Ерөнхий боловсролын сургуулиуд 12 жилийн тогтолцоонд шилжсэнээр “Зургаан настнууд” гэх шинэ хэллэг бидний үгсийн санд нэмэгдсэн. Эл өөрчлөлт зөвхөн үгсийн сан, хэллэгээр хязгаарлагдахгүй. Хичээлийн шинэ жилийн эхний өдрүүдэд цэцэрлэгийн бага ангийнхан л голцуу ээж ааваа үгүйлэхдээ эрхлэн уйлж тунирхдаг байсан бол боловсролын шинэ тогтолцоо дунд сургуулиудад ч дуу шуугиан нэмсэн.
Ээж ааваа санаад эрхлэн уйлдаг сурагчид
Даалгаврыг нь хэрхэн хийлгэх заавар зөвлөгөө, давтлага дугуйлангийн танилцуулах мэдээлэл түгээдэг эцэг эхийн хурлын үеэр зургаан настнуудын өхөөрдөм түүх цөөнгүй сонсогддог юм билээ. Яг л ийм нэг хурлаас сонсогдсон хөгтэй хөгжилтэй түүхийн араас мөшгиж БСШУЯ-ны харьяа лаборатори 45 дугаар дунд сургуулийн Д.Отгонжаргал багштай нэгдүгээр ангийг зорилоо.
Д.Отгонжаргал багштай “В” бүлэгт 2015-2015 оны хичээлийн жилд нийт 51 хүүхэд суралцаж байгаа юм билээ. Анги танхимын хүрэлцээ муу байгаа тул энэ хичээлийн жилд цөөн бүлэгт хувааснаар нэг багшид 50 гаруй хүүхэд хуваарилжээ.
Багшийн ачаалал эрс нэмэгдсэн тул тус ангийн эцэг эхчүүд санаачлан хуваарь гаргаж, аравдугаар сарын 1-нээс эхлэн өдөр бүр нэг хүүхдийн ээж аав, эмээ өвөөгийн аль нэг нь ирж, багшийн ажилд тусалдаг болж буй аж. Энэ удаад Баярцогтын аав туслах багшаар ажиллахаар иржээ. Ингэж эцэг эх болон багш нар хамтарч ажиллах нь багшийн ажлыг хөнгөвчлөөд зогсохгүй, эцэг эхчүүдийн хувьд ч зургаан настнуудын анхаарлыг хэрхэн төвлөрүүлэх, хичээлийг насны онцлогт тохируулан тайлбарлах аргад суралцах ач холбогдолтой аж.
Хөх дүрэмт хувцсаар ижилссэн багачууд ангийнхаа үүдэнд эгнэн зогсоод Төрийн дууллаа дуулахаас хичээлийн үйл ажиллагаа эхэлдэг юм билээ. Баруун гараа цээжин тушаа тавиад чин сэтгэлээсээ дуулах бяцхан эх орончид. Багшдаа эсвэл үеийн найзууддаа зөвхөн өөрийн дууг сонсгох гэсэндээ ангийнхныхаа дууг давах гэж тэнхээ мэдэн чангаар дуулчихаад их хэргийг бүтээсэн мэт инээмсэглээд тус сургуулийн хамгийн бяцхан сурагчид анги руугаа яарлаа.
Нэгдүгээр цагийн буюу хамгийн эхний хичээл Тоо бодлого. Ширээнийхээ буланд номоо тавьж, дээр нь дэвтрээ бас үзэгний саваа нямбайлан тавьсан зургаан настнууд ширээндээ суумагцаа л бяцхан хуруунууд нь ширээн дээгүүр тэнүүчилж, гарт тааралдсан бүхнээ анх удаа харж, барьж буй мэт сониучирхан ажиглана. Харин багш үзэг, дэвтрээ барьж анхаарал нь сарних хүүхдүүдэд нуруу цэх сууж, үзэг дэвтрээ ширээний өнцөгт номон дээрээ тавихыг шаардав. Яг л тайзан дээр хоолой засан, цэвэр өнгө, тод яриагаар үзэгчдийг татах жүжигчин шиг багш байсхийгээд л “Нэээг, хооооёр, гуууурав...” хэмээн үгээ сунжруулан дуудаж, хүүхдүүдийн анхаарлыг өөр рүүгээ хандуулна.
Цэцэрлэгийн тоглоомоо үзэг, дэвтрээр сольсон багачуудыг хичээл тарах үед дэвтрийг нь хурааж аваад, нэг бүрчлэн тоо, зурлага улаан үзгээр бичиж өгдөг бололтой. Хичээлийн эхэнд даалгавраа бичсэн дэвтрийг хурааж аваад, өөр ээлжийн дэвтэр тараалаа. Тарааж өгсөн дэвтэрт хоёрын тоо, их багын тэмдэгийг нямбайлан мөрийн эхэнд бичиж өгчээ.
Найман настай сургуулийн босго алхан ордог байсан бидний үед дэвтэр тарааж өгөхөд сурагчид ширээн дээрээ гараа зөрүүлэн, цэх сууж хүлээдэг байсан бол зургаан настнууд тэр үеийнхээс тэс өөр. Багшийн харц өөр зүгт хандах төдийд л суудлаасаа огло харайхад бэлэн сэтгэл нь гэгэлзэн, өндөлзөх бяцхан сурагчдыг анги дотуур дураар сэлгүүцүүлэхгүйн тулд дэвтэр тарааж өгөх үедээ цээжилсэн шүлгийг нь уншуулдаг юм билээ.
Зургаан настнуудын анхаарал төвлөрөх хугацаа богино тиймдээ ч нэг хичээл 35 минут үргэлжилж, завсарлага дунд ахлах ангийнхнаас арай удаан үргэлжилнэ. Завсарлагын цагаар багш хүүхдүүдийг жагсаан ариун цэврийн өрөөнд аваачиж, бие засаж, гараа угаахыг нэг бүрчлэн зааварчиллаа. Балчирхан насны дүрсгүйхэн зангаа гээгүй жаалууд ангийнхныгаа бие засаж дуусахыг хүлээх зуураа ч хөөцөлдөн гүйлдэж, бие биенээ түлхэж, тэвэрч ноцолдохоо мартахгүй. 50 хүүхэд арайхийн ариун цэврийг сахиж дууссаны дараа, дуусгаагүй тооны хичээлээ үргэлжлүүлэхээс өөр арга байсангүй.
Хоёрын тоог хэрхэн бичихийг заах завсраа “Суу, номоо тавь, үзгээ газраас ав” хэмээн командлах Д.Отгонжаргал багш удирдаач гэлтэй. Чуулгынхаа хөгжимчин бүрийн өнгө, хөг алдсан эсэхийг нягталж, засаж залруулдаг удирдаач шиг ангийнхаа сурагч нэг бүрийг зөв цэх суу, үзгээ зөв барь, сандлаа ойртуул хэмээн зааварчлахад 35 минут огтхон ч хүрэлцдэггүй аж.
Ангийн хананд өлгөсөн тавиур дээрх тоглоом руу шохоорхон харах Тэргэлээс “Хичээл хийгээд ядарч байна уу” гэж асуухад “Ядарч байна аа” хэмээн бодох ч үгүйгээр хариулсан.
Д.Отгонжаргал багшийн хэлснээр хичээлийн шинэ жилийн эхний өдөр хэд хэдэн хүүхэд уйлсан гэнэ. Ээж аавыгаа санасандаа ч тэр үү, шинэ орчин, хамт олонд дасаагүйгээс ч юм уу есдүгээр сарын нэгэнд уйлж байсан жаалууд хичээлийн гурав дахь хоногоос сургуульдаа дассан байна.
“Хамгийн цэвэрч нь зургаан настнууд”
Хоймортоо алтан загастай аквариум байрлуулж, танхимын хойд хэсгийг усан оргилуураар чимсэн анги бол зургаан настнуудынх. Багачуудыг байгальд ээлтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Төв аймгийн Баяндэлгэр сумын Улсын тэргүүний дунд сургуулийн захиргаа сургуулийн босго анхлан алхаж орж ирсэн шинэ сурагчдад зориулан эко танхим тохижуулсан нь энэ.
Сургуулийн танхим биш, музейн үзэсгэлэнгийн хэсэгт ороод ирэв үү гэлтэй хараа булаам эл танхимд энэ жил 14 сурагч хичээллэж буй гэнэ. Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт Багануур дүүрэг байрладаг тул тус сумын иргэдийн олонх нь хүүхдээ нийслэлийн сургууль бараадуулах сонирхолтой байдаг аж. Багануур дүүргийн цаана өвөлждөг иргэд сумынхаа дунд сургууль руу хүүхдүүдээ хүргэж өгөхөд 40 гаруй км зам туулах шаардлагатай болдог бол Багануур дүүргийн сургууль хаяанд нь шахам байрладаг нь ч сумын иргэд нийслэлийн сургуулийг сонгохоос өөр аргагүйд хүргэдэг гэнэ.
Гэхдээ л Д.Нацагдоржийн төрсөн нутгийн, их зохиолчоор овоглосон сургуульд өнгөрөгч онд таван зургаан настан элсэн орсон бол энэ тоо 2015-2016 оны хичээлийн жилд 15 хүрч, гурав дахин нэмэгджээ. Сургалтын чанар, дотуур байрны тохь тухтай байдал, асрагч багшийн хайр халамж эцэг эхчүүдийн сэтгэлд нийцэж, хол гэлтгүй сумынхаа сургуулийг зориход хүргэжээ. Тэр ч байтугай энэ хичээлийн жилд бага ангиудад Багануур дүүргийн сургуулиас шилжин ирж суралцагсад ч цөөнгүй юм билээ.
Захирлын өрөөтэй хаяа дэрлэн байрлах зургаан настнуудын танхимаас дуу шуугиан тасардаггүй гэнэ. Ангийнхаа багшид хошуу унжуулан эрхлэх балчирууд “Захирал багш аа, сайн байна уу” хэмээн явуут дундаа хашгирах шахам мэндлээд гүйж одох нь тэр.
“Ангийн багшаасаа бусдыг нь тоохгүй ээ. Нас бага болохоор эдний анги шуугиантай өнждөг. Гаднын хүмүүс бол манай сургуульд орж ирээд чимээ шуугиан ихтэй юм гэдэг. Бид бол хүүхдүүдтэйгээ хамт байхдаа огтхон ч түүртдэггүй” хэмээн захирал Ц.Цэвэгсүрэн багш зургаан настнуудаа өхөөрдөн танилцууллаа.
Тус сургууль өнгөрөгч жилээс эхлэн дотуур байранд байрладаг нэгдүгээр ангийн сурагчдыг халамжлах асрагч багшийн орон тоо гаргаж, тус сургуульд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан багшийг ажиллуулдаг болжээ.
Нэгдүгээр ангийнхныг үдийн цайгаа уухаар хоолны өрөө рүү явах үед тус сургуулийн дотуур байрыг зорилоо. Тусдаа галлагаатай дотуур байранд нь 48 хүүхэд байрлаж байгаагаас найм нь зургаан настай. Тэднийг хариуцсан асрагч багш хувцсыг нь угааж, гар нүүрийг нь угаалган, усанд оруулж, даалгаврыг нь хийлгэн ээж, эмээ шиг нь л харж ханддаг гэв.
Сургуулийн менежерийн өгүүлснээр тус сургуулийн хамгийн цэвэрч нь зургаан настнууд гэнэ. Орой бүр дүрэмт хувцсыг нь цэвэрлэдэг бөгөөд биднийг бага үдийн үед дотуур байранд ирэхэд нэгдүгээр ангийнхны оймс, цамцыг нь угаагаад эгнүүлээд өрчихөж. Ангийн багшийнхаа халамжнаас асрагч багшийнхаа халамжид шилжсэн багачууд “Асрагч багш аа” хэмээн шуугилдаж, ард урд нь орж шулганан гараа угааж, хувцсаа сольж байгаа харагдсан.
Сул цаг гарвал багшийнхаа энгэрт эрхлэх шавь нарынх нь талаар бага ангийн багш С.Болортуяагаас “Зургаан настнууд уйлдаг уу. Зарим нь бүр мөөм барьдаг гэх юм үнэн үү” хэмээн лавлахад “Мөөм барьдаг хүүхдүүд ч орж ирэх тохиолдол бий шүү дээ. Миний өмнө төгсгөсөн ангийн нэг хүү их эрх байсан. Ээж нь хол байдаг болохоор ч тэр үү дэргэдүүр өнгөрөхдөө тэвэрч, эсвэл мөөм барьдаг байлаа. Шинэ орчинд орж ирээд уйлах тохиолдол ч цөөнгүй шүү дээ” хэмээн хариулсан.