БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унийг хөнөөх тухай Холливудын шинэ киног дэлгэцнээ гаргавал АНУ-д дайн зарлана гэдгээ тус улсын эрх баригчид мэдэгдлээ. Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэрхүү киноны нэр, уран бүтээлчдийг цохож дурдаагүй ч ирэх аравдугаар сард нээлтээ хийх “Ярилцлага” киног хэлсэн нь тодорхой юм. Жеймс Франко, Сет Роген нарын гол дүрд нь тоглосон уг адал явдалт, инээдмийн кинонд АНУ-ын Тагнуулын төв газрын нууц ажилтан болох хоёр сурвалжлагч Ким удирдагчаас ярилцлага авах нэрээр түүнийг хөнөөхийг завддаг тухай гарах гэнэ. Гэхдээ тэдний оролдлого амжилттай болох, үгүйг киноны уран бүтээлчид нууцалж байна.
Жүжигчин С.Рогений ярьснаар “Ярилцлага”-ын уран бүтээлчид Хойд Солонгосын өмнөх удирдагч Ким Чен Ирийн тухай кино хийхээр төлөвлөж байсан ч түүнийг 2011 онд нас барсны дараа зохиолоо өөрчлөн, киноны гол баатраар хүүг нь сонгожээ. Ким Жөн Уний дүрийг солонгос гаралтай, Америкийн жүжигчин Рандал Пак бүтээсэн аж. Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд “Манай удирдагчийн аминд халдах тухай кино гаргана гэдэг нь өдөөн хатгасан террорист ажиллагаа мөн. Америкчуудын солиорол ингэж туйлдаа хүрсэн нь манай ард түмэн, цэрэг дайчдын уур хилэнг бадрааж байна. Америкийн эрх баригчид энэ киног дэлгэцэнд гаргахыг зөвшөөрвөл бид өршөөлгүйгээр хариугаа авч, дайтах болно” гэжээ.
Тус улсын эрх баригчдын энэ удаагийн “хилэгнэл” алсын тусгалт пуужингийн технологио хойд солонгосчууд сайжруулж байгаа гэсэн мэдээлэлтэй зэрэгцэв. БНСУ-ын шинжээчид тус улсыг мөн байлдааны хөлөг онгоцны пуужин эсэргүүцэгчтэй болж байгаа тухай өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.
Г.ЛХАГВА