Монгол Улсад нийт 162.200 оюутан их, дээд сургуульд суралцаж байгаагийн 93 хувь нь хувийн зардлаар суралцдаг бол хувийн зардлаараа суралцаж буй 150.980 оюутны 83 хувь нь эцэг эхийн цалин болоод тэтгэврийн зээлээр сургалтын төлбөрөө төлдөг байна. Тиймдээ ч Засгийн газраас "Сайн оюутан" хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургалтын төлбөрийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Жилийн таван хувийн хүүтэй, 12 сар буюу сургууль төгссөнөөс хойш дөрвөн жил хүртэлх хугацаатай тус зээлд хамрагдахад голч дүн нь 2.5-аас дээш оноотой байх ёстой гэсэн үндсэн шаардлага тавьж буй. Мөн шинээр элсэгчийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтдаа 400 буюу түүнээс дээш оноо авсан байх ёстой гэнэ. Энэ талаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр хэлэхдээ "“Сайн оюутан” хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой хөтөлбөр юм” хэмээж байсан.
Харин өнөөдөр тус зээлийн нээлт АШУИС-ийн Эко танхимд болж, БСШУЯ, төрийн болон төрийн бус өмчийн дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиуд, Хаан, Голомт, Төрийн банктай “Сайн оюутан” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээг байгууллаа.
Энэ үеэр шаардлага хангасан оюутнуудын төлөөлөл болгож 27 оюутанд газар дээр нь сургалтын төлбөрийн зээлийн батламж олголоо.
Мөн түүнчлэн хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулж банкнаас зээл авсан эцэг эхчүүдийн цалингийн зээлийн хүүг “Сайн оюутан” хөтөлбөрийн дагуу нэг удаа оюутны сургалтын төлбөрийн зээл рүү хөрвүүлж, 25 хувиас таван хувь руу буулгаж шилжүүлэх юм байна.