“Оюуны ундраа пропертиз” компанийн гүйцэтгэх захирал О.Тэнүүнийг “Нямын зочин”-оор урилаа. Бүтээн байгуулах чин хүсэлтэй, Монголын нэгэн залуу шинэ зүйл рүү тэмүүлж явна. Түүний үзэл бодол, ажил үйлсээр аялцгаая.
-Таныг саяхан сургууль төгссөн гэж дууллаа. Ямар чиглэлээр суралцав?
-Удирдлагын академийн төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын аюулгүй байдлын чиглэлийн судалгааны ажлаар дипломоо хамгаалсан. Хоёр жил хагасын хугацаанд их зүйл сурч, олон салбарын хүмүүстэй танилцаж нөхөрлөлөө. Удирдлагын академид хичээлээ хийдэггүй, бүтэхгүй нөхөд сурдаг гэсэн яриа байдаг шиг байна лээ.
Хичээлээ хийх, хийхгүй нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах байх. Монголдоо дорвитой судалгаа, шинжилгээ хийж буй профессорууд Удирдлагын академид багшилдаг. Цаг хугацаа өнгөрөх тусам чанаржиж байгаа үндэсний сургууль гэж би бодож байна.
-Залуус, ялангуяа бизнесмэнүүд гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулийг сонгож суралцахыг эрмэлздэг. Яагаад дотоодын сургууль сонгосон бэ?
-Гадаадад суралцахын тулд ажлаа 1-2 жил орхих шаардлагатай болно. Ажлынхаа зав чөлөөгөөр мэдлэг боловсролоо дээшлүүлж, өөртөө хөрөнгө оруулалт хийхээр Монголдоо яагаад сурч болохгүй гэж. Миний хувьд том бүтээн байгуулалт бүхий төсөл удирдаж байгаагийн хувьд орхиж явах боломжгүй байлаа. Дотоодынхоо том судлаачдын үгийг сонсоход буруудахгүй. Ер нь ойрын хугацаанд гадагшаа явж сурна гэсэн төлөвлөгөө байгаа.
-Өмнө нь хаана боловсрол эзэмшсэн бэ?
-Ахлах сургуулиа Америкт төгссөн, бакалавраа Лондонд хамгаалсан. Бээжинд хоёр жил сураад, хажуугаар нь ажилладаг байлаа. Монголчууд Бээжин орохыг нэг сумаас нөгөө рүү явахын дайтай тоомжиргүй хүлээж авдаг, бас сайн мэднэ гэж барддаг, Хятад гэхээр нэг л элэггүй ханддаг юм шиг санагддаг байлаа. Би ч мөн адил тэгж боддог байсан. Бээжинд очоод энэ бодол минь өөрчлөгдсөн. Тэр том үндэстнийг таньж, судалж, тэднээс суралцах хэрэгтэй юм байна лээ.
Хэлийг нь сурсны дараа тэдний талаарх хандлага өөрчлөгдсөн. Ямар чанга орилолдож ярьдаг юм бэ гэж боддог байв. Зөвхөн хэлийг нь сурах биш, хүнийг нь таних, ёс заншлыг нь суралцах нь чухал юм байна л даа. Одоо хятадуудтай бизнес хийхэд тэдний хэв маягаар харилцаж чадна. Монгол маягаар тайлбарлавал “Наадах чинь биш” гэж хятадууд гөжүүдэлнэ. Хятад маягаар, гэхдээ хувилбарыг нь жаахан өөрчлөөд тайлбарлавал шууд ойлгоно.
Тохируулж, эвийг нь олж ойлголцох хэрэгтэй. Манайхан хятад хүн муу гээд туйлшраад байдаг. Мэдээж тэнд сайн ч, муу ч хүн бий. Улсын маань эдийн засаг Хятад, Орос хоёр хөршөөс хамааралтай учир тэдэнтэй зөв харилцах ёстой гэж боддог.
-Төрийн удирдлагын чиглэлээр магистр хамгаалсан гэхээр улс төрд орох бэлтгэлээ хангаж байгаа юм болов уу гэж бодлоо.
-Бэлтгэл хангах гэхээсээ илүү тал талын мэдлэгтэй болохыг хүссэн юм. Тал талын мэдлэгтэй болж, олон сэдвийн хүрээнд үнэлэлт дүгнэлт өгч чаддаг байвал зүгээр гэж боддог. Улс төр, нийгэм, спорт гэх мэт төрөл бүрийн салбарын юу нь болж, юу нь болохгүй байгааг олж харж чаддаг байх хэрэгтэй.
Суралцах явцдаа төрийн албан хаагч ямар байх ёстой вэ, ёс зүйгээ хэрхэн баримтлах вэ гэх зэрэг олон зүйл сурч мэдлээ. Манай ангийнхны олонх төрийн албанд ажилладаг байсан. Төрд ажилладаг хүний бодол, хувийн хэвшилд ажилладаг хүнийхээс өөр байгаа нь харагдаж байсан. Ангийнхнаасаа их зүйл мэдэж авсан шүү. Сонирхолтой байсан.
-Танай компанийн эхлүүлсэн бүтээн байгуулалт дуусах дөхөж байгаа юу?
-Манай хамт олон “Их Зайсан цогцолбор”-ынхоо барилгыг энэ жил дуусгах төлөвлөгөөтэй бүх хүчээ төвлөрүүлээд ажиллаж байна. Эдийн засаг таагүй байгаа нь сөргөөр нөлөөлж байгаа ч дуусгая гэсэн эрмэлзэл дүүрэн байгаа болохоор олон зүйл нуршаад яах вэ. Дуусгана гээд л хэлчихье. Чадахгүй нь гээд суугаад байвал хэзээ ч дуусахгүй биз. Ер нь би өөдрөг үзэлтэй хүн болохоор бүхнийг зөв талаас нь харвал болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй гэж бодож байна.
-Эдийн засгийн хүндрэл таныг хэр өвтгөж байна вэ?
-Өвтгөж байна. Гэхдээ өвдөлтөөс кайф авч байгаа. Өвтгөөд ч байгаа юм шиг, гижигдээд ч байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байна (Инээв). Ийм нөхцөл байдалд ямар арга хэмжээ авч болох вэ, аль шийдэл нь зөв бэ гээд олон санааг бодож олдог юм шиг. Талх бэлэн байвал хүмүүс идээд л сууна. Үр тариа нь байгаад талхгүй бол хийх арга хайна. Олон өнцгөөс харж хийх аргаа олох нь кайфтай санагддаг. “Zaisan square” төслийг хэрэгжүүлж байхад мөнгөний урсгал сайн байлаа. Тухайн үед “ингэ, тэг” гээд зааварчлаад, мөнгийг нь төлөөд бүх зүйлээ худалдаад авчихаж байсан.
Гэтэл “Их Зайсан цогцолбор”-ын ажил ид эхлэхэд эдийн засаг хүндэрч, мөнгөний урсгал саарсан. Бэлэн мөнгө төлөөд материалаа худалдаж авч чадахаа больсон. Ийм үед надад хэрэгтэй зүйл чамд байна, чамд хэрэгтэй зүйл надад байна уу гээд хоёулаа солилцох журмаар арилжаа наймаа анх үүссэн зарчим руу үйл ажиллагаагаа шилжүүлсэн дээ. Одоо бартерын наймаа ярьдаггүй, хийдэггүй компани бараг алга гэж хэлж болох байх.
Хүндрэлтэй үед хүн бүтээх, болгох маш олон арга зам эрэлхийлдэг юм байна. Толгойгоо байнга ажиллуулж, их явж, олон хүнтэй уулзан, бэрхшээлээ шийдэх гарц хайж байна. Жижиг, том гэлтгүй бүх л ажлыг зохицуулж явна. Дараа нь эдийн засгийн хүндрэл тохиолдоход алзахгүй гэж бодож байгаа шүү.
-Эдийн засгийн хүндрэл бизнесмэнүүдэд төдийгүй улс оронд ч асар том сургамж үлдээж байгаа болов уу?
-Үнэхээр асар том сургамж үлдээж, амьдралын хичээл заалаа. Би ганцаараа хүндрэлийг даван туулаад байгаа юм биш шүү. “Оюуны ундраа”-д ажиллаж байгаа хүн бүрийн хичээл зүтгэлийн үр дүн энэ хүндрэлийг даван туулахад нөлөөлж байгаа гэдгийг хэлмээр байна. Хэн түрүүлж сэтгэх вэ гэсэн уралдаан зарлачихсан юм шиг олон санаа олж, маш сонирхолтой ажиллаж байгаа.
-Агаарын зам татах төсөл чинь сонирхол их татсан. Хэрэгжүүлбэл Монголд өмнө нь байгаагүй шинэлэг бүтээн байгуулалт болно. Энэ төслөө хэзээнээс эхлүүлэх вэ?
-“Zaisan square”, “Их Зайсан цогцолбор”, агаарын зам татах төсөл хоорондоо уялдаатай юм. Ерөнхийд нь “Zaisan hill” төсөл гэж нэрлэж байгаа. Зайсан толгой орчимд хот доторх анхны хотыг бий болгоё гэж зорьсон. Мөн Улаанбаатар хотын замуудын дийлэнх нь дөрвөн эгнээтэй учир түгжрэл ихтэй. Улаанбаатарын замын түгжрэлийг хэрхэн багасагаж болох вэ гэдгийг судалсаны үндсэн дээр агаарын зам татах төслийг эхлүүлсэн.
Метро байгуулах төслийг харлаа. Метро байгуулах нь асар хэцүү, агаарын замаас 4-5 дахин өндөр зардалтай байсан. Зайсан, хүүхдийн парк хоёрыг агаарын замаар холбочихвол, Паркаас хүмүүс Зайсанд ирж, манай цогцолбороор үйлчлүүлээд, Зайсангаас паркт очиж тоглох боломжтой болох юм. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд асар олон зөвшөөрөл авах хэрэгтэй. Иймээс монголчуудын дэмжлэг маш чухал. Одоо төслийн ТЭЗҮ-ийг хийж, агаарын замын багана босгох газраа сонгож байна. Гэрийнх нь дээгүүр агаарын зам татна гэхээр тасраад уначихвал яах вэ гэсэн айдас хүмүүст төрнө. Хамгийн түрүүнд тулгарах том хүндрэл энэ юм.
Бид аюулгүй ажиллагааг бүрэн хангасан төсөл хэрэгжүүлнэ. Байгалийн асар том гамшиг нүүрлээд, том биет дээрээс нь унадаггүй л юм бол агаарын замын тросс тасрахгүй. Харин дүүжин автобус гацах магадлалтай ч энэ бол санаа зовоох асуудал биш, тэр дор нь засчих боломжтой. Төсөл хэрэгжсэнээр улаанбаатарчууд агаарын замаар зорчих боломжтой болно.
Аялал жуулчлалын нэг бүтээгдэхүүн нэмэгдэнэ. Агаарын замаар Зайсангаас найман минутад яваад хотын төвд хүрээд ирнэ. Агаарын бохирдол бууруулах, цаг хэмнэх давуу талтай төсөл. Улаанбаатар хотын удирдлагууд энэ талаас нь харж дэмжээсэй гэж хүсэж байна.
Хотын төвөөс салаалаад хотын баруун, зүүн тал руу агаарын зам татаж болно. Мөн Зайсангаас Богд уулын Цэцээ гүн оргил хүртэл агаарын зам татах бодол бий. Улаанбаатарчууд минь дэмжээрэй гэж уриалъя.
-“Zaisan hill” төсөл хэрэгжүүлэх санааг анх хэн гаргасан бэ?
-2004 онд би аавтайгаа хамт Зайсан толгойн бэлээр алхсан юм. Хог новш, архины шил хөглөрсөн тиймэрхүү орчин байсан. Тэр үед “Энд яагаад залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх ногоон байгууламжтай төв барьж болдоггүй юм бэ” гэж ааваасаа асууж байлаа. Аав минь “Нээрэн яагаад болохгүй гэж, их зөв санаа байна” гэж дэмжсэн.
Зайсанд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв барих санаа ингэж төрсөн. Тэгээд 7-8 хуудас танилцуулга бэлтгэж, “Их зайсан цогцолбор” төслийн хар зургийг нь гаргаж байлаа. Төслийн анхны бүтээн байгуулалт 2008 онд эхэлсэн. Би 2012 оноос “Zaisan hill”-ийг удирдаж байна.
-Таны аав С.Отгонбаяр нэртэй бизнесмэн төдийгүй УИХ-ын гишүүн, төрийн сайд явсан учраас монголчууд андахгүй. Аавынхаа тухай яриач.
-Аав минь их зарчимч, Монгол Улсын төлөө байнга санаа тавьж явдаг хүн. Амьдралаа өөд нь татах, биднийг өсгөж хүмүүжүүлэхийн төлөө залуугаасаа бизнес хийж, асар их хөдөлмөрлөж өдий хүрсэн. Одоо ч бидэнд зааж зөвлөж, сургаж явна. Гадаа тоглож байгаад “Аав чинь ирлээ” гэхээр л гэр рүү харайлгадаг байлаа. Зарчимч хүн болохоор их л эмээдэг, мөн асар их хүндэлдэг байсан.
Аавдаа эрхэлж, тэгмээр, ингэмээр байна гэж хэлж үзээгүй. 18 насныхаа төрсөн өдрөөр уйлж байгаад аавтайгаа ярилцсан. Намайг тоодоггүй, хөндий харилцдаг, танаас байнга айдаг гээд. Түүнээс хойш, сэтгэл онгойгоод сайхан болсон. Би тэр мөчийг мартдаггүй юм.
Манай өвөө бас “Чи улс эх орныхоо төлөө их зүйл хийх ёстой”, энэ улс эх орныг яаж өөд нь татах вэ, хэрхэн хичээж зүтгэх вэ” гэж үргэлж ярина. “Улс эх орны төлөө” гэсэн үг чихэнд хонх шиг л уяатай өссөн.
-Эх оронч үзлийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Эх оронч үзэл хувь хүнээс эхэлдэг гэж боддог. Хэр боловсорч, биеэ яаж авч явж, улс орноо гадна талд хэрхэн тодорхойлуулж байна гэсэн хэмжүүрээр үнэлж болох байх. Би эх оронч гээд хятадуудыг зодохдоо биш, хүн өөрөө хүн шиг явж, эх орноо бусдад зөвөөр таниулж, мэдрүүлж байгаа тохиолдолд эх оронч гэж хэлэгдэх эхний шат тавигдана.
Монгол гэдэг улс ямар түүх, уламжлал, ёс заншилтай вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгээд дараа нь хөгжүүлэхийн төлөө яах ёстой вэ гэж бодож, түүнийгээ үйлдлээрээ харуулах ёстой. Түүнээс биш, би эх оронч гэж яриад, цээжээ дэлдвэл туйлшрал.
-Эх орноороо хэр их аялсан бэ?
-Хоёр жилийн өмнө баруун нутгуудаар аялсан. Ховд, Баян- Өлгий, Увс аймгаар явж, Алтай таван богд, Увс, Хяргас нуур, Хархираа, Түргэний уулсыг үзсэн. Үнэхээр тасархай байсан шүү.
-Алтай таван богдод очиход ямар мэдрэмж төрсөн бэ?
-Нэг гоё зураг дарсан. Түүнийгээ харах дуртай. Цаанаасаа сүрлэг, бяр амтагдана гэдэг дээ, тийм нэг хүч мэдрэгдэж огшоосон. Арслан, барын зүрх залгичихсан юм шиг л омогшсон. Оройд нь гарч үзмээр санагдсан. Уулчин биш учраас чадахгүй л дээ. Гэхдээ бүтэхгүй, болохгүй юм гэж байхгүй. Хэзээ нэгэн цагт болох байлгүй.
-Очсон хүн бүрт оройд нь гармаар санагддаг байх. Бэлтгэл хийж байгаад авирвал ямар вэ?
-Би багаасаа спортоор хичээлсэн. Тиймээс болохгүй юмгүй л гэж боддог. Багадаа гарааш дээр гарч тоглодог байлаа. Уулын орой булаалдана гэж гүйнэ, самкат хийж байгаад Сансарын туннелийн уруу гулгадаг байлаа. Хөлбөмбөг тоглодог байсан. Одоо сагс тоглож байна. Хүмүүс дуртай юмаа хийхээр орчлонгоос тасарчихдаг шүү дээ. Би сагс тоглохоор бүхнийг мартаад төвлөрчихдөг юм. Одоо “Спрайт супер лиг”-т тоглож байгаа. Хоёр ч удаа “Спрайт супер лиг”-ийн бүх оддын тоглолтод сонгогдсон.
-Хообийгоороо чамгүй амжилт гаргаж байгаа юм байна.
-Би Англи явалгүй, сагсан бөмбөгөөрөө тууштай хичээллэсэн бол дээд лигт тоглож байх байсан биз (Инээв). Одоо дээд лигт сайн тоглож байгаа залуустай хүүхэд байхдаа гадаа сагс тоглож, ана мана үзэлцдэг байлаа. Долоо хоногийн мягмар, пүрэв гаригт сагсан бөмбөгийн бэлтгэлээ хийдэг. Бямба, ням гаригт лигтээ тоглоно. Бусад өдөр фитнесст явна, усанд сэлнэ. Ер нь долоо хоногийн 4-5 өдөрт нь спортоор хичээллэдэг.
Өнгөрсөн жил гольф тоглож сурсан. Энэ жил гольф нэлээд цохино гэж бодож байгаа. Бээжингээс ирээд, гольф сайн тоглож сураад, улсаа төлөөлөөд олимпод оролцъё гэж бодлоо. Гольф энэ жилээс олимпын төрөлд орчих байх. Миний мөрөөдлийн нэг л дээ. Зав зай гаргаж, сайн сургуулилалт хийж чадахгүй л байна. Ядаж байхад сагснаас холдож чадахгүй юм. Ер нь сагс тоглоход бэртэх, гэмтэх магадлал өндөр. Тиймээс би хамгаалалтын хэрэгслийн “MCDAVID” гэж брэндийн албан ёсны гэрээт борлуулагч болж, АНУ-аас оруулж ирсэн.
Инчоны Азийн наадамд тоглосон шигшээ багийг “MCDAVID” брэндийн хамгаалалтын хэрэгслээрээ ивээн тэтгэсэн. Бас сагсан бөмбөгийн залуучуудын шигшээ багийнханд бэлэглэсэн. Энэ жил олимпод оролцох тамирчдад хэрэгтэй хамгаалалтын хэрэгслийг нь өгнө. Бүх тамирчиндаа өгөх бодол байна. Тамирчин хүнд хамгаалалтын хэрэгсэл маш чухал.
-Ингэхэд таны хамгийн чухал, хамгийн их тэмүүлдэг мөрөөдөл юу вэ?
-Бид энэ ертөнцөд нэг л амьдарна. Тиймээс эх орон, ард түмэндээ хэрэгтэй, гэхдээ өөрийнхөө нэрийг гаргахаар юм хийе гэж боддог. Одоо ч бодоод л явж байна. Тэр нь юу ч байж болно. Бас улс орон маань хөгжөөсэй, үүнд нь хувь нэмрээ оруулчих юм сан гэж боддог. Хүмүүсээ гудамжинд хог бүү хаяарай гэж уриалмаар байна. Энгийн жижиг зүйлийг хэвшил болгосноор маш том өөрчлөлт хийсэн жишээ олон бий. Сэтгэлгээний хямрал Монголын хөгжилд маш том тээг болдог. Үүнийг засах юм сан.
-Өнгөрсөн жил “Инээмсэглэж буй хөрөнгө оруулагч” хөдөлгөөн өрнүүлэх санаачилга гаргаж байсан. Энэ ч гэсэн эх орондоо нэмэр болох санаа юу?
-Хөдөлгөөнөө өрнүүлэх гэж оролдсон. Ажлаа орхиод, зөвхөн хөдөлгөөндөө бүх анхаарлаа төвлөрүүлбэл үр дүн гарахаар юм байна лээ. Хамгийн гол нь хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж байж хөдөлгөөн амжилтад хүрнэ. Тэгэхээр цагдаа, таксины жолооч нараас эхлээд хүмүүсийн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Би энэ ажлыг ганцаараа хийж дийлэхгүй. Асар их хөрөнгө, хүн хүч хэрэгтэй.
Хүмүүсийг татан оролцуулъя гэхээр ойлгож дэмжих нь цөөн байсан. Хүмүүсийг хөдөлгөе гэвэл мөнгө төлөх хэрэгтэй болно. Том өөрчлөлт энгийн зүйлээс эхэлдэг гэдгийг маш цөөн хүн ойлгодог юм байна. Санаачилга маань ёстой том яриа болоод л үлдсэн дээ. Өөрөө хөрөнгө оруулалтын талаарх мэдлэгээ зузаалж байя, ингэж явтал ямар нэг гаргалгаа олдож таарна.
Т.ЭНХБАТ