Хүн амьдралдаа мэргэжил, хань хоёроо л зөв сонгочихвол сайхан амьдарна гэж хүмүүс ярьдаг. Ажлын 8 цагийг ядарч стресстэхгүй, эрч хүчтэй, үр бүтээлтэйгээр, гэртээ байх 8 цагаа хайрт хань, энхрий үрстэйгээ аз жаргалтай өнгөрөөж үлдсэн найман цагт юунд ч санаа зоволгүй тайван сайхан амарч чадаж байвал чи өөрийгөө аз жаргалтай байна гэж дүгнэж болох юм.
Манайхан мэргэжил сонголтын тухай юу ч бодохгүй явсаар байгаад цагийг нь тулгачихаад л сандарч яваа харагддаг. Тэгвэл энэ зүйлийг гэнэт санаад л шууд шийдчихдэг тийм амар зүйл биш шүү дээ. Яг энэ үеэс л чи ирээдүйгээ тодорхойлж байна гэж ойлгох хэрэгтэй.
Тэгэхээр гэнэт нэг л өдөр мэргэжил сонгох ёстой гэдгээ санах биш ойролцоогоор 2 жилийн өмнөөс өөрийгөө ажиглаж, өөрийнхөө юу хийх дуртай, юунаас таашаал авдаг, юу чиний сонирхлыг хамгийн ихээр татдаг зэргийг олох ёстой. Тэгээд хэдэн мэргэжил шигшээд сонгочих. Эсвэл зүгээр чиглэл нь байсан ч болно. Харин үүнийхээ дараагаар чиний сонирхлыг илүү татаж байгаа мэргэжлээр суралцахад ямар хичээлүүд судалдаг гэдгийг олж мэдэх шаардлагатай. Энийг олж мэдвэл сурж байх явцад чинь хэр зэрэг хүндрэлтэй болохыг урьдчилан таамаглаж болох юм.
Дараагийн үе шат бол сонирхож байгаа мэргэжлээр чинь аль сургуулиуд бэлтгэдэг тухай судлах. Найзууд дунд чинь, эсвэл найзын чинь найзад таалагдаж байгаа сургуульд чинь суралцдаг хүүхэд байж л таараа. Тэгвэл тухайн сургуулийнхаа ерөнхий наад захын зүйлсийг жишээ нь багш нар нь хэр зэрэг ааштай, хичээлээ яаж заадаг, сургуулийн уур амьсгал гээд л гуанзных нь тухай хүртэл сайн асуугаарай. Олны үг ортой байдаг юм.
Сургуулийн нэр хүндэд болж сонголтоо бүү хийгээрэй гэж хатуу сануулмаар байна. Ямарч сургуульд чиний хэр сайн сурах, юу мэдэж авах чинь чамаас л шалтгаалдаг болохоос нэр хүндтэй, том сургууль төгссөнөөр чинь чамайг дүгнэдэг үе өнгөрсөн. Хамгийн гол нь чамд альваа зүйлийг хийе гэсэн хүсэл эрмэлзэл, зүтгэл, хурдан шаламгай хөдөлгөөн, эрч хүч байх нь чухал. Болж өгвөл энэ зан чанаруудыг чин сэтгэлийн гүнээсээ гаргаж байгаарай. Өөрт чинь юу ч хийхэд төвөггүй мэт санагддаг болчихдог юм шүү.
Мэргэжлээ зөв сонгоод аз жаргалтай амьдралынхаа эхлэл рүү итгэл дүүрэн алхаарай. Чамд амжилт хүсье.