Монгол Улсын экспортын 80 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлдэг бөгөөд Монголын эдийн засаг энэ салбартай хэт хамааралтай байдаг. Гэхдээ сүүлийн үед мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр төрөөс технологийн хөгжлийг оюуны соёл, сэтгэлгээний уран бүтээлүүдтэй хосолсон бодлогоор дэмжин хөгжүүлэхийг зорьж байгаа билээ. Тиймдээ ч нэг жилийн хугацаанд манай контент үйлдвэрлэгчдийн сэтгэлгээ, ур чадварын түвшин нэмэгдэж, үйл ажиллагааны цар хүрээ нь өргөжин идэвхжсэн байна.
Тиймээс БСШУЯ, Япон улсаас суугаа Элчин сайдын яам, “Нүүдлийн зурган өгүүлэмж сан” ТББ хамтран “Монгол агуулгыг дэлхийд экспортолно” уриатай “Контент экспо” болж өнгөрлөө. Тус экспод комик, анимэйшний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, уран бүтээлчид өөрийн хийж буй шинэ бүтээл, хийхээр төлөвлөсөн төслийг танилцууллаа.
Үүнээс гадна комикс ном, анимэйшн бүтээгч бүх насны уран бүтээлч, сонирхогчдын дунд “Монголын анимэйшн комикс авардс”-ыг зохион байгуулах аж. Анимэйшн, комик ном, комик стрип буюу 4 нүдэт комик гэсэн төрлөөр явагдах тус уралдаанд оролцохыг хүссэн хүмүүс 7 сарын 15-наас 8 сарын 1-ны дотор бүтээлээ ирүүлэх ёстой гэнэ. Энэ талаар “Нүүдлийн зурган өгүүлэмж сан”-гийн тэргүүн Н.Эрдэнэбаяраас тодруулахад “Комик бол энгийнээр хэлэхэд цаасан дээр буулгасан КИНО юм. Түүн дээр бүх дүрсийг дүрсэлж болно. Дэлхийн хөгжлийн чиг хандлага нь хүний хөгжлийн тулгуур хүчин зүйл, техник технологийн хөгжил дээр түшиглэсэн мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэхэд голлон анхаарч байна. Хэдийгээр комик анимэйшний салбар монголын залуу салбаруудын нэг бөгөөд хамгийн зардал өндөртэй салбар мөн. Гэхдээ хамгийн хурдан үр өгөөжөө өгөх буюу орлого оруулах салбарын нэг гэж үзэж байгаа. Учир нь маш хүртээмжтэй, бусад салбарт нөлөөлөх нөлөөлөл ихтэй юм. Бусад салбартай харьцуулахад өөрөө маш хурдан бүтээгдэхүүн болон гарах боломжтой” гэлээ.