Ирак орон дахин үймээн самуунд нэрвэгдэж, иргэний дайны ирмэгт ирээд байна. Энэ удаагийн эмх замбараагүй байдал, шашин хоорондын зөрчил 2003 онд АНУ-ын Зэвсэгт хүчин тус улс руу халдсанаас хойших гурав дахь удаагийнх юм. Одоогийн хямрал юунаас болов? Энэ нь Ойрхи Дорнод болоод олон улсад ямар нөлөөтэй вэ? “Оросын дуу хоолой” олон улсын радиогийн тоймчид Шинэ Дели хот дахь Олон улсын батлан хамгаалахын бодлого судлал, дүн шинжилгээний хүрээлэнгийн доктор Мина Сингх Рой, Их Британи дахь араб хуульчдын холбооны тэргүүн, Иракийн хуульч Сабах Аль-Мухтар нартай энэ талаар ярилцсаныг хүргэе.
Нури Аль-Маликийн, шийт голдуу шашинтнуудаас бүрдэх Засгийн газар энэ удаа хэт үзэлт суннит босогчдын Ирак, Левантын исламын улс (ISIS) хэмээх “Аль-Каида”-гийн “охин” хөдөлгөөнтэй тулаад байна. 2006 онд Н.Маликийг засгийн эрхэнд гаргасан ч Иракийн төрийг эмхлэх ажлаа дутуу орхин 2011 онд тус улсаас цэргээ татсан АНУ одоогийн хямралаас зай барихыг хичээж байгаа. “Бидэнтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ нотлох ямар нэгэн төлөвлөгөө иракчууд боловсруулаагүй цагт Америкийн Зэвсэгт хүчин Иракийн нутагт цэргийн ажиллагаа явуулахгүй” гэж Барак Обама мэдэгдсэн.
Харин дараахан нь тус улсын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгел болзошгүй аюулд бэлэн байхын тулд Персийн булан руу байлдааны хөлөг онгоц тээвэрлэгч, Ирак руу армийнхаа 300 орчим алба хаагч илгээхээр болсноо дуулгасан юм. Одоо үүсээд буй нөхцөл байдалд Н.Маликийг буруутгах хүн олон байна. АНУ болон барууны орнууд дахь түүний түншүүд хүртэл Иракийн Аюулгүйн албыг өөрийнхөө тойрон хүрээлэгчдээс бүрдүүлсэн, суннит шашинт цөөнх үүдийг зохион байгуулалттайгаар хавчих болсон хэмээн түүн рүү чичих болов. Харин зарим шинжээч Ирак орныг Саудын Араб, Иран хоорондын зөрчлийн талбар боллоо гэж үзэж байна.
Мина Сингх Рой: ИСЛАМЫН ЕРТӨНЦ ДЭХ ҮЗЭЛ СУРТЛЫН ДАЙН ЭХЭЛЖ БАЙНА
-Одоогийн хямралд Сирийн дайн багагүй нөлөөлс өн нь хэнд ч тодорхой байгаа. Харин суннит босогчид яагаад заавал энэ үеийг сонгов?
-Иракийн эргэн тойронд идээ бээр шиг буглаад байсан олон таагүй явдал нэг шугаманд огтлолцож, ийм байдалд хүргэлээ. Сирийн иргэний дайн даамжирч, хэн ялж, хэн нь ялагдаж байгаа нь тодорхойгүй байдал үүссэн нь Иракт хамгийн их нөлөөлсөн. ISIS хөдөлгөөн 2013 оны дөрөвдүгээр сард байгуулагдсан. Удирдагч Абу Бакр Аль-Багдади нь Иракт дахь “Аль-Каида”-гийн идэвхтэй гишүүн байсан. Тэгэхээр босогчид Сирид юу хүссэнээ хийж, Ирак орон америкчуудаас чөлөөлөгдсөн энэ үеийг тэр яагаад ч алдахгүй. Сирийн байдал хурцдаж, зэвсэг барьсан хэт үзэлтнүүд нэмэгдсэн нь Ирак дахь суннит, шийтүүдийн хагарлыг ил болгосон. Ийм эгзэгтэй үед америкчууд цэргээ яаран татсан нь бүх зүйлийг хяналтаас гаргачихлаа.
-Жихад буюу Ариун дайн өдөөхийг хүсэгчид стратегийн бие даасан бодлоготой байх нь ховор. Тэднийг ердөө “хэрэгсэл” болгон ашигладаг гэдэг. Харин ISIS-ийн тухайд ард нь байгаа тодорхой нэг хүчнийг та нэрлэж чадах уу?
-Үүнд хариулт олох хэцүү. Гэхдээ Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Асадын дэглэмийг дэмжих, эсэх асуудлаас болж суннит шашинтай орнуудын дунд талцал үүссэн нь исламын хэт үзэлтнүүдийг хүчтэй болгосон. Сирийн хөрш зарим улс Асадыг төрийн эрхээс буулгахын тулд түүний эсрэг тэмцэнэ гэсэн хэнийг ч зэр зэвсгээр хангаж байгаа.
-Тэгэхээр одоо үүсээд байгаа хямралыг та гаднынхны нөлөө, өөрөөр хэлбэл Саудын Араб, Иран зэрэг улсын Сирид хандах хандлагаас үүдэлтэй гэж үзэж байна уу?
-Тийм ээ. Энэ бол зөвхөн Иракийн ч бус, исламын ерт өнц дэх үзэл суртлын дайн, шашны урсгал хоорондын тэмцэл газар авсны дохио. Шийт, суннитуудын хэн нь Ойрхи Дорнодод ноёлох нь Ирак хэний гарт орохоос шалтгаална. Магадгүй, энэ бүхний эцэст Ирак орон хоёр хуваагдаж ч мэдэх юм.
Сабах Аль-Мухтар: ЭНЭ ХЯМРАЛ ШАШИН ХООРОНДЫН ЗӨРЧИЛ БИШ
-Ирак дахь шашны зөрчил хэзээнээс эхтэй вэ. Н.Малики зөрчлийг дэвэргэсэн гэдэгтэй та санал нийлэх үү?
-Иракийн дотоодын хагарал, зөрчлийн талаар ярихаас өмнө энэ улсыг гаднынхан эзлэн түрэмгийлээд зогсохгүй ард иргэдийг нь талцаж, хагаралдуулдаг болгосон гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Британийн эзэнт гүрний эзэмшил байсан 1920- иод оноос эхлээд 2003 оны америкчуудын түрэмгийлэл хүртэлх Иракийн түүхийг харахад энэ тодорхой байдаг. Иракийн төр засагт нийгмийн анги давхарга, шашны урсгал, бүлэг, яс үндэс тийм ч чухал байгаагүй. Харин ийм хандлагыг 2003 оноос америкчууд бий болгосон. Тэд өөрсд өд нь талтай хүмүүсийг дэмжих болсноор курд, арабууд, шийт, суннитууд, Христ, исламын шашинтнууд зэргээр талцал үүсгэсэн. Америкчууд үүнийг маш чамбай хийсэн байдаг. Тэр бодлогынхоо хүрээнд Маликийг томилсон. НҮБ-д АНУыг төлөөлж байсан Залмай Халилзад түүнийг сонгосон юм шүү дээ. Малики одоо засгийн эрхийг бариад зургаан жил болж байна. Энэ хугацаанд шашнаар ялгаварлах үзлээ баримталсаар ирсэн. Иракт хэн нь олонх, хэн нь цөөнх талаар би тодорхой зүйл хэлмээргүй байна. Хэн ч бай төрийн бодлогоос болж нийгэмдээ гадуурхагдсан бол хариу үйлдэл үзүүлэх нь аргагүй.
Өнгөрсөн жил Иракийн баруун, хойд нутгийн иргэд тэгш эрх хүсэж, тайван жагсаал хийсэн. Үүнийг олон улс анзаараагүй. Харин эрхийнхээ төлөө дуугарсан хүмүүсийг Малики яасан гэж бодож байна? Хавижа, Фаллужа, Мосул хотод иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэж, олон зуун хүнийг хөнөөсөн. Эцэст нь, эгэл борчууд зэвсэг барин босож, хэт үзэлтнүүдтэй нэгдсэн нь энэ. Барууны хэвлэл мэдээллийнхэн үүнд тун өрөөсгөл хандаж, одоо болж буй бүхнийг буруу номтнуудын балмад танхай явдал гэж нэрлэж байна. “Аль-Каида”, ISIS-ийнхэн одоогийн хямралыг өдөөсөн үү гэвэл тийм. Гэхдээ Зэвсэгт хүчний хуучин тэргүүн нараар ахлуулсан Мосул, Тикрит, Фаллужа, Рамади хотын иргэд тэднээс түрүүлж Засгийн газрын эсрэг боссон гэдгийг дахин онцолъё. Энэ бол зөвхөн шашин хоорондын зөрчил биш, харин дарлагдсан ардын тэмцэл. Америкчуудын өчнөөн олон тэрбум доллараа зарцуулсан Иракийн армийн 80 мянган цэрэг ганц ч буун дуу гаргалгүйгээр нисдэг тэрэг, танк, их буу гээд хамаг байдгаа хаяад сүүлээ хавчаад зугтсан нь үүний нотолгоо. Хэвлэлийнхний бичээд байгаа шиг хэт даврагсад л хот суурингуудыг түйвээгээд яваа бол тэд ингэж зугтахгүй шүү дээ.
-Америкчуудыг цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөж байх үед, 2003 оны эхэнд хэрэв гаднынхан Ирак руу халдвал дотоодын зөрчил газар авна гэсэн таамаг байсан. Тэр үеийг одоо санаж байгаа шинжээчид “Америкчуудын бодлого хэрэгжиж байгаа нь энэ. Тэд анхнаасаа Иракийг хагалан бутаргахыг бодсон” гэж ярьж байна.
-АНУ-ын эрх баригчид арай ч тийм зүйл бодоогүй байх. Гэхдээ стратегийн бодлогоос гадна санаснаа гүйцэлдүүлэх гэсэн болхидуу арга байсан байж болох юм. Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр одоогийн хямрал Америкийн түрэмгийллээс болоогүй, харин ч болох нь тодорхой байсан зүйлс Иракт өрнөж байна гэж хэлсэн. Түүний үзэж буйгаар Сирид юу ч хийж чадахгүй байгаа нь л барууны орнуудын ганц буруу гэнэ. Би үүнтэй санал нийлэхгүй. Иргэдийнх нь бодол санаа, төрийнх нь бодлого, хэрэгжилт, баримт бичиг, үг, үйлдэл гээд Иракт хандсан барууны орнуудын бүх л үйлдэл энэ хямралд хамаатай. Тэд өөрсдөө энэ тухай мэдэж л байгаа. Барууныхан, тэр дундаа америкчууд огт мэдэхгүй газар руугаа дэмий явсных нь гор одоо гарч байна. Америкчууд улс орноо ч сайн мэддэгг үй хүмүүс шүү дээ. Тийм байж бусдын соёл, шашин шүтлэгийг яаж ойлгох вэ.
-АНУ одоо юу хийх бол. Америкчууд Иракаас ер нь юу хүсэж байна?
-Тэдний зорилго тодорхой. Нэгд, газрын тосонд шунаж байгааг нь бүгд мэднэ. Хоёрт, бүс нутаг дахь Израилийн ашиг сонирхлыг хамгаалах. Гуравт, өөрсдийнх нь эсрэг байж мэдэх хөдөлг өөн үүдийг Араб даяар таслан зогсоох. Өөр олон зорилго бий ч үндсэн гурав нь энэ. Ирантай хэзээнээс л таагүй харилцах болсон Америк, Европын эрх баригчид Иракийг иранчуудын эсрэг ашиглах бодолтой.
-Харин Сирийн асуудалд яаж хандах бол?
-Сири рүү мэдээж шуудхан халдаж чадахгүй. Асадын дэглэмийг унагаж, төвийг сахьсан засаг Сирид тогтох нь барууныханд ашигтай. Тэгээд ч Ойрхи Дорнодод хэрэгжүүлдэг АНУ-ын бодлогын цөм нь Израиль байсаар ирсэн. Арабууд уу, Иран, Турк, Израиль уу гэсэн асуултаар тэдний бодлого хэмжигддэг. Тэднээс хамгийн чухал нь Израиль. Гэтэл Сири улс Израильтай хил залгаа хэрнээ энэ улсыг хүлээн зөвшөөрөхгүй байх байр сууриа өдий болтол өөрчлөөгүй цөөхөн улсын нэг. Барууны орнууд Асадыг Муаммар Каддафи, Саддам Хуссейн нартай харьцуулж, түлхэн унагахыг дэмжиж байгаа нь цаанаа ийм учиртай гэж бодож байна.
Г.ЛХАГВА