Р.ЧУЛУУН
Нийслэлийн 10 жилийн нэг, хоёрдугаар дунд сургуулийг сар бүрийн 200 төгрөгийн тэтгэлэгтэйгээр 1956 оны хавар төгссөн 100 гаруй хүүхдээс өдгөө цөөвтөр нь сэрүүн сайхан аж төрж яваа аж. Тэдний нэгтэй уулзсных үзэг цаас нийлүүлэлгүй өнгөрч чадахгүй нь. Арван жилийн сурагчид цалин тэтгэлэг авч байсныг анх сонсоод эргэлзээ төрснөөс мөшгөмөөр бодогдсон юм. Төр засгийн алсханыг харсан гэх юм уу, хар хайрцагны бодлогын илэрхийлэлийн нэгэн гэрч Лодойн Лхагва аа,
-Улс оронд салбар салбарын мэргэжилтэн бэлтгэхэд тэр үеийн нам, төрийн удирдлагууд зориуд анхаарч 18 аймгаас онцсайн сурдаг есдүгээр ангийн сурагчдаас шилж нийслэлд авчран дотуур байранд суулгаж, шахуу хөтөлбөрөөр нэг жил хичээллүүлэн арав төгсгөөд гадаадад янз бүрийн мэргэжлээр бодвол хэрэгцээ шаардлагын дагуу сургах шийд гаргасан юм билээ. Аймаг, аймгаас шигшиж авчирсан сурагчдын зарим нь нэгдүгээр сургууль дээр, хэсэг нь хоёрдугаар сургууль дээр хичээллэж төгссөн.
Биднийг цалинтай сурагч гэнэ. Одоогоор бол тэтгэлэгтэй хүүхдүүд байж. Намайг хоёрдугаар сургуулийн 10в ангид хуваарилжээ. Манай Алтайгаас Л.Лантуу, Т.Зэвсэг, Д.Бадарч бид дөрөв ирсэн. Нийслэлийн сургуульд ирээд би ангийн дарга боллоо. Боллоо гэхээс болголоо нь оновчтой байх. Орос хэлний хичээлдээ харьцангуй сайн гээд ангийн дарга болгочихсон юм даг.
Тэр миний сайных биш. Алтайн арван жилийн сургуульд зургаагаас есдүгээр ангидаа орос багшаар хичээл заалгасан хүүхдүүд азтай. Тэрний дөрөв нь нийслэлд ирээд хот, хөдөөгийн онцуудад гологдоогүй. Бүр магтагдаж явлаа. Одоогийн ардын багш олон түмэндээ орос хэлний гэх тодотголтой С.Галсангийн дурсамжаар хүмүүсийн эчнээ танил болон Оля, Галя нар бидэнд хичээл зааж таарсан. Харин ирээдүйн их эрдэмтэн Галсан орос хэлийг шамдан сурч эхэлж байсан үе. Алтайнхаа багш нарын тухай дурссаных цуут Мишигийн Цэдэндоржоор утга зохиолын хичээл заалгаснаараа бид бахархдаг. Түүнийг багшилж явсныг 1992 онд Утга зохиол сонинд зориуд бичиж үлдээсэн шүү.
-Аравдугаар ангиа онцсайн дүндтэй дүүргээд дуртай хуваариа л аваа биз дээ, Та.
-Дүнг ч яах вэ. Онц. Хуваарь энэ тэр нарийндаа санаанд анхандаа нийцээгүй. Ардчилсан Солонгос, Чех хоёрын нэгэнд хэлний мэргэжлээр явуулах чиглэл гарлаа. Татгалзлаа. ЗХУ-д гайгүй сургуульд сурмаар байдаг. Сүүлдээ Москвад гэдгийг голоод огт санаандгүй. Хүнсний үйлдвэрлэлийн технологийн дээд сургуулийн хуваарь дээр буув. Энэ сургуулиас сурсан цэнгээрээ тавин хэдэн жил ажиллаж өдийн хүрлээ. Москвагийн дээд сургууль байтугай нь Цогтын бага сургууль ч үгүй явах зам надад таарсан удаа бий. Би айлын есөн хүүхдийн ууган нь. Өвөө, эмээтэйгээ аж төрөөд арав хүрчихсэн. Сургууль ном үзэх сонирхолгүй. Ер нь айлууд гуйлга, туулга болж хүүхдээ сургуульд өгнө, аль болохоор арга чарга хэрэглэнэ. Өвөө, эмээ ч тэдний адил байгаа биз.
Аав сумын дарга байж, хүмүүс барьцсанаас үүдээд сурагч болсон намтартай.
Айлуудыг хүүхдээ сургуульд өг өг гээд ширүүхэн хөөхөөр нь зарим нь “Сумын даргын хүүхдийг авч чадахгүй байж манайхыг элэг барилаа, энэ тэр” гэснээс үүдээд 1946 оны намар одоогоос 70 жилийн өмнө болж таарах нь ээ. А, Б заалгаад эхэлсэн толгой өмнө чинь сууж байна.
-За, 70 жилийн амьдралын тань үүх түүхийг мөшгөвөл олон өдрийн яриа өрнөнө. Шинэ мэргэжилтэн хөдөлмөрийн гараагаа хаанаас эхэлж таарав.
-Хүнсний үйлдвэрийн яаманд хэд хоног судсаа чагнуулж аваад Улаангомын гурилын үйлдвэрийн ерөнхий инженерээр 1961 оноос ажиллаж эхэлсэндээ. Хоёр жилийн дараа Хүнсний үйлдвэрийн яамандаа ирж, ерөнхий механикч, техник-эдийн засгийн товчоонд ахлах инженер, хэлтсийн дарга гэхчилэн хөнгөн хүнсний үйлдвэрийн чиглэлээр ажиллаж байтал яамны орлогч сайд болголоо. Тэр ажлаа зургаан жил гүйцэтгэж олон жилийн өмнө авсан цэнэгээ сэлбэхээр аспирантурт суръя, хэдэн жил нухсан ажлаа базааж, эрдэмтэн болъё гээд Москвад дахин очиж Техникийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгааллаа. Ирээд Сайд нарын Зөвлөлд референт болж, таван жил ажиллах хугацаанд Москвагийн нийгмийн ухааны академийн удирдах ажилтны курст 1985 онд мэргэжил дээшлүүллээ. Сурах чиглэлээр ЗХУ-ын улсын нийслэлд гурав дахин очсон хүмүүс байдаг л биз.
Тоо томшгүй олон нь юу бол. Монголд маань Эдийн засгийн харилцан туслах зөвлөл цагтаа ихээхэн дэмжлэг, тусламж үзүүлснийг мэдэх хүн цөөрлөө дөө. Би 1986-1990 онд тэр зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газарт эксперт, зөвлөх байгаад унаган мэргэжил, үндсэн салбараа түшиглэн Хүнсний үйлдвэрийн эрдэм шинжилгээний институтэд эрдэмтэн, нарийн бичгийн дарга, захирлаар 1991-1996 онд хөдөлмөрлөөд жар хүрч хуулийн дагуу тэтгэвэрт гарав. Жар ч сайхан нас шүү дээ.
“Эв эе” ХХК-д зөвлөхийн ажилтай ХХ зууныг үдэж шинэ зуунтай золгож явтал Хүнсний эрүүл ахуйн технологийн “Зая бандид” дээд сургуулийнхан “Лхагваа гуай, таны сурсан мэдсэн цэнэг хуучраагүй, харин туршлага дадлага тань хуримтлагдаад оюуны бяд ид тэгширч байна” хэмээн цаасан малгай өмсгөөд манайд багшлаач гэв. Багш, зөвлөх албандаа дасаж явтал хуучин ажлынхаа институтийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар дахиад ажиллуулахаар болжээ. Байгууллагын минь нэршил ялимгүй өөрчлөгдсөнөөс биш ажил үүрэг нь үндсэндээ хэвээр тул 2009-2011 онд хөдөлмөрлөөд нас шүдээ учирлахад институтийн удирдах зөвлөлийн ажлын албаны дарга, эрдэм шинжилгээний зөвлөх болгож ачааг хөнгөлж өгөв. Хүн хэрэггүй газар илүүдэж суухаар хэрэгцээт газраа дутаж яв гэлцдэг дээ.
Нас бол тоо гэх залуусын үг урам хайрлаад 80 настайдаа ажилтай гээд давхиж явах нэг талаар сайхан юм. Хөдөөгийн малчид ийм настайдаа сүргээ эзгүй залчихаад гэртээ хэвтэж байдаггүйг мэддэгийн хувьд ажилдаа ирж, очихдоо сэтгэл өег явдаг хэмээн хуучилсан эрхмийг өмнөх зууны үлдэгдэл энэ тэр ч гэдэг юм уу, өнгөрсөн жилүүдийн амжилтыг шинэ зуунд үнэлж, дүгнэх нь зохисгүй гэх өрөөсгөл хандлагаас хамаараад буурал эрдэмтний эрч хүчтэй насны хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээлийг үнэн зөвөөр үнэлж ч баярлуулалгүй 80 насны нь ойтой арай золгуулахгүй байлгүй.
Улиран одсон төдийгүй урган гарсан шинэ зуунд ч бас хийсэн ажилтай, хэлэх үгтэй эрдэмтэнтэй тухтай ярилцсанаа өнөө цагийнхны сайн мэдэх баримтад түшиглэе.
2001 он хүртэлх 40 жилийн хөдөлмөрийн амжилт бүтээлийг энд ор тас орхиод сүүлийн 10 гаруй жилд эрхэм профессор юу юу хийсээр явааг Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институтийн гүйцэтгэх захирал доктор Г.Оюуны гаргасан албан тодорхойлолтод тулгуурлаад товчхон өгүүлье. “Зая бандид” дээд сургуульд 2002-2004 онд багшлахдаа, хүнсний үйлдвэрлэлийн машин аппарат, хүнсний эрүүл ахуй, техникийн механикийн хичээлүүдийг батлагдсан хөтөлбөрийн дагуу зааж, 10 гаруй оюутны дипломын ажлыг удирдан хамгаалуулжээ.
Төр засгийн байгууллагын даалгавар, хүсэлтээр олон ажлын төсөл, хөтөлбөр боловсруулсны нэг нь “Улаанбаатар хотын хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөр болой. Тодорхой хугацаанд гэр бүлийн бизнес байгалийн жимс жимсгэнээр экологийн цэвэр бүтээгдэхүүн жимс, жимсгэний жүүс, чанамал үйлдвэрлэдэг “Эко эрдэм” ХХК-ийн зөвлөхөөр ажиллаж, компани нь салбартаа болон хэрэглэгчдээ сайнаар танигдаад удлаа даа.
Хүнсий эрдэм жинжилгээ, үйлдвэрлэлийн (САМО) институтэд эрдэмтэн нарийн бичгийн даргаар 2009-2011 онд ажиллахдаа, шинэ тутам өөрчлөн зохион байгуулагдсан хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний институтийн үйл ажиллагааг жигдрүүлж, хүрээг өргөжүүлэх, залуу ажилтнуудыг сургаж дадлагажуулахад мэдлэг, туршлагаа дайчлан ажилласны өгөөжийг хамт олон нь дараах баримтаар тодотгодог.
Тус институтийн эрдмийн зөвлөлийн дүрмийг шинэчлэн боловсруулж, батлуулсан нь эрх зүйн үндэс бүхий бичиг болсон.
“Бэлчээрийн монгол ямааны таваарлаг шинж чанарын онцлог, мах боловсруулах дэвшилт технологи” төслийн багийг удирдаж, тендерт ялан, гүйцэтгэгч багт тулгуур болон хэрэгжүүлсэн. “САМО” институт 2012 оноос хэрэгжүүлж буй “Малын дотор мах, дайвар бүтээгдэхүүнд суурилсан биологийн идэвхт хүнс үйлдвэрлэх технологийн судалгаа” төсөл боловсруулцан гүйцэтгэгч, шинжлэх ухааны зөвлөхөөр ажиллаж байгаа. Нэмж хэлэхэд “Хүнсний бүтээгдэхүүн гаргаж авах, боловсруулах, савлах орчин үеийн технологи, түүний аюулгүй байдлын үнэлгээ” төсөл судалгааг мөн удирдан ажиллаж яваа профессор.
Хүнсний бүтээгдэхүүний үнэлгээний лабораторийг олон улсын стандартын дагуу шинээр байгуулах ажлын хэсгийг ахлан, үйл ажиллагааг эхлүүлсэн зэргийг онцолъё.
Л.Лхагваа доктор зөвхөн нэгэн хувийн хэвшлийн институтийн эрдэмтэн бишээ. Дэлхийн шинжлэх ухааны бүтээлтэй эр. ШУТИС-ийн Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн эрдмийн зэрэг хамгаалуулах ажилд оролцон докторын диссертацийн албан ёсны шүүмжлэгчээр ажилладаг бас докторын ажил удирддаг зэргийг зөвхөн дурдаад орхиё. Тэрбээр 2002 оноос хойш есөн ном, товхимол туурвиж эрдэм шинжилгээний өгүүлэл 10 гаруйг нийтлүүлжээ. Өнгөрсөн зуунд туурвисан бүтээлтэй нь нэгтгээд дүгнэвэл зөвхөн ном, товхимол нь хорь дөхөж, эрдэм шинжилгээний өгүүлэл нь 43 болжээ. Түүний бичиж туурвих ажил тэртээ 1962 онд эхэлснийг Увс аймгийн “Тэргүүний малчин” сонин гэрчилнэ. Өгүүлж буй сонинд гаргасан Л.Лхагваагийн мэдээ, мэдээлэл нь цөөнгүй төрөл зүйлийг хамарсан сонирхолтой ч энд дэлгэрэнгүй өгүүлэх боломж алга.
Говь-Алтай аймгийн Цогт сумынхаа бага сургуульд 1946 оны намар орсон хүүгийнхээ эхний хичээлүүдийн дэвтрийг ээж нь хадгалсаар эрдэмтэн болсны дараа үүх, түүх ярьж өгсөн нь сонин бэлэг байжээ.
Тасралтгүй 55 жил бичиг цаастай нөхөрлөж, мэдлэг оюунаа түмэнтэй хуваалцаж суугаа, цалинтай явсан сурагчийн тухай товчхон өгүүлэхэд ийм.