Иракийн баруун хойд, Сирийн зүүн хэсгийг эрхэндээ оруулаад байгаа исламын суннит урсгалын хэт үзэлт зэвсэгт бүлэглэлийнхэн эзэлсэн бүс нутагтаа халифат буюу исламын улс байгуулснаа зарлав. ISIS буюу Исламын Ирак ба Левантын улс нэртэй тус хөдөлгөөний гишүүд удирдагч Абу Бакр Аль-Багдадигаа мөн Халиф Ибрахим нэрээр дэлхийн өнцөг булан бүрт буй исламын шашинтнуудын удирдагчаар өргөмжилжээ. Тэд энэ тухайгаа цахим сүлжээнд байрлуулсан аудио бичлэгээр дамжуулан мэдэгдсэн бөгөөд исламын шашинтнуудыг өөрсөдтэйгөө нэгдэхийг уриалсан байна. “Исламын хатуу чанд хуультай халифат байгуулах нь жихад буюу ариун дайн өдөөгчдийн туйлын зорилго. Бид энэ зорилгодоо хүрлээ” хэмээн ISIS-ийнхэн дээрх бичлэгтээ онцолжээ. Энэ зуур Иракийн арми босогчдын гарт орсон хотуудыг хяналтандаа авах гэж тэмцсээр байна.
Нутгийн хойд хэсэгт орших Тикрит хотын орчимд гол тулалдаан болж байгаа аж. Иракийн эрх баригчид ОХУ-аас байлдааны таван онгоц худалдаж авснаас эхнийх нь өнгөрсөн ням гаригт Багдадад хүрчээ. Дайн байлдаанаас дүрвэж, Иракийн Курдистаны бүс нутагт хэдэн мянган хүн очоод байна. Тус бүс нутгийн удирдагч Массуд Барзани “Курдууд босогчдын эсрэг эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээгээд “Курдистаны ирээдүйг шийдэх түүхэн үе ирлээ” гэжээ. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мөн ийм бодолтой байгаа аж. Тэрбээр Иракийг аврахын тулд сөргөлдөгч талуудын дунд хэлэлцээ хийж, тус улсын газар нутгийг хуваах хэрэгтэй гэсэн байна. Тэрбээр Курдын тусгаар улс байгуулахыг санал болгоод, “Босогчдыг зөвхөн курдууд л зогсоож чадна” гэжээ. Харин Турк, АНУ зэрэг улс Иракийг хуваахыг эсэргүүцэж байна.
Г.ЛХАГВА