Чингэлтэй дүүргийн төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн эрхлэгч, багш нар 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулж сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх санаачлага гаргасныг дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газраас дэмжин “Нэг гараа-Тэгш боломж” төслийг эхлүүлж байна. Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй төслийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Ганболд оролцож санаачлага гаргасан эрхлэгч, багш нарт баяр хүргэж, амжилт хүслээ. Цэцэрлэгүүдтэй хамтран ажиллах гэрээнд Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат болон цэцэрлэгийн эрхлэгч нар гарын үсэг зурав. “Нэг гараа-Тэгш боломж” төсөл 2016 оны 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 1-ны хооронд хэрэгжинэ.
Ингэснээр Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 5 настай 249 хүүхэд төрийн бус өмчийн 10 гаруй цэцэрлэгт хамрагдсанаар дүүргийн хэмжээнд 2016 оны 9 дүгээр сарын 1-нд сургуульд орох 6 настай хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд 100 хувь хамрагдах боломж бүрдэж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас төслийн хүрээнд цэцэрлэгүүдэд дэмжлэг үзүүлэх юм.