Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд бага боловсролын эх хэл, байгалийн ухаан ба математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж, сургуулийн түвшинд төлөвлөлтийг бэхжүүлэх замаар бага боловсролын чанарыг сайжруулахад энэхүү үйл ажиллагаа бүхэлдээ чиглэгдэх бөгөөд Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээл болох 30 сая ам.доллароор санхүүжигдэн 2015 оны 11 дүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлээд байна.
“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн Бага боловсролын сургалтын чанарыг сайжруулах төсөлд 14.9 сая ам.доллар зарцуулагдах бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудын дунд СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР-ийг зарлан 2015-2017 оны хооронд улсын хэмжээнд 3 үе шаттайгаар тэтгэлэг олгох юм.
Чингэлтэй дүүргийн хэмжээнд бага ангитай төрийн өмчийн 12 сургууль үйл ажиллагаа явуулж байгаа ба сургуулиуд төслийн саналаа илгээж одоогоор 12 сургуулийн 14 төсөл 84 225 805 төгрөгний тэтгэлэг авахаар шалгараад байна. Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн II шатны шалгаруулалтад идэвх санаачилгатай, бүтээлч хандаж ажилласан нийт ерөнхий боловсролын сургуулийн хамт олондоо талархаж байна. II шатны шалгаруулалтад оролцохоор бичсэн бүх төсөл 100 хувь шалгарсан байна.