Хэдхэн жилийн өмнө Зүүн өмнөд Азийн хамгийн амгалан, хамгийн бэхэжсэн ардчилалтай улс гэгдэж байсан Тайланд орон 1932 оноос хойш 12 дахь удаагаа цэргийн дэглэмтэй болоод буй. Ийм үед түүхээс сургамж авах нь чухал юм. Хэдийгээр олон зүйлээрээ өөр ч гэсэн орчин цагийн түүхэн замнал нь Тайландтай төстэй, сургамж авч болох нэг улс бий. Тэр бол Турк. Газар нутгийн хувьд бие биеэсээ хол орших энэ хоёр улсын нэг нь өдий хүртэл хаант засаглалтай байгаа бол нөгөө нь бараг зуун жилийн өмнө бүгд найрамдах улс болсон. Гэхдээ хаанаа тахин шүтэх тайчуудын сэтгэлийг Мустафа Кемал Ататуркээ дээдэлдэг туркчүүдийн хүндлэл бишрэлтэй адилтгаж болох юм. Энэ хоёр эрхэмд элитүүд болон хот суурин газрын бэл чинээтэй иргэд талтай хандах нь илүү бөгөөд нийгмийн тэргүүлэх давхаргыг бүрдүүлдэг тийм хүмүүс цэрэг армийнхантай хэдийнээс ойр дотно харилцаатай байжээ.
Өнгөрсөн зууны сүүлчээр энэ хоёр оронд эдийн засаг, нийгмийн асар том өөрчлөлт, шинэчлэл явагдаж, хотжилт эрчээ авсан. Туркт 1950- иад онд аж үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж Истанбул, Анкара зэрэг том хотууд бий болсон бол Тайландад нутгийн зүүн хойд хэсгээс нийслэл Бангкок руу шилжин суурьшигчдын урсгал өнөө ч тасрахгүй байна. Энэ хоёр улс өөр өөрсдийн бус нутагтаа бие даасан шинжээ хадгалан үлдэж, колоничлогчдын хөлд өртөөгүй гэдгээрээ мөн төстэй. Эл онцлог нь ардчилал, хөгжил дэвшилд хүргэсэн гэж үзэх хүмүүс бий. Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн нам хэдийгээр исламын үзэл баримтлалыг чигээ болгосон, тус улсын түүхэн дэх магадгүй сүүлчийн гол нам байж мэдэх ч дунд давхаргынхны эгнээнд шинээр нэгдсэн хүмүүсээр дэмжигчдийнхээ эгнээг тэлснээрээ Тайландын Пиа Тай намтай адилхан юм. Энэ хоёр нам популист бодлого баримтлахын зэрэгцээ иргэдэд улс төр, эдийн засгийн эрх мэдлийг бодитойгоор шилжүүлж чадсан гавьяатай. Үр дүнд нь уламжлалыг эвдэн, байр сууриа олж чадсан, үнэнч дагалдагчидтай, элитүүдийн эсрэг зогсож зүрхлэх эрчтэй удирдагчид төрөн гарсан. Тийм удирдагч нь Тайландад Пиа Тай намыг байгуулсан Таксин Чинават бол Туркт, Шударга ёс, хөгжлийн намыг үндэслэгчийн нэг Режеп Таийп Эрдоан юм. Гэхдээ Р.Эрдоаныг “төрүүлэх” хүртлээ Турк улс цэргийн хэд хэдэн эргэлтийн ард гарчээ. Шүүх засаглал нь хүртэл улс төрд оролцож, нам хөдөлгөөнүүдэд хориг тавих ч удаа байв. Тэр гинжин хэлхээг таслахын тулд Туркийн эрх баригчид гаднаас хариулт эрсэн нь Европын холбооноос олджээ. Тус холбоонд нэгдэх бодол нь эдийн засаг, улс төрийн шинэчлэлд хөтөлж, Туркийн төрийн тогтолцоог илүү ардчилсан болгосон гэдэг.
Улс орноо Европын замналаар хөгжүүлэхийг хүссэн олон нийтийн дэмжлэг цэргийнхний нөлөөг бууруулж, Шударга ёс, хөгжлийн намыг 2002 онд засгийн эрхэнд гаргажээ. Тэр цагаас хойш Туркийн улс төрийг “эрүүлжсэн” гэж үздэг. Гэхдээ цэргийнхэн зүгээр суугаагүй бөгөөд 2007 онд тус намаас Ерөнхийлөгчид дэвшүүлсэн Абдулла Гюльд хориг тавихыг оролдож, парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулсан ч Р.Эрдоаны нам дахин ялсан юм. Харин 2008 онд Үндсэн хуулийн цэц нь эрх баригч намд мөн хориг тавихыг завдаж, шинэчлэлийг эсэргүүцэж буйгаа ил тод илэрхийлж байв. Гези цэцэрлэгт хүрээлэнгийн хэргээс болж дэгдсэн үймээн самуун, саяхан болсон Сомагийн уурхайн осол зэргийг улстөржүүлэх хандлага ч армийнхнаас гарчээ. Гэвч тэд засгийн эрхийг авах гэж одоо улайрахааргүй болж байна. Учир нь ард иргэдийн олонх нь цэргийн дэглэмийг эсэргүүцэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зоригтой болж, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн аливаа өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх нь өөр болсныг тэд мэдэх болсон. Үүнээс жишээ авч үзэхэд тайландчуудын дундах нийгмийн ялгаа, улс төрд хандах уламжлалт байр суурь одоо үүсээд байгаа нөхцөл байдалд хамгийн их нөлөөлсөн байх талтай. Т.Чинават 2006 оны төрийн эргэлтээр засгийн эрхээс буусан ч түүнийг дэмжигч улаан цамцтанууд одоо хүртэл гудамж, талбайд жагссаар байгаа нь бодит байдалтай эвлэрэхийг хүсэхгүй байгаатай нь холбоотойгоос гадна, хамгийн гол нь эдийн засаг, нийгмийн тэгш бус байдал дунд давхаргынхан болоод хөдөө орон нутгийнхны улс төрийн боловсролд тээг саад болж буйгаас үүдэлтэй юм. Туркийн түүхээс санаа авч эдийн засаг, гадаад харилцаандаа анхаарч чадвал Тайландын төр засаг цэргийнхний гараас мултарч чадна.
Г.ЛХАГВА