Малчны хүүхдийг долоон настайд нь сургуульд оруулж болох тухай хууль УИХ-ын чуулганаар батлагдаад сар орчим хугацаа өнгөрчихөж. Зайлшгүй нөхцөл байдлын улмаас хүүхдээ зургаан настайд нь сургуульд элсүүлэх боломжгүй малчин эцэг, эхийн санал хүсэлтийг сургуулийн захиргаа хэлэлцэж, шийдэх тухай өөрчлөлт Боловсролын багц хуульд орсныг мэдэж байгаа хүн хэр олон бол. Хүүхэдтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын зарим түшмэл, агентлагийн дарга нар нь “Энэ хуулийн төслийн талаар уг нь яригдаж байсан ч одоогоор бидэнд тодорхой мэдээлэл алга.
Хэрэв хууль батлагдсан бол дагаж мөрдөх журам нь ирэх ёстой доо” гэж байна. Хачин юм шүү. Тэгвэл энэ хичээлийн жилээс эхлээд хүүхдээ зургаатайд нь сургуульд оруулах уу, нэг жил өнжөөгөөд долоон настайд нь өгөх үү гэдэг сонголт хийх дархан эрхтэй болсон малчид хүртэл уг хуулийн талаар ямар ч ойлголтгүй байгаа юм билээ. Ингэхэд ер нь энэ намар шинээр сургуульд орох зургаан настнуудыг ямар холион бантантай хутгах гээд л байна даа.
2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийтдээ 66048 хүүхэд нэгдүгээр ангид элссэнээс 10052 нь малчны хүүхэд байжээ. Түүнээс өмнөх жил улсын хэмжээнд 62367 хүүхэд анх сургуульд орсноос 12145 нь мөн малчных байсан юм билээ.
Тэр үед чив чимээгүй байсан хүмүүс яагаад гэнэт энэ жил зургаан настнуудаар “оролдоод” эхлэв гэдэг асуулт хамгийн түрүүнд урган гарч ирнэ. Малчдын хүүхэд зургаан настайдаа сургуульд орсноос улбаалаад залуу малчдын халаа байхгүй болж, гэр бүлийн хоёр холдож салах дээрээ тулсан гэх гомдол цөөнгүй ирж байгаа юм байх аа. Монголын бүх малчин өрх хүүхдээ үеийнхнээс нь нэг жилээр хойно сургуульд оруулж өгөхийг хүссэн гэдэгт итгэхгүй байна. Зөвхөн үүнээс болоод монголчууд хүүхдээ найман нас хүртэл нь сургуульд өгдөггүй “зөнөг” боловсролын тогтолцоотой хэдхэн улсын нэг болж ухрах шалтгаан байсан гэж үү.
Тэгээд хэдхэн жилийн өмнө нэвтрүүлсэн боловсролын шинэчлэлийн нөгөө айхтар тогтолцоо маань одоо юу болж таарах вэ. “5-6 настай хүүхдүүдийн оюун ухаан аливаа зүйлийг хүлээж авахдаа хамгийн сэргэг байдаг” гээд ухуулаад байсан чинь яалаа. Малчны хүүхэд болж төрснөөрөө тэр аав, ээжийнхээ хүсэлтийн, эсвэл хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн “золиос” болж, үеийнхнийхээ өмнө зөнөг мангараараа дуудуулан адлуулах ёсгүй биз дээ. Энэ бол хүүхдийн сурч боловсрох эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа явдал мөн билээ.