“Хятад улс хэчнээн хүч, нөлөөтэй болсон ч бусад улсад дээрэнгүй хандахгүй” гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин онцоллоо. Тэрбээр Энэтхэг, Мьянмарын эрх баригчдыг Бээжин хотод хүлээн авч уулзахдаа ийн тэмдэглэжээ. БНХАУ-ын хөрш зарим орон сүүлийн үед газар нутгийн маргаанаас болж тус улстай таагүй харилцах болсон. Тэдгээр улсын эрх баригчид Хятадын Зэвсэгт хүчний төсөв нэмэгдэж, зэр зэвсэг нь сайжирч байгааг өдөөн хатгалга хэмээн үзэж байгаа юм.
Харин харилцан гал нээхгүй байх, дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх тухай Энэтхэг болон тухайн үеийн Бирм улс болоод БНХАУын хооронд байгуулагдсан түүхэн гэрээний 60 жилийн ойг тохиолдуулж хэлсэн үгэндээ С.Зиньпин “Хятад улс хэзээ ч их гүрний дээрэнгүй бодлого баримтлахгүй. Ноёрхох, цэрэгжих үзэл бидний цусанд байхгүй. Бид хэзээд энхийг эрхэмлэх болно. Энэ нь бидэнд ч, Азид ч, дэлхий дахинд ч тустай” гэжээ. Тэрбээр мөн “Олон улсын харилцаанд нэг улс ноёрхох нь өнөө цагт байж боломгүй, үеэ өнгөрөөсөн зүйл” хэмээсэн нь хэдийгээр Хятадын хөрш орнуудад хандсан үг боловч цаагуураа АНУ-ыг “тоншсон” хэрэг гэж ажиглагчид үзэж байна.
С.Зиньпин цааш “Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалахад шинэ арга барил хэрэгтэй” гэсэн нь үүнийг нотолж буй хэрэг гэнэ. Учир нь АНУ-ын эрх баригчид Ази дахь байр сууриа алдахгүйн тулд ихэд хичээж байгаа бөгөөд Хятадтай газар нутгийн маргаантай буй улс орнуудыг илэрхий дэмжих болсон юм.
Г.ЛХАГВА