Нурааж, шинээр барих шийдвэр гараад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй сургууль, цэцэрлэг болон цэцэрлэгийн зориулалтаар барьсан ч одоо агуулах төдийхнөөр ашиглаж байгаа барилгуудын талаар бид “Эзэнгүйдэл” цувралаараа хүргэж буй. Шинэ сургуультай болох нь бүү хэл, хуучныгаа нурааж ч чадалгүй, гурван сургуульд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн нэг нь 73. Тус сургуулийн захирал Ч.Чанцалыг бид “Уншигч- сурвалжлагч” булангаараа БСШУ-ы сайд Л.Гантөмөртэй уулзууллаа. Тэрбээр энэ салбарт 32 дахь жилдээ ажиллаж байгаа, тэргүүний багш нарын нэг юм.
-Салбар хариуцсан сайдтайгаа уулзан, ярилцаж байгаадаа баяртай байна. Энэ бол надад олдохгүй завшаан. Урьд шөнө асуултаа бэлтгээд нойргүй хонолоо. Энэ боломжийг олгосон “Өнөөдөр” сонины хамт олонд баярлалаа. Та бүхний харах мэлмий тунгалаг, үзэг хурц байг. Сайд та боловсролын салбарт олон шинэ ажил хийлээ. Сургууль бүр өөрийн орчиндоо хүүхдүүдийг хөгжүүлж, ахиц, амжилтууд нь эцэг эх, хүн бүрийн нүдэнд ил харагдаж байна. Энэ бол таны гавьяа. Иймээс юуны өмнө танд баяр хүргэе.
-Баярлалаа. Ямар сайхан юм бэ. Багшаасаа урмын үг сонсохоос илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Тантай ярилцах болсондоо баяртай байна. Таны болон багш нарынхаа ажилд амжилт хүсэж, шинэ оны мэнд хүргэе.
-Миний мэдэж байгаагаар буулгаж, шинээр барихаар болсон зургаан сургууль нийслэлд бий. Үүнээс гурав, 11 дүгээр сургуулийг улсын төсвөөр, манай 73 болон 14, 32, 38 дугаар сургуулийг концессийн гэрээгээр барихаар болсон ч хариуцсан Эдийн засгийн хөгжлийн яам нь татан буугдсанаар ажил зогсонги байдалд орлоо. Нэгэнт нүүр тулж уулзсаных би танд сургуулийнхаа байдлыг танилцуулмаар байна. Манайд төмөр замын хүүхдийн секторын харьяа дотуур байрны хүүхдүүд сурдаг. Би хөөцөлдсөөр 2011-2012 оны хичээлийн жилд Хятадын хөрөнгө оруулалтаар 920 хүүхдийн суудалтай сургууль бариулахаар болсон юм. Гэвч засаг солигдсоноор энэ мөнгө хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон. 2013 оны наймдугаар сарын 31- нээс бид сургуульгүй, 20 дугаар сургуульд I-IV ангийн 12, төмөр замын хүүхдийн секторын харьяа дотуур байранд V ангийн гурав, 51 дүгээр сургуульд VI-XII ангийн 17 бүлэг хичээллэж байна. Энэ хугацаанд бид нөхцөл байдлыг ойлгож, бэрхшээл тоочилгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Концессийн гэрээгээр барих сургуулиудын асуудал хэрхэн шийдэгдэж байна вэ?
-Концессийн гэрээг өнгөрсөн хугацаанд Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байлаа. Харамсалтай нь есдүгээр сарын 1-нээс Засгийн газрыг огцруулах асуудал ярьж, үүнээс болоод Эдийн засгийн хөгжлийн яамны үйл ажиллагаа сааран, удалгүй татан буугдсан. Одоо концессийн гэрээг Аж үйлдвэрийн сайд хариуцаж байгаа. 10 сургууль, цэцэрлэг буулгаж барих, мөн сургууль, цэцэрлэгийн 72 цогцолборын төслийн концессийн гэрээний үндсэн тохироог хийсэн гэж ажлын хэсгийнхэн мэдээлэл өгсөн. Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа. Энэ сардаа багтаагаад шийдвэр гаргачихвал 2015 онд зургаан сургууль, дөрвөн цэцэрлэг ашиглалтад орно. Ямар ч тохиолдолд эдгээр сургуулийг концессийн гэрээгээр барьж, энэ жилдээ ашиглалтад оруулна.
-Орон нутгийн сургуулийн захирлуудад сургалт явуулж байхад 640, 920 хүүхдийн багтаамжтай сургуультай гэж байсан. Харамсалтай нь хүүхдүүдийнх нь тоо 300 ч хүрдэггүй гэнэ. Үнэндээ би тэдэнд атаархсан. Гэтэл манайх 470 хүүхдийн багтаамжтай сургуульдаа 933 хүүхэд хичээллүүлэн, урлаг, спортын заал, номын сан ч үгүй, хичээлээ гурван ээлжээр чүү чамай ордог байсан. Яагаад сурах хүүхэд байхгүй орон нутагт сургууль бариад байдаг юм бэ?
-УИХ төсөв баталдаг шүү дээ. Ингэхдээ УИХ-ын гишүүд өөрийнхөө тойрогт хөрөнгө оруулалт хийхийг оролдож, үүний үр дүн нь яамны төлөвлөлтийг алдагдуулдаг. Бид хэрэгцээтэй газарт цэцэрлэг, сургууль барих санал тавьж, тэнд зардлаа нэмэгдүүлэхийг хичээдэг. Гэтэл УИХ-ын гишүүд сонгогдсон аймагтаа сургууль барихыг шаардах, санал гаргах бүрэн эрхтэй. Үүнээс болж, цамаан гэж хэлж болох хөрөнгө оруулалт хийдэг. Манай эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан нь тэр шүү дээ. Хэдэн зуугаар нь барилга бариад эхлүүлчихдэг, дуусгаж чаддаггүй. Жишээ нь, гурван тэрбум төгрөгийн үнэтэй байшинг 100 саяар эхлүүлчихэж байгаа юм. Үлдсэн 2.9 тэрбум төгрөгийг нь хэзээ төлөх юм, бүү мэд. Тойргоос сонгогдсон гишүүд байгаа жаахан мөнгөндөө олон ажил эхлүүлж, ажлын үзүүлэлт гаргахын төлөө ажиллаж байна. Гишүүдийн ч, Засгийн газрын ч буруу биш. Энэ бол бид хууль, тогтоомжийг батлах зарчим дээрээ алдсаныг харуулж байгаа юм. УИХ-ын гишүүдэд гоё, том сургууль байх тусмаа сайн гэдэг мэдээлэл орон нутгаас ирдэг. Үүний дагуу УИХ-д санал гаргаж, тэр нь санал хураалтаар дэмжигддэг. Нэгэнт УИХ-ын баталчихсан зүйлийг хийх шаардлагатай болдог.
-Цэцэрлэгийн 10 барилгыг өөр зориулалтаар ашиглаж байгааг би “Өнөөдөр” сониноос уншиж, мэдсэн. Тухайлбал, “ Говь” ХХК-ийн цэцэрлэг одоо хоосон “хэвтэж” байна. Ийм цэцэрлэгийг улс худалдаж аваад, ашиглаж болдоггүй юм уу?
-Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр үе шаттай ажлууд хийж байна. 38 хуучин цэцэрлэгийг давхарлаж барих асуудлыг улсын төсөвт тусгасан. Ингэснээр нэг давхар цэцэрлэгийг хоёр давхар болгож, багтаамжийг нь нэмэгдүүлнэ. Цэцэрлэгийн барилгыг зориулалтаар нь ашиглахгүй байгаа талаар надад мэдээлэл алга. Танаас л сонслоо. Энэ асуудлыг хотын даргад уламжилъя. Бидэнд “Барьсан цэцэрлэг байна. Худалдаад аваач” гэсэн санал ирдэг. Мөнгө нь алга. Ийм л учраас бид концессийн гэрээгээр барих гээд байгаа юм. Нураах 10 сургууль, цэцэрлэг, 72 сургууль, цэцэрлэгийн цогцолборыг концессийн гэрээгээр, Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 10 гаруй сургууль барихаар төлөвлөсөн. Ингэхээр хүний эзэмшилд байгаа барилгыг булаацалдахгүй, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэх, сургуулийг хоёр ээлжээр хичээллүүлэх боломж байна. “Говь” компани тэр барилгадаа өөрсдөө цэцэрлэг ажиллуулбал сайнсан.
-Өнгөрсөн жил олон сургууль, цэцэрлэгийн барилгыг царцаасан. Одоо “гэссэн” үү?
-Гэссэн гэж ойлгож болно. Царцаасан барилгуудыг энэ жил барихаар төсөвт тусгасан. Гэхдээ мэдээж барилгын тоо хэт олон, мөнгө бага учраас үлгэн салган үргэлжлүүлэх 130-140 обьект байна. Мөнгө хүрэхгүй тул энэ жил ч гэсэн дуусгаж чадахгүй. Уг нь төлөвлөсөн 10-20 барилгаа тухайн жилдээ барьж, ашиглалтад оруулдаг зөв төлөвлөлттэй байвал зүгээр. Царцсан шалтгаан нь барилгын ажлыг эхлүүлчихдэг, гэтэл үнэ өсдөг. Үнэ өссөний буруутан бол цаг хугацаа, буруу төлөвлөлт. Гэтэл үүнийг эзэнтэй болгох гэж оролддог. Яг эзнийг нь хайхаар УИХ-ын гишүүн Гантөмөр би өөрөө байдаг. Нэг тэрбум төгрөгийн барилгыг 100 сая төгрөгөөр эхлүүлж болдоггүйг амьдрал харуулж байна. Дараа жил нь нөгөө барилга нь 1.2 тэрбум төгрөгийн үнэтэй болчихдог. Ингээд удах тусам үнэ нь нэмэгдэж, мөнгөө төлж чадахаа больдог. Бас барьж байгаа компани нь дампуурах эрсдэлтэй.
-Таныг энэ албыг хашсанаас хойш хэчнээн сургууль, цэцэрлэг ашиглалтад оров?
-2013-2014 онд 162 цэцэрлэг, 43 дотуур байр, 34 спорт заал, 111 сургууль барьсан. Бид нийт 350 барилга хүлээн авчээ. Уг нь чамлахааргүй үзүүлэлт. Харамсалтай нь хуримтлагдсан асуудал их, Улаанбаатар хотын төвлөрөл саарахгүй, хуучныгаа буулгаж барихаас өөр аргагүй байдал нь бидэнд бэрхшээл учруулж байна. 1960-1970 оны үед барьсан, танай сургууль шиг ашиглалтын хугацаа дууссан, ээлжээ хүлээсэн барилга олон бий. Иймээс бид цаашдаа нэгдүгээрт, сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн менежмент, төлөвлөлт, технологид анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт, чанар. Дотроо хүүхэдтэй барилга нурдаггүй байх ёстой. Энэ бол тэргүүн зарчим. Гэтэл Тендерийн хуулиар бол хамгийн хямд, муу барилгыг нь авах хэрэгтэй болдог.
-Тусгай сургуульд сурах бичиг хангалтгүй байна. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Сурах бичгийг ид бүтээж байна. Манайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших үйл явцыг судалдаг хүн алга. Бидний нүдээр хөгжлийн бэрхшээлтэй харагдаж байгаа ч тухайн хүүхдэд таарсан аргыг нь олоод сургах юм бол зарим хүүхэд жирийн хүнээс ч хурдан сурч байна. Энэ бол арга, аргачлалын асуудал. Тиймээс бид хэд хэдэн шийдвэр гаргалаа. Нэгдүгээрт, энгийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд авсан сургуулийн багшид нэмэгдэл өгөх. Хоёрдугаарт, сурах бичгийн асуудлыг шийдэх ёстой. Гуравдугаарт, энэ чиглэлийн судлаачдыг гадагшаа явуулж, сургаж байна. Япон руу хоёр хүн сургахаар явууллаа. Бидний зорилго бол монгол хүүхэд бүрийг хөгжүүлэх. Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ.
-Тусгай сургуульд боловсон хүчний асуудал, тэр тусмаа мэргэжлийн согог зүйч багш байхгүй байна.
-МУБИС-д энэ мэргэжлээр элсэлт авдаг болсон. ОХУ-д жилд 5-10 хүүхдийг согог зүйчээр сургахаар бэлтгэж байгаа. Мөн жил бүр Японы Нагояагийн их сургуульд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээр МУБИС гэрээ хийж байна.
-Хүүхдийг төлөвшүүлэн, хөгжүүлдэг, сайн аав ээж болоход бэлтгэдэг, зөв дадал хэвшил суулгадаг хичээл бол эрүүл мэнд. Гэтэл өнөөдөр танд нууцгүй хэлэхэд, байгалийн ухаан, газар зүй гээд хэн дуртай багшид дутуу цагийг нь гүйцээхийн тулд энэ хичээлийг өгч байна. Магадгүй математикийн багш эрүүл мэнд зааж байхыг үгүйсгэхгүй. Энэ хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөс хасаж байгаа гэсэн үнэн үү?
-Эрүүл мэнд бол хамгийн чухал хичээл. Тиймээс хасахгүй. Хамгийн гол нь манай эрдэмтэн, мэргэжилтнүүдээс интеграц хүлээгдэж байна. Хүмүүс янз бүрээр цуурдаг. Иргэний боловсрол, уран зохиолын хичээлийг хасах гэж байна гээд. Бид өнөөдрийн эзэмшиж байгаа бүх хичээлийн агуулгыг үлдээнэ.
-Багшийг ажлын байранд нь хөгжүүлэх зорилгоор өмнөх сайдын үед биднийг нөүтбүүктэй болгоно гэж байсан ч биелсэнгүй. Олон багш энэ асуултыг танаас асуугаасай гэж бодож байгаа байх. Нөүтбүүкийн асуудал шийдэгдэх үү?
-Энэ жилдээ багтаан асуудлыг шийдэх зорилготой ажиллаж байна. Компани хоорондын маргаан, тендерийн будлианаас болоод хойшлогдсон. Үндсэндээ шийдлийг нь гаргасан. Хятадын Экспорт, импортын банктай хуучин Эдийн засгийн яам байхдаа гэрээгээ шинэчилж хийсэн. Одоо Сангийн яам, Хууль зүйн яамнаас ойлголцлын бичиг нааш, цааш болгох ажил бий. Мөн сургалтын орчныг шинэчлэх шаардлага байна. Алийн болгон шохойтой ноцолдох вэ. Бид 50 гаруй сургуулийг цахим самбартай болголоо. Цахим самбартай болгох төсөл цаашид амжилттай хэрэгжвэл багш нар мэдээллийн орчин үеийн технологи ашиглаж, хичээлээ сонирхолтой хэлбэрээр явуулах боломж гарна.
-Хүүхэд харах үйлчилгээний хууль юу болсон бэ?
-Удахгүй батлагдана. Энэ үйлчилгээ бол цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлыг нөхсөн, дэмжлэгийн хэлбэр гэж ойлгох хэрэгтэй. Зарим хүн сургуулийн өмнөх боловсрол хүүхэд харах үйлчилгээгээр солигдоно гэж эмээж байгаа. Тийм зүйл болохгүй. Гэртээ байгаа 20, 30 мянган хүүхдийн асуудлыг шийдэхэд энэ үйлчилгээ гарцаагүй хэрэгтэй.
-Өдөр өнжүүлэх бүлэг орон сууц, айл, подвальд гээд янз бүрээр л үйл ажиллагаа явуулах юм. Үүнд стандарт, хууль байдаг уу?
-Ер нь хүүхдийг хичээлийн бус цагаар сургах сургалт олон байх тусмаа сайн. Бид чөлөөт цагаа өнгөрөөх газар алга гэж үглээд байдаг. Тэр нь том стадион байх албагүй. Орон сууцанд теннисний клуб, шатрын дугуйлан ажиллаж, гэрээр төгөлдөр хуур зааж байх юм бол бид чөлөөт цагаа хэн нэгнээс яаж өнгөрөөх вэ гэж асуухгүй. Тиймээс өдөр өнжүүлэх болон сургалтын төвүүдийг стандарт гаргаж чангатгахаас илүү харин улам сулруулж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ингэвэл тэтгэвэрт гарсан багш нарт дахиад 10 жил ажиллах боломж байна.
-Сурах бичгийг БСШУЯ-наас I-V ангид 100 хувь, дунд, ахлах ангид 40 хувь олгож байна. Эцэг эхийн үүрэг оролцоог хэрхэн нэмэгдүүлэх вэ?
-Эцэг эхчүүд сурах бичиг худалдаж авдаг болно. Хэзээ вэ гэдэг нь л асуудал. Хоёрдугаарт, бид агуулгаа гаргаад хэвлэх компаниудыг ч гэсэн либералчилна. Яам мөнгө төлөөд хэвлүүлдэг биш хэвлэлийн компаниуд хоорондоо өрсөлдөж, бидний тавьсан агуулгын хүрээнд сурах бичиг үйлдвэрлэдэг болох юм бол зах зээл бий болно. Үүнд бага зэрэг хугацаа хэрэгтэй. Хэрвээ та анзаарч байгаа бол би юм хийхдээ хугацаа тавьж байгааг харж байгаа байх. Нэг дор бүгдийг бужигнуулбал шинэчлэл хийгдэхгүй. Бужигнаж байгаад унтарна.
-“Үдийн цай” хөтөлбөрийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Энэ хөтөлбөрийг цаашид хадгалж, чанаржуулах хэрэгтэй. Ер нь боловсрол, хүүхэд рүү хандсан үйл ажиллагааг аль болох хумихгүй байгаасай. 700 мянган хүүхэд байна гэж үзэж, нэг хүүхдэд дөрвөн сая төгрөгийн урсгал зардал төсөвлөхөд боловсролын салбарын төсөвт 2.5 их наяд орчим төгрөг шаардлагатай. Ингэвэл бид дэлхийн жишигт хүрэх юм шиг анзаарагддаг. Одоо бол 1.2 их наяд орчим төгрөг байна. Хоёр дахин нэмэх юм бол бидний ярьж байгаа бүх зүйл шийдэгдэнэ.
-Энэ онд боловсролын салбарын төсөв хэр танагдав. Ямар том бүтээн байгуулалт хийх вэ?
-Өнгөрсөн хугацаанд бариад эхэлсэн барилгуудаа ашиглалтад оруулахын төлөө ажиллана. Төсөв танагдаж байгаа. Гэхдээ бид шинэчлэл, хүүхэд бүрийг хөгжүүлэх орчин бүрдүүлэх бодлого тасралтгүй хэрэгжүүлнэ. Яагаад гэхээр та нарт тийм урам зориг, итгэл үнэмшил байна. Мөнгөнд баригдахгүй сайн ажиллана. Энэ оны дундуур багш нарыг орон сууцжуулах бодлого гаргахаар төр засгийн түвшинд ярьж байна. Хамгийн нууц төлөвлөгөөгөө танд задаллаа шүү.
-ШУА-ийг их сургуультай нэгтгэхийг би хувьдаа зөв гэж бодож байгаа. Та үүнийг хэрхэн хүлээн авч байна вэ?
-Шинжлэх ухааны байгууллагуудыг судалгааны ажлаас нь эхлээд төвлөрүүлэхээр зорьж байгаа. Бид цөөхүүлээ байна. Шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа 1500 хүн бол өөр улсын шинжлэх ухааны нэг хүрээлэнгийн хүний тоо байхгүй юу. Тэгэхээр манайх хэтэрхий тарамдаад, 20, 30-уулханаа байж, хүрээлэн гэж нэрлэгдээд, бүтээмж алга. Тиймээс судалгааны ажлаа, байгууллагаа ч төвлөрүүлж, томруулна. Яг өнөөдөр их сургуулийн хаяанд наах нь цаг хугацааны асуудал. Бид их сургуулиудаа эрдэм шинжилгээний байгууллага болгох төлөвлөгөө гаргаад, ажиллаж байна. Хоёр жилийн дараа их сургуулиуд хажуудаа шинжлэх ухааны ямар ч байгууллага байгуулах чадвартай болно. Тэр үед алийг нь ч авчраад, хаана ч нэгтгэж болно. Яг өнөөдөр автоматаар нэгтгэхэд сургуулийн хөгжилд гай болно. Их сургуулиуд хүрээлэнг өөрөө байгуулж эхлэх ёстой.
-Та гадаадад сураагүй бол энэ амжилтад хүрч чадах байсан уу?
-Чадахгүй байсан. Японд сурахаар яваагүй бол их сургуулиа ч төгсөлгүй наймаанд явах байсан болов уу. 1990 онд сурахаас илүү амьдралаа авч явах шаардлага байлаа. Миний хүүхэд байхаасаа сурсан зүйл бол хөдөлмөр. V ангиасаа цалинтай ажил хийсэн. Зүгээр байж чадахгүй хүнд 1990 оны амьдралыг харуулах юм бол шууд л ганзаганд явж таарч байгаа юм. Өдийд бол гайгүй хөрөнгөтэй наймаачин болчихсон, улс төртэй ойрхон байх байсан. Ямар ч гэсэн гадаадад сураагүй бол миний амьдрал өөр байх болов уу.
-Одоогийн хүүхдүүдийг юу гэж харж байна вэ?
-Гайхамшигтай. Бид л хүүхдүүдээ голоод байгаа болохоос дэлхийн шилдэг сургуульд 100-гаараа тэнцэж байна. Монголчууд хэзээ ч ийм байгаагүй. Манай үеийнхэн дэлхийн шилдэг 100 сургуульд юун тэнцэх, Японы хөтөлбөрт шалгалт өгөхөд тэнцдэг хүн ганц, хоёр л байлаа. Одоогийн хүүхдүүдийн чадвар, чадамж, сэтгэн бодож, өөрийгөө илэрхийлж байгаа нь өмнөх үеийнхэнтэй харьцуулшгүй илүү. Дэлхийн хэмжээнд сэтгэж байна. Сайхан ирээдүй бидэнд бий. Ганцхан хөдөлмөрлөх чадвараар дутуу. Тэгэхээр том хүн болж, нийгэмд хөл тавихад манай залуучууд хөдөлмөрлөх, тэмцэх чадвар дээрээ уначих гээд байна. Ирж яваа цагийн залуучууд дуртай ажлаа хийх хэрэгтэй. Дур нь хөдөлмөрлөх чадварыг сэргээж, бий болгодог. Тэгэхгүй бол одоогийн залууст амьдрахын тулд ажил хий гэвэл хэцүү дээ. Бараг бүтээмж гарахгүй.
-Танай хүүхдүүд ямар сургуульд сурдаг вэ?
-“Орчлон”, “Хобби” сургуульд сурдаг.
-Хувийн сургуульд шинэчлэл хэрхэн хэрэгждэг вэ?
-Яамнаас өгдөг байсан шүүхийн шийтгэл шиг төлөвлөгөөг өмнө нь хувийн сургуулиуд авдаггүй байсан. Тэд хүүхдэдээ таарсан төлөвлөгөө гаргаж, түүнийгээ захирал нь биеэрээ хамгаалдаг. Гэтэл манай улсын сургуулиуд ямар байсан бэ гэхээр багш нарт “Төдөн сарын төдний тэр цагт энэ хичээл л заана. Үүнийгээ яаж заасан тайлангаа өг” гэдэг байсан. Бидний хийгээд байгаа шинэчилсэн хөтөлбөр хувийн сургуульд арай эрт хийгдсэн. Гэхдээ хувийн сургуулийнхан одоо хөтөлбөртөө анхаарахгүй бол улсын сургуульдаа гүйцэгдэнэ. Яагаад гэхээр улсын сургуульд бид илүү боломж өгч байна. Манай найзууд “Хүүхдээ аль сургуульд өгөх вэ” гэж асуудаг. Би “Гэртэйгээ ойрхон улсын сургуульд өг” гэдэг.
-Та Монголынхоо их, дээд сургуульд хүүхдээ сургах уу?
-Сургаж болно. Гэхдээ манай хүүхдүүд миний үгээр сургуульд орохгүй. Манай Х ангийн охин Харвардад сурна гээд интернэтээр шалгалтад бие даан бэлтгэж байна. Би ямар ч багш авч өгөөгүй. Тэр хүүхдийг би МУИС, ШУТИС-д ор гэж хэлж чадахгүй. Аав, ээжээсээ мөнгө авалгүй их сургуулиа төгсөх хүсэлтэй. Манай хүүхдүүдэд нэг давуу тал байдаг. Ээж, өвөө, эмээгийнх нь хүмүүжил байх. Хувцас, тоглоомны араас хөөцөлддөггүй, өөрийгөө хөгжүүлэх зүйлийг л хийдэг. Би сайн аав биш. Гэхдээ би нэг л сайн туршлагатай. Хүүхдүүдээ өвөө, эмээтэй нь ойрхон байлгадаг. Тэр бол маш сайн сургууль. Үүнийг манай залуучууд ойлгох хэрэгтэй.
-Тантай ярилцах сайхан байлаа. Боловсрол гэдэг хөгжлийн тулгуур. Би боловсролын байгууллагад олон жил ажиллаж, өөрчлөлтийг их хүлээж байлаа. Энэ өөрчлөлтийг та эхлүүлсэн. Таны ажилд амжилт хүсье. Олон удаа сонгогдож, манай салбарыг тэргүүнийх болгож өгөөрэй.
-За баярлалаа.