Нутгийн зүүн хэсэгт хяналтаа тогтоогоод байгаа, ОХУ-ыг дэмжигч босогчдоос улс орноо хамгаалахын тулд Украины Засгийн газар зүүн хилийнхээ дагуу Берлиний ханатай төстэй өндөр хана барих хэрэгтэй гэсэн саналыг тус улсын тэрбумтан Игорь Коломойский гаргажээ. Тэрбээр ОХУ-тай залгаа Украины 1900 гаруй км урт хилийн дагуу ган суурьтай, цахилгаан сэрүүлэг, мина илрүүлэгч бүхий 1.8 метр өндөр чулуун хана барихад хувиасаа 136 сая ам.доллар гаргахад бэлэн гэнэ.
“Форбес” сэтгүүлийн тооцоогоор 1.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй И.Коломойский “Оросуудыг Украины гадна байлгах” ханын төслийг Ерөнхийлөгч Петро Порошенкод удахгүй өргөн барих аж. “Төслийг ойрын хугацаанд баталчихвал ханыг энэ онд багтаан ашиглалтад оруулах боломжтой” гэж тэрбээр ярьсан байна.
Украины Үндэсний аюулгүй байдлын албаны тооцоогоор ОХУ-ын 16 мянган цэрэг Украины хилийн орчимд, 22 мянган цэрэг Крымийн хойгт, 3500 цэрэг Украинаас баруун зүгт орших Молдавын Транснистрийн бүс нутагт байрлажээ. Энэ мэдээллийг Оросын тал үгүйсгэж байгаа юм.