Сөргөлдөгч талуудын дунд яриа хэлэлцээр хийнэ гэсэн баталгаа гаргавал Украины эрх баригчдын санал болгосон энхийн төлөвлөгөөг дэмжинэ гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдлээ. Тэрбээр холбооны засаглалыг дэмжигч, зүүн Украины иргэдэд шударга хандахыг тус улсын талаас хүсээд, Ерөнхийлөгч Петро Порошенкогийн санаачилсан гурван долоо хоног хэрэгжих гал зогсоох тухай тогтоолыг тулган шаардлага биш гэдэгт итгэж байна гэжээ. Хэдийгээр гал зогсоох тухай тогтоол хэрэгжиж эхэлсэн ч Украины зүүн хэсэгт байдал хурцадмал хэвээр байна.
Сүүлийн мэдээгээр хилийн зургаан цэрэг шархадсан бөгөөд босогчид өөрсдийнх нь баталсан гал зогсоох тухай тогтоолыг Украины армийг өмнө нь зөрчсөн гэж үзэж байгаа юм. Гал зогсоох тухай тогтоол хэрэгжиж эхлэхтэй хамт АНУ Украин дахь Оросын талыг баримтлагчдын хөрөнгийг битүүмжлэх, гадаад руу зорчихыг нь хориглох, санхүүгийн ямар нэгэн үйлчилгээ үзүүлэхг үй байх тухай шинэ хориг баталжээ. Европын улсууд мөн ОХУ-ын эсрэг шинэ хориг батлах талаар хэлэлцэж эхлээд байна. Украины Ерөнхийлөгч П.Порошенкогийн санаачилсан энхийн төлөвлөгөөнд орон нутгийн засаг захиргаанд илүү эрх мэдэл олгох, орон нутгийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах, ОХУ-Украины хилийн дунд 10 км үргэлжлэх, цэрэггүй бүс байгуулах зэргийг тусгасан юм.
Харин төлөвлөгөөг эсэргүүцэгч, холбооны засаглалыг дэмжигчид армийн алба хаагчид орос иргэдийн эсрэг буу шагайхаа больж, зүүн мужуудаас гарсан тохиолдолд зэвсгээ хаяж, энхийн хэлэлцээнд оролцож болох юм гэсэн шаардлага хүргүүлээд байна.
Г.ДУЛАМ