Баянзүрх дүүргийн XIII хороонд байрлах Улсын тэргүүний 14 дүгээр сургуулийн тааз нурсан учир нийслэлийн МХГ-аас сургуулийн барилгыг ашиглах боломжгүй, нурах аюултай гэсэн дүгнэлт гаргасан. Ингэснээр тус сургуулийг буулган, үйл ажиллагааг нь зогсоосон юм. Энэ явдал 2013 оны арванхоёрдугаар сарын 6-нд болсон. Тиймээс тус сургуулийн сурагчид дөрвөн өөр сургуульд хуваагдан гурван жилийн нүүр үзэж байна. Ийм байдлыг цаашид тэвчих аргагүй болсон багш, сурагч, эцэг эхчүүд өнөөдөр сургуулийнхаа үүдэнд жагсахаар болжээ.
Тус сургууль 140-өөд багш, ажилтан, 2500 орчим сурагчтай. Гэвч тэдний олонх нь өөр сургуулийн байр царайчлан, 1-3 дугаар ангийн сурагчид өргөтгөлийн байрандаа гурван ээлжээр хичээллэж байгаа юм. 3в ангийн багш Ц.Адъяа “Сургуулийг маань барихгүй гурван жил боллоо. Бид арга ядаад гурван ээлжээр хичээллэж байна. Бага насны хүүхдүүдийн сурах идэвхтэй цаг гэж бий. Өглөө эрт сэргэлэн цовоо байхдаа хүүхэд илүү сайн сурч, юмыг амархан ойлгодог. Гэтэл гуравдугаар ээлжийн хүүхдүүдэд 16.00 цагаас хичээл орж байна. Өвлийн улиралд хүүхдүүд харанхуй болсон хойно гэртээ харьдаг.
1-5 дугаар ангийн сурагчдыг гараас гарт хүлээлгэн өгөх ёстой учраас багш нар эцэг эхчүүдийг хүлээн, 21.00 цаг хүргэх нь ч бий. Зуны амралт эхлэхээс өмнө энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол ирэх намар ийм байдалтай ажиллана гэвэл хэцүү. Гэтэл одоо болтол сургуулийн шав ч тавиагүй” гэв.
Хоёр болон дөрөвдүгээр ангид сурдаг хүүхэдтэй эцэг, эх тэднийг хоёр өөр газар луу зөөхөөс эхлээд хүндрэлтэй байгаагаа учирласан. Сургуулийн захирал В.Цэцгээ “Сургуулийн барилгын зураг төслийг Барилгын хөгжлийн төвийн магадлалд оруулахаар өгсөн гэсэн. Магадлалын дүгнэлт гарсны дараа Хөрөнгө оруулалтын газар төсөв, зураг төсөл, гүйцэтгэгч компанийн асуудлыг шийдүүлэхээр Засгийн газрын хуралд оруулна. Ингэсний дараа барилгын ажил эхлэх юм гэсэн.
“Хэр хэмжээний хөрөнгөөр барих нь тодорхойгүй учраас барилгын ажлын талаар Засгийн газрын хуралдаанд оруулж болохгүй байна” гэсэн тайлбар Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар бидэнд өгсөн. Манай сургуулийн барилгыг “Цамхаг констракшн” компани буулгасан. Энэ компани концессын гэрээгээр барих ёстой. Гэтэл үнэ өртөг дээрээ тохирч чадахгүй байх шиг байна.
Бид 1-3 ангийн хүүхдүүдээ өргөтгөлдөө хичээллүүлж, 4-5 дугаар ангийнхнаа “Шавь” цогцолбор, долдугаар ангийн зургаан бүлгийг 53 дугаар сургууль, үлдсэн хүүхдүүдээ 92 дугаар сургуульд хичээллүүлж байгаа. Сургуулийн барилгын захиалагч нь БСШУЯ учраас Л.Гантөмөр сайдыг анхаарч ажиллаж байгаа гэж найдъя” гэв.