Египетийн шүүх даваа гаригт “Аль-Жазира” агентлагийн гурван сэтгүүлчид долоон жил хорих ял оноосноор тус улс хэвлэлийн эрх чөлөөнд халддаг орнуудын эхэнд бичигдэх болоод байна. Тус улсын хууль, хяналтынхан нэгэн цагт засгийн эрхийг барьж байсан ч одоо алан хядах бүлэглэл гэгдээд байгаа “Исламын ахан дүүс” хөдөлгөөнийхнийг дэмжсэн, Египетийн төр засгийн талаар нийтэд ташаа мэдээлэл түгээсэн хэмээн Австралийн иргэн Петер Грест, Канад-Египетийн иргэн Мухаммед Фами, Египетийн иргэн Бахер Мухаммед нарыг буруутгажээ. Тэд бүгд нэртэй сэтгүүлчид бөгөөд П.Грест нь Австралидаа хамгийн их танигдсан олон улсын тоймчдын нэг аж. Хэрэгт холбогдогчид болон тэдний ар гэрийнхэн, мөн “Аль-Жазира” тэргүүтэй мэдээллийн агентлагууд сэтгүүлчдэд оноосон ялыг улс төрийн сэдэлтэй гэж үзэж байна. Тиймээс саяхан төрийн тэргүүний тангараг өргөсөн Египетийн шинэ Ерөнхийлөгч Абдель Фаттах Аль-Сисигээс шүүх засаглалынханд шахалт үзүүлэхийг хүсчээ.
Египетийн шүүхийн дээрх шийдвэр “Исламын ахан дүүс” хөдөлгөөнийг нухчин дарах гэсэн шинэ эрх баригчдын “кампанит” ажлын нэг хэсэг юм. Зарим ажиглагчийн онцолж буйгаар энэ нь тус улсын гадаад харилцаатай мөн холбоотой бөгөөд дээрх хөдөлгөөний тэргүүн, Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсийг Катарын эрх баригчид дэмждэг нь сэтгүүлчдэд хатуу хандахад нөлөөлжээ. Учир нь “АльЖазира” Катарт байрлаж, тус улсын төрөөс санхүүждэг юм. Дээрх гурван сэтгүүлчийг өнгөрсөн арванхоёрдугаар сард баривчилж, таван сарын турш шүүсэн аж. Өмгөөлөгч талынхны хэлснээр шүүх хурлын үеэр сэжигтнүүдийн гэм буруутайг нотлох нэг ч эд мөрийн баримт, гэрчийн мэдүүлгийг танилцуулаагүй байна. Мөн өмнө нь дөрвөн жилээр төлөвлөөд байсан тэдний ялын хэмжээг эцсийн шийдвэр гарахын өмнөхөн тодорхой үндэслэлгүйгээр гурван жилээр нэмж, долоон жил болгосон гэнэ. “АльЖазира”- гийн сэтгүүлчдээс гадна Нидерландын нэг, Британийн хоёр чөлөөт сэтгүүлчид Египетийн шүүх 10 жил хорих ял оноожээ.
АНУ, Австрали, Их Британи, Нидерланд, Дани зэрэг барууны орнууд Египетийн Засгийн газарт шаардлага хүргүүлж, сэтгүүлчдийг суллахыг шаардаж буй бол цахим ертөнцөд “Сэтгүүл зүй гэмт хэрэг биш” нэртэй хөдөлгөөн өрнөөд байна. Энэ үгийг ганц өдрийн дотор 273 мянган хүн цахим сүлжээгээр тараасан бол #FreeAJStaff буюу “Аль-Жазирагийн ажилтнуудыг сулла” хэмээх чагттай мессежийг твиттерт 70 мянга гаруй хүн цааш жиргэжээ. Тэдгээр жиргээчийн дунд Ларри Кинг нарын нэртэй сэтгүүлчид байгаа аж. Сэтгүүлчдийг суллахыг шаардан, Лондон хотын төвд хэдэн зуун сэтгүүлч, сурвалжлагч эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан байна.
Г.ЛХАГВА