МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас нийслэлийн Баянгол дүүргийн 95 дугаар цэцэрлэгт эрүүл ахуй, халдвар хамгаалал, боловсролын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг өнгөрөгч долоо хоногт хийсэн юм.
Тус шалгалтаар 95 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа эрсдэлтэй ихтэй үнэлэгдлээ. Учир нь цэцэрлэгийн өргөтгөлийн буюу давхар нэмэх барилгын ажлыг өнгөрсөн оны 10 дугаар сард хийсэн боловч гүйцэтгэгч компани тодорхой шалтгааны улмаас 11 дүгээр сард барилгын ажлыг зогсоосон аж.
Гэтэл өнөөдөр тус цэцэрлэгийн дээвэр онгорхой, барилгын ажил эхэлсэн, орчин тойрон нь барилгын хогоор бохирлогдсон байдалтай байгаа юм. Өнгөрсөн хугацаанд өвлийн улиралд цэцэрлэгийн үйл ажиллагааг ийм хүнд нөхцөлд үргэлжлүүлэн явуулж байсан нь хүүхдийн аюулгүй байдалд ноцтой эрсдлийг үүсгэжээ.