Холбооны засаглалыг дэмжигчид мягмар гаригт Украины армийн нисдэг тэргийг сөнөөж, есөн хүний амь хөнөөсний улмаас сөргөлдөгч талуудын дунд дөнгөж хэрэгжиж эхлээд байсан гал зогсоох тухай хэлэлцээр удахгүй хүчингүй болж магадгүй нь. Дээрх халдлагын дараа тус улсын Ерөнхийлөгч Петро Порошенко зүүн Украины босогчдыг “алан хядагчид” хэмээгээд “Дайны галыг намжаах учиртай гол хэлэлцээрийг тэд хүндэтгэсэнгүй. Энэ үйлдлийнх нь хариуд бид хэлэлцээрээ цуцалж ч магадгүй” гэж анхааруулжээ.
Харин Донецкийн бүгд найрамдах ард улс хэмээн босогчдын шинээр нэрлээд буй Донецк муж дахь ОХУ-ын талыг баримтлагчдын тэрг үүн Александр Бородай “Тийм хэлэлцээр анхнаасаа байгаагүй. Бид бууж өгөхгүй” гэж мэдэгдсэн байна. Зүүн Украины босогчид уг нь энэ баасан гариг хүртэл зэвсгээ хаяна гэж дээрх хэргийн өмнөхөн буюу даваа гаригт мэдэгдсэн юм. НҮБ-ын тооцоогоор өнгөрсөн дөрөвдүгээр сарын дунд үед Украины зүүн хэсэгт байдал хурцадсанаас хойш тус улсад 420 гаруй хүн амиа алдаад байна. Харин энэ мэдээлэлтэй зэрэгцэн ОХУ-ын Онц байдлын яамнаас амь үрэгдэгсдийн тоо 700-д хүрч, тус улсаас тусламж хүссэн украин дүрвэгсдийн тоо 14 мянга давсан гэж мэдээлэв.
Украины Ерөнхийлөгч П.Порошенко энэ баасан гаригт Европын холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна. Уг гэрээнд өнгөрсөн нэгдүгээр сард тэр үеийн Украины Ерөнхийлөгч Виктор Янукович гарын үсэг зурахаас татгалзсан нь тус улсад одоо үүсээд буй үймээн самууны эхийг тавьсан юм.
Г.ЛХАГВА