Жүжигчин Амараагийн "Би юу хийчвээ" бичлэг олон нийтэд цацагдаж ихээхэн анхаарал татсан. Уг бичлэгийг "Херо"-гоос МАН-ын захиалгаар хийгдсэн гэж мэдэгдсэн ч МАН-аас үгүйсгэсэн. Харин өмгөөлөгч Г.Батбаяр жүжигчин Амарааг сонгууль будлиантуулах бичлэг хийсэн хэмээн цагдаад шалгуулахаар гомдол гаргасан юм. Уг асуудлаар өчигдөр Амараа цагдаагийн байгууллагад байцаалт өгсөн. Харин өнөөдөр ЦЕГ-аас энэ асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү "Иргэн н.Батбаяраас “Амараагийн харамсал” нэртэй бичлэгийн талаар шалгаж өгнө үү гэсэн өргөдөл цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Энэ дагуу жүжигчин Б.Амарсайханаас мэдүүлэг авсан.
Тухайн иргэний гаргасан өргөдөл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай харьяа прокурорт шилжүүлсэн" гэв.