Америкт докторын зэрэг хамгаалж, өдгөө Саудын арабын Абдулла хаан шинжлэх ухаан технологийн их сургуульд багшаар ажиллаж буй эрдэмтэн Ш.Алтанбадралтад сурсан, мэдсэнээ эх орондоо зориулан, хийж бүтээх хүсэл их. Харамсалтай нь судалгааны тоног төхөөрөмж хангалтгүйгээс бодлоо бодит амьдралд хэрэгжүүлж чадахгүй яваа нэгэн. Замагнаас үнэрт амин хүчил гаргаж авах арга боловсруулсан түүний эрдэм мэдлэг, чадвар чансааг нь Саудын Арабт үнэлж эрдэм шинжилгээний ажлыг нь судалгааны шилдэг бүтээлээр тодруулан шагнасан удаатай.
-Хэдийнээс Абдулла хааны их сургуульд багшилж эхэлсэн бэ?
-Зургаан жил болж байна. Абдулла хаан шинжлэх ухаан, технологийн их сургууль 2009 онд байгуулагдсан юм. Улаан тэнгисийн эрэг дээр оргүй хоосон элсэн цөлд анх байгуулахдаа л Ойрхи Дорнодын шинжлэх ухааны гол цөмөөс дэлхийн хэмжээний судалгаа шинжилгээний сургалтын төв болно гэсэн зорилт тавьж байсан юм. Нефтийн асар их баялагтай Саудын Араб сүүлийн 30-аад жилд үсрэнгүй хөгжсөн боловч саяхныг хүртэл шинжлэх ухааны салбараа томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй байлаа л даа. Тиймээс хааны зарлигаар сургуулийн цогцолборыг барьсны дараа дэлхийн олон орны нарийн мэргэжлийн багш, эрдэмтдэд нээлттэйгээр ажиллах санал тавьсан.
Тиймээс байгуулагдсан эхний өдрөөсөө л дэлхийн хэмжээний томоохон судалгаа хийж, нэр хүндтэй сэтгүүлүүдэд судалгааны өгүүллээ нийтлүүлээд эхэлсэн. Ер нь сургуулиуд болон судалгааны байгууллагуудын нэр хүнд, чансааг томоохон сэтгүүлд нийтлүүлсэн судалгааны өгүүллээр нь хэмждэг. Тиймээс байгуулагдсан цагаасаа л олон улсад танигдаад эхэлсэн гэсэн үг.
Багш нараа сонгохдоо хэр өндөр шалгуур тавьдаг юм бол?
-Дэлхийд хэр нэр хүндтэй судлаач болохыг харгалзаж, мөн чадварыг нь үнэлж багш нараа сонгосон. Одоогоор 300 орчим багш ажиллан, 5000 гаруй оюутан суралцаж, эрдэм шинжилгээний ажлаа хийж байна.
-Абдулла хааны их сургуульд манай улсаас суралцаж байгаа оюутнууд бий юү?
-Одоогоор байхгүй.
-Шалгуур нь өндөр болохоор тэнцэхгүй байна гэсэн үг үү?
-Магистр, докторын сургалттай учир суралцагчдадаа тодорхой шалгуур тавьдаг. Өндөр хөгжилтэй оронд бакалаврын зэрэг эзэмшсэн байх ёстой гэх мэт шалгуур бий. Нэг талаас энэ шалгуур өндөр байж болох талтай. Нөгөөтэйгүүр шалгуурт тэнцэхүйц монгол оюутнуудад шинжлэх ухааны салбар одоо л хөгжиж буй Саудын Арабын сургууль гологддог байх.
-Одоо Саудын Арабын их сургуульд яг ямар алба хашиж байна вэ?
-Би Америкийн Пюрдю их сургуульд ургамлын биотехнологи генийн инженерчлэлийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан. Саудын Арабын их сургуульд анх postdoctor буюу эрдэм шинжилгээний ажлыг гардан хийдэг судлаачаар орж байсан. Удалгүй судалгааны эрдэмтэн буюу судалгааны багийг ахлахын зэрэгцээ оюутнуудад хичээл заадаг болсон.
-Хийж байгаа судалгаанаасаа сонирхуулаач.
-Одоогоор хоёр гурван чиглэлээр судалгаа хийж байна. Ургамлын гэрэлтэй харилцан үйлчлэлийн чиглэлээр судалгаа хийж байна. Ургамалд гэрлийг хүлээн авдаг уураг байдаг. Тэр уургийг генийн инженерчлэлийн аргаар ихэсгэж эсвэл ажиллагаагүй болгож туршдаг. Ургамлын гэрэл хүлээн авах уураг нь ажиллагаагүй болсноор гэрэл мэдрэхгүй болдог. Энэ нь ургамлын өсөлт хөгжил, бүтээгдэхүүнд хэрхэн нөлөөлж байгааг судалдаг. Ургамал хөдлөлгүй нэг газраа л ургадаг тул гэрлээс их хамааралтай.
Хүний нүдээр харахад ялгарахгүй гэрлийн хугарлыг ургамал мэдэрдэг онцлогтой юм. Их халуун өдөр ургамал навчиндаа байрлах ус ууршуулах амсраа хаадаг. Энэ нь гэрлийн хугарлаас хамаарч байгаа юм. Тиймээс ургамлын гэрэлтэй харилцан үйлчлэл нь зөвхөн судалгааны хувьд бус, ургамлын гаралтай бүтээгдэхүүн боловсруулахад ч хамааралтай чухал судалгаа юм.
-Адбулла хааны их сургуулийн эрдэмтэд нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэдийнэ судалгааны өгүүллээ хэвлүүлээд амжсан гэсэн. Та ч бас судалгааны ажлаа дэлхийд тайлагнасан уу?
-Өнгөрсөн онд би замагнаас биотехнологийн аргаар үнэрт амин хүчил гаргаж авах арга баталж, нээлт хийсэн. Хүний бие махбодийг бүрдүүлдэг уураг 20 төрлийн амин хүчлээс бүрддэг. Эдгээр амин хүчлүүдээс нөхөн төлөгддөггүй буюу бие махбодид бүрэлдэж бий болдоггүй амин хүчлүүдийн нэг нь үнэрт амин хүчил. Үнэрт амин хүчил ургамалд байдаг юм. Тиймээс бичил биетнийг ашиглан замагнаас үнэрт амин хүчил үйлдвэрлэх аргыг боловсруулах судалгааны ажлынхаа үр дүнг зэрэглэл өндөртэй “Plant journal”-д нийтлүүлсэн. Сурсан мэдсэнээ би эх орныхоо хөгжилд нэмэр болохуйц судалгаанд ашиглахыг хичээдэг юм. Тийм ч учраас яг одоо эмийн ургамлаас генийн инженерчлэлийн аргаар химийн болон биологийн идэвхт бодис гаргаж авах судалгаа хийж байна. Манай улс эмийн ургамлын баялаг нөөцтэй.
Гэхдээ ургамал дахь идэвхтэй бодисыг шууд ашигладаггүй ургамал хэвээр нь хэрэглэдэг. Харин тухайн ургамалд яг ямар идэвхтэй бодис байгааг төдийлэн судалж мэдээгүй байдаг. Судалгааны маань гол зорилго нь өдгөө дэлхийн нийтэд тулгамдсан асуудал болоод буй чихрийн шижний эмчилгээний аргыг олох. Чихрийн шижин нь хоёр төрөл байдаг. Нэг хэсэг нь инсулин хэмээх дааврын бодисоор эмчлэгддэг байхад үлдсэн нь инсулиныг мэдэрдэггүй. Тиймээс эл инсулин мэдэрдэггүй чихрийн шижний эмчилгээний аргыг олохоор дэлхийн томоохон эрдэмтэд, судалгааны төв ажиллаж байна.
Хүний биед байдаг понектин гэх даавар цусан дахь глюкозийг булчинд шилжүүлдэг үүрэгтэй. Хоёрдугаар төрлийн (эмчлэгддэггүй) чихрийн шижнээр өвчилсөн хүмүүсийн эл даавар ялгарахаа больчихдог юм. Манайд ардын эмчилгээгээр эл хоёрдугаар төрлийн чихрийн шижнийг анагааж байгаа гэсэн. Тэгэхээр сахрыг зохицуулдаг понектин хэмээх даавар ургамалд байх өндөр магадлалтай. Тиймээс энэ чиглэлээр судалгааны ажил хийж байна. Судалгаагаараа понектинтой ижил төрлийн дааврыг ургамлаас гаргаж авахыг зорьж буй. Одоогоор ойролцоо бүтэцтэй даавар байгааг тогтоогоод байгаа ч судалгааны ажил бүрэн дуусаагүй байна.
-Тэгэхээр ардын уламжлалт эмчилгээг бас ор үндэсгүй хэмээн үгүйсгэх аргагүй байх нь ээ?
-Ардын эмчилгээ гэдэг олон зуун жилийн турш батлагдаагүй аргууд байдаг. Гэхдээ тэдгээр аргыг судлаад батлаад ирэхээр нээлт, шинжлэх ухааны арга болдог юм. Тэр хүртэл таамаглал маягаар л явдаг. Харин шинжлэх ухаан бол эхлээд таамаглал дэвшүүлж, дараа нь түүнийгээ баталдаг. Тэгэхээр ардын уламжлалт аргыг ор үндэсгүй гэж үгүйсгэх аргагүй. Олон зуун жил дамжин өвлөгдсөн их олон арга манайд бий шүү дээ.
-Сүүлийн үед шинэ өвчин их гарах боллоо. Хавдар гэхэд маш олон төрөл болсон байна. Энэ нь юунаас шалтгаалж байна вэ?
-Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр бид эх дэлхийгээ, байгаль орчноо илүү таньж мэдэж байна. Тэр хэрээр өмнө нь судлаагүй байсан өвчнийг одоо таньж мэдээд, шинэ өвчин мэтээр ташаа ойлгож хүлээн авч байх магадлалтай. Нөгөөтэйгүүр хүн амын төвлөрөл, орчны өөрчлөлттэй холбоотойгоор шинэ төрлийн ханиад, вирусээр үүсгэгддэг өвчин ч нэлээд гарч байгаа.
-Манай улс ардын эмчилгээний баялаг уламжлалтай учир шинжлэх ухааны таамаг, судалгааны объект ихтэй. Сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий судалгааны төвтэй болчихвол бидэнд энэ салбараар дэлхийд танигдах нөөц боломж их байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Бидэнд нөөц боломж маш их бий. Харамсалтай нь 1990-ээд оноос хойш шинжлэх ухааны салбар уналтад орсон. Гэхдээ сүүлийн жилүүдэд төрөөс анхаарч, эрдэмтэн судлаачдынхаа цалинг нэмэх, судалгааны ажлыг санхүүжүүлэх гэх мэт бодлого баримталж л байна. Боловсон хүчин нэмэгдүүлэх, тэр ч байтугай өндөр хөгжилтэй орнуудад эрдэмтдээ явуулж, нарийн мэргэжил эзэмшүүлдэг болсон. Тэр бодлогын нэг бүтээгдэхүүн нь би л дээ. Пюрдюгийн их сургуульд би Засгийн газрын тэтгэлгээр сурсан юм. Гэхдээ хөгжингүй орнуудын өндөр зэрэглэлийн сургуулийн төлбөр их байдаг учир хүрэлцдэггүй гэдгийг бид бүхэн мэднэ. Надаас гадна маш олон эрдэмтэд Америк болон Баруун Европын өндөр хөгжилтэй орнуудад улсын зардлаар суралцсан. Тэгэхээр боловсон хүчний хувьд тодорхой хэмжээгээр хангагдчихсан.
Харамсалтай нь улсдаа өрөө төлөх боломж бидэнд бүрдэхгүй байна. Судлаачдын хувьд байнга суралцаж, ахиж дэвшиж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахгүй бол зэвэрч, сурсан мэдсэн маань үнэгүйдэж, хэнд ч хэрэггүй болдог онцлогтой. Гэтэл шинжлэх ухаан маш хурдацтай хөгжиж байна. Харин Монголд шинжлэх ухааны салбар өнөөгийн байдлаасаа өөрчлөгдөхгүй бол өнөө хөгжингүй орнуудад суралцаад ирсэн эрдэмтэд хөгжлөөс хоцрох хандлагатай болоод байгаа юм. Гэхдээ Монголд судалгаагаа хийх нөхцөл нь бүрдээд, ажиллах орчин нь бий болчихвол гадаадад ажиллаж байгаа эрдэмтэд эх орондоо эргээд ирнэ гэж би боддог. Миний хувьд гэхэд л ургамлаа судлах лабораторитой болчихвол эх орондоо мэргэжлээрээ ажиллаж, судалгаагаа хийх хүсэл маш их байна.
Өөрийн чинь хэлдгээр эрдэмтдэд судалгаагаа хийх лабораторийг нь байгуулаад өгчихвөл Монголын шинжлэх ухааны салбар дэлхийд гарч ирэх нөөц боломж, боловсон хүчин хангалттай байна. Тиймээс залуучууддаа “эх орондоо ирж ажиллаач” хэмээн уриалмаар байдаг. Гэтэл би өөрөө эх орондоо ажиллахгүй байгаа тул ингэж уриалах нь бас учир дутагдалтай. Улсынхаа зардлаар суралцаж боловсорсон учир бид өрөө төлөх ёстой. Гэтэл олон жил гадаадад суралцаад ирэхэд амьдрах орон байр байхгүй гэх мэт эдийн засгийн хүндрэл тулгарч, тэндээ үлдэхээс өөр аргагүй болдог. Орон байр гэдэг хүний хамгийн чухал хэрэгцээнүүдийн нэг.
Гэтэл Улаанбаатар дахь байрны үнэ Америкийн энгийн, жижиг хотуудынхаас ч өндөр байна. Хятадын Засгийн газар гэхэд л саяхан “Мянган авьяастан” гэдэг бодлого хэрэгжүүллээ. Гадаадад ажиллаж амьдарч байгаа боловсон хүчнээ тухайн оронд авч байгаа цалинтай нь дүйцэхүйц цалин амлаж, эх оронд нь авчирч ажиллуулсан. Манайд одоогоор тийм нөөц боломж байхгүй ч гадаадад амьдарч байгаа монголчуудыгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулах гэх мэт бодлогоор дэмжвэл олон эрдэмтэн эх орондоо эргэн ирнэ гэдэгт итгэлтэй байна.
-Цахим сүлжээгээр гишүүнийг хорт хавдрыг анагаадаг гэх мэдээлэл тархаад байгаа. Энэ хэр үнэний ортой вэ?
-Тэр талаар сонсоогүй юм байна. Гэхдээ тийм байх боломжтой. Гэхдээ хорт хавдар яг ямар төрлийнх гэдгээсээ шалтгаалж эмчилгээ нь өөр өөр байдаг. Тиймээс нэг төрлийн хавдрыг эдгээдэг байж болох юм. Яагаад тэгж бодож байна вэ гэхээр Хятад бол шинжлэх ухаан өндөр хөгжсөн орон. Манай улстай хил залгаа байдаг болохоор Хятадад ч гишүүнэ ургадаг л байж таарна. Тэгэхээр гишүүнийн ач холбогдол, химийн болон биологийн идэвхт бодисын талаар судалгаа хэдийнэ хийсэн байж болох талтай.
О.УНДАРМАА