг эрүүл чийрэг монгол хүүхдүүд хэрэгтэй байна” гэсэн юм. Тэгвэл Монголд байгаа урлаг, соёлын бүх байгууллагыг хүүхдийнхээ тоотой харьцуулаад үзэхээр 3000 гаруй хүүхдэд нэг байгууллага ногдож буй гэнэ. Хамгийн алслагдсан, жижиг сумын төвийн ажилладаг, ажилладаггүй соёлын төвүүд, кино театрыг хүртэл оруулаад тэр шүү дээ. Ийм байхад монгол хүүхдүүд яаж урлагт дуртай болж өсөх билээ. “Урлаг уран сайханд ойр өсөөгүй хүний зүрх сэтгэл нэг утас нь тасархай гитарын хөгтэй адил” гэж хаанаас ч билээ уншсанаа санаж байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ойртохоор мөнгөний “үнэр” сэнхийлгэсэн янз бүрийн тоглолт, арга хэмжээ хаа сайгүй болдгийг эс тооцвол үнэндээ Монголд хүүхэд, багачуудад зориулсан, тогтмол хөтөлбөртэйгөөр үйл ажиллагаа явуулдаг урлагийн байгууллага бараг үгүй. Энэ талаар БСШУЯ-наас зарим нэг зүйл тодруулах гэтэл “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн хүүхдүүд болон ерөнхий боловсролын сурагчдад чиглэсэн урлаг, соёлын олон арга хэмжээ байгаа шүү дээ. Энэ бол хүүхдүүдийг багаас нь урлагт ойр өсгөхөд төрөөс анхаарч буй хэлбэр” хэмээн их л тэвдэнгүй хариулж байна. Сонгууль дөхсөн учраас өөрсдийнх нь эсрэг пи-ар хийчих вий гэж болгоомжилж буй бололтой. Тэднийг ойлгож байна аа. Би өөрөө цэцэрлэгийн насны хоёр ч хүүхэдтэй тул “Авьяас” хөтөлбөрийн үр шимийг багачууд маань хэрхэн хүртэж байгааг ч мэднэ. Гэхдээ хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй боловсрол, соёл, шинжлэх ухаан гэсэн гурван том салбарын бодлогыг тодорхойлж буй яамныхнаас үүнээс ч ихийг нэхэх эрх иргэн надад байгаа гэж найдсан л хэрэг.
Монголын боловсролын системд урлаг, уран сайхны талаарх цогц бодлого, хөтөлбөр үгүйлэгдээд байгаа учраас эцэг, эхчүүд өөрсдөө тэр дутууг гүйцээхээр хүүхдээ хөтлөөд хаа хүрэхээ мэдэхгүй холын аянд гарцгааж байх шиг санагддаг. XXI зууны Монголыг авч явах ирээдүйн эздийг бэлтгэхэд юу хэрэгтэйг манай үеийн эцэг, эхчүүд үнэндээ сайн мэдэхгүй л байна. Энд би ирээдүйн монгол удирдагчдыг бэлтгэх тухай хэт том зүйл яриагүй шүү. Зүгээр л хүүхэд бүр ирээдүйд олны дунд амиа аваад явчих хэмжээний наад захын дадал хэвшил, мэдлэг чадвартай хүн болж төлөвшиж байгаа болов уу гэдэгт хариулт хайсан эхийн сэтгэлээр асуудалд хандаж байгаа юм. “Гадаад хэлтэй, өндөр боловсролтой л байвал болчих юм байна” гэж зарим нь бат итгэсэн. Үр хүүхдээ эрдэм боловсролтой хүн болгохын төлөө сүүлчийн ганц зоосоо ч хайрлахгүй зориулах “эрэлхэг” ээж, аавууд сүүлийн үед олширч, өндөр төлбөртэй хувийн цэцэрлэг, сургуульд багачуудаа өгөөд, гадаад хэл сургаж байна. Хажуугаар нь соробан сампин, рубикийн шоо, шатар, даам гэх мэтчилэн оюун ухааныг нь хөгжүүлэх төрөл бүрийн дугуйланд хүүхдээ явуулдаг гэр бүл өчнөөн. Ямар сайндаа л нэгдүгээр ангийн охин гэр-сургууль-дугуйлан- өдөр өнжүүлэх-гэр гэсэн маршрутаар хэдэн сар амьдарсны эцэст хэт ядаргаанд ороод, үс нь халцарч байх вэ дээ.
Бас нэг хэсэгт маань “Хүүхдээ урлаг уран сайханд ойр өсгөхгүй бол ирээдүйд амьдрах аргагүй” гэж итгүүлснээр хүүхдээ урлагт дуртай болгохын тулд уран нугаралт, балет, төгөлдөр хуураар “албадан” хичээллүүлж, үйл тамыг нь үздэг эцэг, эх ч олон болсон. Зарим нь хүүхдийнхээ хүсэл сонирхол, авьяас чадварыг бодолцохын оронд аль нэг дугуйланд бушуухан аваачиж бүртгүүлэхийг л урьтал болгоно. Анзаараад байхад энэ нь яваандаа хүмүүсийн хоорондоо зиндаархсан өрсөлдөөн болж хувираад байх шиг. Одоо бүр “Тэднийх хүүгээ соробан сампингийн дугуйланд явуулж байгаа гэнэ. Манайх харин хүүгээ рубикийн шоогоор хичээллүүлнэ шүү”, “Доржийн охин балетаар хичээллэж байгаа юм байна. Манайх охиноо уран нугаралтын дугуйланд аваачиж бүртгүүлнэ ээ” гэх ээжүүд ч тааралдах болов. Хүү, охиноо урлаг уран сайханд ойр, чөлөөтэй сэтгэдэг хүн болгож төлөвшүүлэх гэсэн анхны гэгээлэг зорилгоосоо ингээд гажаад явчихаар юуных нь хүүхэд хөгжүүлэх байх вэ дээ. Хүүхдийнхээ сурч хөгжих эрхийг хангах гэхээсээ илүү харин ч эцэг, эхчүүд өөрсдөө тэдний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа увайгүй үйлдэл гэхээс өөрөөр үүнийг юу гэж тайлбарлах билээ.
Хүнд хоёр төрлийн хэрэгцээ байдгийн анхных буюу физиологийн, аюулгүй байдлын талын асуудалд нь л бид хамгийн их анхаардаг. Хүүхдүүд өлсөж, даарч, хүчирхийлэлд өртөж байна гэж ам хуурайгүй ярьдаг хүмүүс угтаа тэдний энэ хэрэгцээг хангахын төлөө, эрхийг нь хамгаалахын тулд юу хийснийг гэрчлэх зүйл тун ховор байдаг. Гэтэл хүнд соёлын буюу дээд хэрэгцээ гэж байдаг бөгөөд (өөрийгөө хүндлэх, илэрхийлэх хэрэгцээ) энэ нь тухайн хүнийг тодорхойлох гол хэмжүүр болдог аж. Энэ хоёрын дунд нийгмийн хэрэгцээ гэж бас бий. Эдгээрийн аль аль нь хүүхдэд ч бас хамаатай гэдгийг баярынх нь энэ өдөр сануулмаар байна. Ээж нь охиныхоо өмнөөс шийдвэр гарган, төгөлдөр хуурын дугуйланд явуулж, хэдэн жил уйгагүй “нүдсэний” эцэст гайгүй сайн хөгжимчин хүүхэдтэй болжээ. Гэтэл 13 настай охин нь одоо хүртэл гүйж чаддаггүй тул биеийн тамирын хичээлд маш дургүй гэдгийг тэр ээж саяхан багшаас нь олж мэдээд, ихэд харамссанаа ярьж байв. “Би охиныхоо хүүхэд насыг хулгайлчихсан ээж” хэмээгээд тэрбээр шүүрс алдсан сан. Тэр ээжийн буруу мэдээж байгаа. Гэвч тэр биеийн тамирын багшид, цаашлаад манай боловсролын тогтолцоонд буруу байна. Урлаг хөөсөн хүүхэд гэхээрээ л заавал сульдаатай, туранхай эцэнхий байх албагүй. “Төгөлдөр хуур тоглодог юм чинь бөмбөгтэй нөхөрлөж болохгүй” гээд биеийн тамирын хичээлээс бүрмөсөн “чөлөөлж”, гаргуунд нь гаргалгүй, охиноор онцлогт нь тохирсон дасгал хөдөлгөөн хийлгэж, эрүүл чийрэг хүн болгож болох л байсан шүү дээ. Сүүлийн үед багагүй яригдах болсон хүүхдэд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгох тухай санал санаачилгуудыг ажил хэрэг болгох шаардлага эндээс эхтэй биз.