Ирак, Сири, Ливи, Афганистан, Украин зэрэг гадаад улс орнуудад дэгдсэн иргэний дайн, үймээн самуунд америкчуудыг анхаарал хандуулах зуур Цагаан ордныхны санааг нэг зүйл зовоох болсон нь бага насны хүүхдүүд АНУ-ын өмнөд хилийг зөрчих нь нэмэгдсэн явдал гэнэ. Энэ нь Барак Обамагийн өмнө тулгарсан, дотооддоо шийдэх хамгийн том асуудал болоод байна. 2013 оны санхүүгийн жилд АНУ-ын Хилийн харуулын албаныхан хил давахыг завдсан гэх насанд хүрээгүй 38833 хүүхэд баривчлан саатуулсан нь 2012 оныхоос 59, 2011 оныхоос 142 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин энэ оны эхний таван сарын байдлаар энэ тоо хэдийнэ 47 мянгыг давжээ. Ирэх аравдугаар сарын сүүлчээр буюу энэ санхүүгийн жилийн төгсгөл гэхэд эл тоо 60 мянгад хүрэх тооцоо гараад байна.
“Mother Jones” сэтгүүл, “New York Times” сонины тоймчдын тодорхойлсноор Төв болон Өмнөд Америкийн орнуудад ядуурал, гэмт хэрэг газар авсан, Мексикээс АНУ руу дүрвэсэн түрүү үеийнхний үр хүүхдүүд том болж, эцэг эхдээ очихоор хил давах нь нэмэгдсэн зэрэг хүчин зүйл энэ гэнэтийн өсөлтөд нөлөөлсөн гэнэ. Гэхдээ цагаач хүүхдүүдийн 80 орчим хувь нь Гондурас, Гватемал, Сальвадорын уугуул байгаа нь тэднийг ердийн цагаачид бус, харин хар тамхины бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэргээс зугтах гэсэн “улс төр”-ийн дүрвэгсэд болон хувиргаж байна. Амь насаа дэнчинд тавин байж хил давахыг завдах бага насныхны тоо өссөнд насанд хүрээгүй цагаачдыг “харж үзнэ” гэсэн Б.Обамагийн бодлого нөлөөлсөн гэж зарим ажиглагч таамаглажээ. 2007 оноос хойш АНУ-д амьдарсан цагаачдаас тодорхой шалгуурт нийцэх хүмүүсийг бичиг баримтжуулна гэж Цагаан ордны тэргүүн амлаад байгаа. Энэ нь “Хууль бус цагаачид аа, тавтай морил” гэсэн үг боллоо гэж түүнийг шүүмжлэгчид үзэж байгаа юм.
АНУ-ын Эрүүл мэнд, олон нийтийн үйлчилгээний яамнаас өнгөрсөн онд цагаач хүүхдүүдэд зориулан нийт 2.28 тэрбум ам.долларын өртөг бүхий 80 гаруй түр байр барьсан нь одоо хаанаа ч хүрэхээргүй болжээ. Нэгэнт аврал эрэн Америкийн нутагт хөл тавьсан хүүхдүүдийн хоол хүнс, байр сууц, тээврийн асуудлыг шийдвэрлэхэд багаар бодоход дахин 1.4 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж албаныхан тооцоолж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л зөвхөн Аризона мужийн нутаг руу 700 хүн хил зөрчин нэвтэрсний тэн хагас нь 17-оос доош насныхан байсан гэнэ. “Хүмүүнлэгийн хямрал” гэж Америкийн албаныхны нэрлэж буй энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхгүй бол Б.Обамагийн Засгийн газар “улс төрийн түгжрэл”- д орно гэж “Washington Post” сонинд бичжээ.
Г.ЛХАГВА