УИХ-ын нэгдсэн хуралдаанаар ирэх оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр БСШУ-ны сайд Л.Гантөмөрт хандан “Хувийн сургууль цэцэрлэгт урсгал зардлын мөнгө өгдөггүй болсон юм уу? Үндсэн хуулинд суурь боловсролыг үнэгүй олгоно гээд заачихсан байгаа. Цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй байгаа үед энэ бол буруу шийдвэр шүү” гэв. Хариуд нь Л.Гантөмөр сайд “Хувийн сургууль, цэцэрлэгт урсгал зардал олгохгүй гэсэн ойлголт огт байхгүй. Хүмүүс буруу мэдээлэл авах вий. Ирэх жил 82 цэцэрлэг ашиглалтад орно. Тэдний урсгал зардлыг тооцож төсөвт оруулсан. Энэ дунд хэд хэдэн хувийн цэцэрлэг байга.” гэсэн юм. БШУЯ-наас сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах үүднээс олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Боловсролын салбарт өнгөрсөн нэг жилийн хугацаанд сургууль, цэцэрлэг, спорт заалны 102 барилга шинээр ашиглалтад оржээ. Мөн дан ганц байшин барихаас гадна хувийн цэцэрлэгүүдийн сул орыг гүйцэд ашиглах талаар тодорхой ажил эхлүүлээд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, цэцэрлэггүй үлдээд байгаа хүүхдүүдийг хувийн цэцэрлэгт бага зардлаар сургах боломжийг судалж байгаа гэнэ. Ингэхийн тулд хувийн цэцэрлэгт урсгал зардлыг олгодгийг хэвээр үлдээх нь нэн тэргүүний асуудал юм.