Хуучин барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул нурааж, шинийг барих болсон сургууль нийслэлд хэд хэд бий. Хэдийнэ буулгачихсан, барилгын ажлыг нь эхэлсэн нэг сургууль нь XI. Гэвч ажил нь удаа дараа саатсаар өдий хүрсэн юм. Тэгвэл тус барилгыг ашиглалтад оруулжээ. Сурагчид нь энэ долоо хоногийн эхнээс шинэ байрандаа хичээллэж байна.
Сургалтын менежер Б.Хишигбаяраас ажил бүрэн дууссан, эсэхийг тодруулахад “Тохижилтын бага сага ажил үлджээ. IV улирлын хичээл эхэлснээс хойш хүүхдүүдээ хүлээн аваад байгаа” гэсэн юм. Шинэ байртай болсны баяр буюу нээлтээ тус сургуулийнхан энэ сарын 13-нд хийхээр төлөвлөсөн аж. Шинэ сургууль барьж байх хугацаанд XI сургуулийн 600 орчим сурагч 31 дүгээр сургуульд хичээллэж байв.
Хуучин барилгыг актлаад хоёр жил гаруй болсон бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сард шинийг нь барьж эхэлсэн юм. “Чойр хайрхан” компани уг ажлыг гүйцэтгэжээ. Гэрээ ёсоор бол өнгөрсөн аравдугаар сарын 30-нд барилгыг хүлээлгэн өгөх байв. Ажил товлосондоо амжихгүй болсон учир ашиглалтад оруулах хугацааг нь арваннэгдүгээр сард болгон хойшлуулсан ч дахиад л болсонгүй.
Ашиглалтын шаардлага хангахгүй болсон тул шинээр барих болж, үйл ажиллагааг нь зогсоосон сургууль, цэцэрлэг нийслэлд зургаа байлаа. Түүнээс эхний ээлжинд өнгөрсөн намар III сургуулийг ашиглалтад оруулсан. Хоёр дахь нь XI боллоо. Харин 38, 73 зэрэг үлдсэн сургуулийг хэдийд шинээр барих нь тодорхойгүй, хуучин барилгыг нь нураагаа ч үгүй байна.
Ч.МӨНХЗУЛ