АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яам байрладаг Олон улсын гудамжийг хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн энхтайвны шагналт Лю Сяобогийн нэрээр Сяобогийн өргөн чөлөө нэртэй болгох талаар Америкийн Төлөөлөгчдийн танхим хэлэлцэхээр болжээ. Энэ санаачилгыг Виржиния мужаас сонгогдсон Конгрессийн гишүүн Фрэнк Уольф гаргасан байна.
Л.Сяобо нь зохиолч, шүүмжлэгч бөгөөд “Хятад орныг нээлттэй, ардчилсан болгохын төлөө 20 гаруй жил тэмцсэний учир” 2010 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Тэрбээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэгдэн 2009 онд 11 жил хоригдох ял сонсож, одоо ялаа эдэлж байгаа. АНУ-ын парламент иймэрхүү асуудлаар анх удаа хэлэлцэх гэж буй нь энэ биш. 1980-аад онд тухайн үеийн ЗХУ-ын ЭСЯ байрлаж байсан гудамжийг Вашингтон хотын захиргаа коммунист засаглалыг шүүмжлэгч, хүний эрхийн төлөө тэмцэгч Андрей Сахаровын нэрэмжит болгож байжээ.