Техник технологийн дээд сургууль өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь тэнд “Ур чадвар 2016” олон улсын тэмцээн болж, тус сургуулиас гадна ОХУ-ын Буриадын Ойн аж үйлдвэрийн коллеж, Солонгос-Монголын политехникийн коллежийн шилдэг арван оюутан чадвараараа өрсөлдсөн юм. Энэ удаагийн тэмцээнийг автомашины механик, гагнуур гэсэн хоёр төрлөөр зохион байгууллаа.
Автомашины механикч мэргэжлээр сурч буй оюутнуудад хөдөлгүүр засахаас эхлээд будаг, замаск хийх чадварыг эзэмшүүлдэг болжээ. Тиймээс бусадтайгаа туршлага солилцож, алдаа, оноогоо дэнслэхэд ур чадварын тэмцээн ач холбогдолтой аж.
Тэдэнд автомашины хөдөлгүүр задалж, гэмтлийг нь оношлоод, буцааж угсрахад ердөө гуравхан цагийн хугацаа бий. Тиймээс тэд зөвхөн урдах даалгавартаа л анхаарах ёстой. Харин шүүгчид зөв багаж, хэрэгсэл сонгож уу, хэрхэн задалж байна, хөдөлгүүрийг зогсоосон гэмтлийг зөв оношилж байна уу гээд хатуу хяналт тавьж, тэр бүрт нь оноо өгнө. Хөдөлгүүрийг ажиллагаагүй болгосон гэмтэл нь хэний ч санаанд оромгүй, өчүүхэн учир задалж байхдаа анхааралтай байх нь чухал гэдгийг шүүгч нар онцолсон. Харин дараа нь тэд автомашины кузов засаж, будах ёстой. Замаскийг өөгүй тавьж, тухайн тээврийн хэрэгслийн үндсэн өнгийг гаргаж будсан оюутан хамгийн өндөр оноо авах учиртай.
Автомашины механикчдийн тэмцээн эхлэхтэй зэрэгцэн гагнуурын дадлагын өрөөнд шилдгийг шалгаруулах өрсөлдөөн өрнөхөд бэлэн болсон байв. Орос, монгол нийлсэн дөрвөн оюутан жижиг хоолой, хавтанг ямар нэгэн гэмтэл согоггүй гагнах ёстой. Тэдэнд уг хоёр даалгаврыг гүйцэтгэхэд хоёр цаг 20 минутын хугацаа бий.
Чадварыг чухалчилдаг болсон өнөөгийн нийгэмд чадварлаг боловсон хүчин бэлтгэх ёстой учраас тус тэмцээн үр дүнгээ өгнө гэдгийг Техник технологийн дээд сургуулийн захирал Б.Ганбат онцолж байв. Оюутнууддаа дан ганц онолын мэдлэг олгох бус, чадвар давхар эзэмшүүлдэг болсноор тус сургуулийн оюутнууд олон улсын тэмцээнд оролцож, өөрсдийгөө чадварлаг боловсон хүчин гэдгээ баталжээ. Тодруулбал, уг сургуулийн гурван оюутан өнгөрсөн онд Бразил улсын Сан-Пауло хотод зохион байгуулагдсан дэлхийн ур чадварын тэмцээнд оролцож, мужааны ангийн оюутан Т.Нармандах үндэсний шилдгээр шалгарсан байна.
Ур чадварын тэмцээн манай улсад болдог хэдий ч тэр нь мэргэжил, сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн дунд л зохион байгууллагддаг байж. Энэ нь учир дутагдалтай байсан тул гадаадын сургуулийг хамруулан техникийн боловсролын шатлалд ийм тэмцээн зохион байгуулах санаачилгыг Техник технологийн дээд сургуулийнхан гаргажээ. “Ур чадвар 2016” нь гадаадын сургуулийн оюутан оролцуулсан анхны ур чадварын тэмцээн болж буй юм.
Тус сургууль ОХУ-ын Буриадын Ойн аж үйлдвэрийн коллежтэй гурав дахь жилдээ хамтран ажиллаж буй бөгөөд энэ хүрээнд уг тэмцээнийг зохион байгуулж байна. ОХУ-ын Буриадын Ойн аж үйлдвэрийн коллежийн оюутнууд бүс нутагтаа шилдэг гэдгийг багш нар нь хэлж байв. Учир нь тус сургууль оюутнуудаа чадавхжуулахад гол анхаарлаа хандуулдаг гэнэ.
Тиймээс бүс нутагтаа магадлан итгэмжлэгдсэн Техник технологийн дээд сургууль мөн л уг жишгийг нэвтрүүлжээ. Дадлагын байруудыг тохижуулснаас эхлээд тус сургууль оюутнуудаа чадавхжуулах бүхий л боломжийг бий болгосноос үүнийг харж болно. Мужааны өрөөнд оюутнууд мод хэрхэн харуулдахаас эхлэн бүх ажлыг турших боломжтой. Ийнхүү оюутнуудаа чадавхжуулахад анхаардаг болсноор төгсөгчдийн 80 хувь нь ажилтай болдог гэнэ. Мөн тэдэнд эзэмшсэн мэргэжлээрээ шат ахиулан суралцах боломж нь нээлттэй байдаг гэнэ. Суралцаж байх хугацаандаа мэргэжлийн ур чадвараа сайн эзэмшсэн учир ажилд орсон байгууллагынхаа тэтгэлгээр мэргэжил дээшлүүлэхээр суралцдаг оюутан цөөнгүй гэдгийг удирдлагууд нь онцолж байсан.
Энэ талаар сургуулийн захирал Б.Ганбат “Мянганы сорилтын сангаас манайд сургуульд 3.2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлж, багш, удирдлагуудыг чадавхжуулж, орчин үеийн техник нийлүүлсэн. Манай сургууль шаталсан сургалт явуулдаг Монгол Улсын барилгын мэргэжлийн жишиг сургууль. Олон улсад магадлан итгэмжлэгдсэн. Өнгөрсөн онд Бразил улсад болсон дэлхийн ур чадварын тэмцээнд манай оюутнууд оролцож, үндэсний ялагч болсон. Энэ удаагийн тэмцээнд манай сургуулийн дөрөв, Буриадын гурав, Солонгос-Монголын политехникийн коллежийн гурван оюутан оролцож буй.
Буриадын оюутнууд улсдаа чадвараараа дээгүүрт ордог гэсэн. Гэхдээ манай оюутнууд тэднээс дутахгүй чадвар эзэмшсэн” гэв. Ингээд тэмцээний дүнд гарахад Монгол оюутнууд чадварлаг боловсон хүчин гэдгээ баталсан юм. Автомашины механикчийн тэмцээний нэгдүгээр байрт Техник технологийн дээд сургуулийн оюутан М.Агваансодов, хоёрдугаар байрт Солонгос-Монголын политехникийн коллежийн оюутан Т.Энхболд, гуравдугаар байрт Буриадын Ойн аж үйлдвэрийн коллежийн оюутан Антонов Алексей шалгарлаа.
Гагнуурын тэмцээний нэгдүгээр байрыг Техник, технологийн дээд сургуулийн оюутан Ж.Жанлав-Ойдов авсан бол мөн тус сургуулийн оюутан Б.Гантогтох удаах байрыг эзлэв. Харин гуравдугаар байрт Буриадын Ойн аж үйлдвэрийн коллежийн оюутан Яньков Евгений Дмитриевич орсон байна.